Тавантолгойн хувьцаанаас иргэд 20 хувийг эзэмших тогтоолын төслийг УИХ-ын гишүүд өргөн барив

УИХ-ын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ‘’Таван толгойн нүүрсний орд’’-ыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Х.Жекей, Д.Хаянхярваа болон нэр бүхий гишүүд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан юм.

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь болон гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөлд заахдаа, ‘’УИХ-аас гаргасан 39 дүгээр тогтоолд 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил хэмжээгээр нэрлэсэн үнээр Таван толгойн хувьцааны 10 хувийг худалдахыг заасан байдаг.

Гэвч тухайн заалт  улс орны эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай болгож байна гэж үзсэн байна. Иймээс  аж ахуйн нэгжүүдийг байгуулагдсан он, сар, өдрөөр нь ялгаварлан хувьцаа эзэмшүүлэхээр заасан нь шударга бус учраас улсын төсөвт их хэмжээний татвар төлдөг, олон мянган ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдэд бодлогоор тэгш хандах хэрэгтэйг тогтоолын төсөлд заасан байна.

Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр болон нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөлд онцлохдоо, ‘’Эрдэнэс Таван Толгой’’ төрийн өмчит ХК-ний хувьцааны 10 хувийг эхний ээлжинд Монгол Улсын иргэн бүрт адил тэнцүү хэмжээгээр, түүнчлэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр худалдах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын төсөлд заасан байдгийг өөрчлөн, иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх хувьцааны хэмжээг 10 биш, харин 20 хувь болгон нэмэгдүүлэх саналыг тусгажээ.

Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэхэд хэзээ байгуулагдсан эсэхийг харгалзан 39 дүгээр тогтоолд заасан байсныг хүчингүй болгох саналыг нэмж оруулсан байна. Ингэснээр манай улсад албан ёсны бүртгэлтэй 50 мянга гаруй аж ахуйн нэгжид ялгаваралгүй хандах эрх зүйн орчин бүрдэхийг тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд хэлж байлаа.

Мөн энэ өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ‘’Монгол Улсын Шүүхийн тухай’’ хуулийн төсөл болон ‘’Шүүгчийн эрх зүйн байдлын тухай’’, ’’Эвлэрүүлэн зуучлалын тухай’’, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай’’ хуулийн төслүүдийг тус тус өргөн барилаа.

Шүүх эрх мэдлийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх зорилго, зорилт байгаа бөгөөд шинэчлэлтийг хийснээр Монгол Улсын Үндсэн Хуульд заасан нийгмийн харилцааг журамлаж, шүүхийн-эрх зүйг бүрэн утгаар бий болгоход чиглэсэн хуулийн зохицуулалтыг бий болгож чадна гэж хуулийн төсөлд дурдсан байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ”Шүүхийн тухай хууль” нийгмийн хөгжил, салбарын эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас шүүхийн институтыг бэхжүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, олон бодлогын зохицуулалтын асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих