Нислэг цуцлагдаж байгаагаас зорчигчид явж чадахаа байв

Аялал жуулчлалын оргил ид үед Солонгосын талаас МИАТ-ийн нэмэлт нислэгийг тодорхой бус шалтгаанаар зогсоогоод байгаа. Жуулчдын тоо ид хахаж байгаа эрэлттэй үед нэмэлт нислэгийг зогсоосноос болж Монголын агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт эдийн засгийн томоохон асуудал үүсээд байна. Өнгөрсөн лхагва, пүрэв гаригт Улаанбаатараас Сөүлийн чиглэлд хуваарьт нислэгээс гадна нэмэлт нислэг үйлдэх ёстой байсан ч БНСУ-ын талаас нислэг үйлдэх эрхийг нь гэнэт цуцалснаас болж зорчигчид төлөвлөсөн хугацаандаа явж чадаагүй. Тухайн үед тэдгээр зорчигчдыг МИАТ-ийнхэн хуваарьт нислэгтээ шингээж багтаан арайхийн энэ хоёр өдрийн нислэгээ зохицуулаад өнгөрсөн. Зуны улиралд Солонгосоос ирэх гадаад, дотоодын зорчигчид олширдог. Ямар сайндаа ирэх есдүгээр сар хүртэл билет олдохгүй ядаж байхад Солонгосын талаас нислэгийн тоог хумих бодлого барьж монголчуудыг шахаж эхэлжээ. Өчигдөр гэхэд хуваарийн дагуу Улаанбаатараас Сөүлийн чиглэлд нэмэлт нислэг үйлдэх товтой байсан ч цаанаас зөвшөөрөл ирээгүй тул товлосон цагтаа нисч чадсангүй. Баяр наадам дөхөж жуулчид Монголд ирдэг аялал жуулчлалын оргил үед зориудаар нислэгийг хааж байна гэж МИАТ-ийнхэн ил тод мэдэгдсэн байгаа. Сарын өмнөхөн Солонгосын Шударга өрсөлдөөнийг зохицуулах газраас МИАТ-ийн Сөүл дэх салбарт гэнэтийн шалгалт оруулж баримт бичгүүдийг нь шалгасан. Чингэхдээ Сөүл дэх МИАТ-ийн салбараас өө сэв хайж үндэслэлгүй зүйл тулгаж, зарим нэг баримт материалыг нь хураан авсан гэж яригдаж байсан. Мөн Сөүл дэх салбарын дотоод сүлжээ рүү хакердаж орсон гэх албан бус яриа бас яригдаж байлаа. Үүнээс үүдэлтэйгээр Солонгосын талаас зориуд шалтаг гаргаж МИАТ-ийн зуны улирлын нэмэгдэл аялалуудыг цуцалсан гэгдэж байгаа. Улаанбаатар Сөүл чиглэлд МИАТ-ээс гадна “Корейн Эйр” компани нислэг үйлддэг. Солонгосын “Корейн Эйр” компани 260-300 хүртэлх суудалтай А330 онгоцтой бол Монголын МИАТ дөнгөж 160 суудалтай Б737 гэсэн жижиг онгоцоор тус тус нисдэг. МИАТ нь жижиг онгоцтой учир олон удаа нисэх шаардлага яах аргагүй тулгардаг. Үүнийг нь ч Солонгосын талаас ойлгож хүлээн зөвшөөрч нэмэгдэл аяллуудыг зөвшөөрч ирсэн. Тэгтэл одоо Солонгосын талаас өөр олон тээвэрлэгч компаниудыг Монгол руу нислэг үйлдэх эрх олгохыг Монголын талаас шахаж шаардаж бүр тулгаж эхэлсэн бололтой. Солонгосын агаарын тээврийн хувийн компаниудыг Монгол руу олноор нь нисгэх эдийн засгийн ашиг сонирхлоо илэрхий зүтгүүлж байна гэсэн яриа агаарын тээврийн салбарынхны дунд хэдийнэ тархжээ. Монгол, Солонгосын агаарын тээврийн зах зээлд “Асиана” гэдэг Солонгосын шинэ компанийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эхний алхам нь нэмэлт нислэгийг зориудаар цуцалсан хэрэг гэсэн яриа дуулдаж байв. Одоо бодит байдал дээр Солонгосын холбогдох албаныхан “Корейн эйр” компанийн нэмэгдэл нислэгт зөвшөөрөл олгосон атлаа МИАТ-ийн аялалд зөвшөөрөл олгохгүй ялгаварлаж үзэж байгаа гэнэ. Зорчигчдын эрх ашигт шууд халдаж нислэгийг бүдүүлгээр цуцалсны хариуцлагыг МИАТ хүлээхгүй гэдгээ эртнээс мэдэгдсэн байгаа. Харин Солонгосын талаас болохоор мөн хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдсэн. Ер нь солонгос жуулчдыг Солонгосынхоо онгоцоор ирээд солонгос буудалд бууж, солонгос ресторандаа хооллоод буцдаг гэж монголчууд ярьдаг. Тэгвэл одоо жуулчдын тоо огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Солонгосын талаас агаарын тээвэрт монополь байдал тогтоохоор эрмэлзэж эхэлсний тод жишээ энэ болов. Улаанбаатараас Сөүл дэх нэмэлт нислэг тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан байгаагаас болж зорчигчид билетээ ухуулж багагүй бухимдалтай байна. Солонгосын талаас нааштай хариу хэзээ ирүүлэх бол гэж чих даран хүлээж суугаа МИАТ-ийнхэн өчигдөр гэхэд Улаанбаатараас Сөүл чиглэлд нэмэлт нислэг үйлдэх зөвшөөрөл өгчих болов уу гэж горьдон хүлээж байв. Харамсалтай нь нааштай хариу ирсэнгүй.

Б.ДОЛЗОДМАА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.