Угсаа залгамжилж, улс төржсөн МОХ-ны чуулган боллоо

МОХ өнгөрөгч хагас сайн өдөр Дархан-Уул аймагт ээлжит чуулганаа хийлээ. Энэхүү байгууллагын дүрмээр ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчийг хоёр жил тутам дээрх чуулганаар сонгодог.

Уг чуулганыг сурвалжлахаар манай сайтын баг Дархан-Уул аймгийг зорьсон боловч МОХ цагдаа хүчний байгууллага төдийгүй хамгаалалтын ажилтнуудаар театрын урд хойд хаалгыг сахиулан дотогш оруулаагүй юм.

Манай сурвалжлах багаас гадна Дархан-Уул аймгийн “Лха” телевизийн сурвалжлагч нар чуулган руу орж чадалгүй “Залуучуудын театр”-ын гаднаас мэдээлэл бэлтгэсэн юм.

МОХ юуны учир цагдаа нар болон хамгаалалтын албаар хамгаалуулж хэвлэл мэдээллийнхнийг ч оруулалгүй 13-р чуулганаа хийх болов?

Тун удалгүй МОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох болоход оюутан залуучуудын нэр дэвшүүлсэн тамхимийн гаднах нэр дэвшигчид болох “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн, “Оюутан Залуусын Сайн Дурын нэгдэл”-ийн Ерөнхийлөгч Д.Батзориг, НАМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга, ”Монгол хүн л юм бол хөдөлгөөний” тэргүүн А.Отгонбаатар нарыг чуулганд оруулж өрсөлдүүлэхгүй хэмээж МОХ-ны экс ерөнийлөгч Х.Батсайхан, түүний зөвлөх Н.Батбаяр, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар танхимаас нэр дэвшиж, Х.Батсайхан нэрээ татаж, оюутнууд Н.Батбаяр, Д.Батчулуун хоёрын аль нэгийг сонгохоос өөр аргагүйд хүрсэн юм.

Үүнийг эсэргүүцсэн театрын гаднах оюутнууд “Оюутнуудын эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага хаалттай хаалганы цаана хуралдах ёсгүй. Ингэж будлиантуулж улс төржихөө болиоч ээ Батсайхан, Батбаяр, Алтаншагай, Жигжид нар аа” гэж орилолдож, танхимийн гаднаас нэр дэвшсэн дөрвөн хүнийг оруулахыг шаардаж цагдаа нар болон хамгаалагч нартай зөрчилдөж улмаар үймээн самуун дэгдлээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Танхимийн гаднаас нэр дэвшигдсэн боловч чуулганд өрсөлдөх байтугай дотогш орж үгээ хэлэх ч эрхгүй болсон дөрвөн хүний нэг ”Монгол хүн л юм бол хөдөлгөөний” тэргүүн А.Отгонбаатар театр руу орсон ч хүч хэрэглүүлэн гарч ирсэн юм.

 

Энэ талаар чуулганд оролцсон оюутан залуусын, танхимийн гаднаас нэр дэвшүүлсэн ”Оюутан Залуусын Сайн Дурын нэгдэл”-ийн Ерөнхийлөгч Д.Батзориг ярьлаа.

“Монголын оюутны эрх ашгийн төлөөх байгууллага байж гаднаас бид нарын нэр дэвшүүлсэн хүмүүсийг МОХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхгүй, угсаа залгамжилсан хаан тодруулах гэж байгаа мэт МОХ дотроос заавал нэр дэвшүүлнэ гээд хоёр хүнийг өрсөлдүүлж байна. Ардчилсан нийгэмд амьдарч байж арай л шударга бус байна” хэмээн ХААИС-иас ирсэн төлөөлөл Б.Энх-Эрдэнэ хурлыг хаян гарч ирлээ.

“МОХ бол УИХ-аас дээгүүр, МУ-ын ТББ-уудын тухай хууль тогтоомжийг уландаа гишгэсэн ах дүүсийн байгууллага болж хувирлаа. Энэ шударга бус чуулганыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашдаа тэмцэнэ, 170 мянган оюутаны эрх ашгаар ингэж тоглож болохгүй” хэмээн МОХ-ны Ерөнхийлөгчид танхимийн гаднаас нэр дэвшигч “Номтой нөхөрлөе” клубийн үүсгэн байгуулагч Н.Хүлгэн ярьлаа.

Хаалттай хаалганы цаана үргэлжилсэн хурлын эцсийн шийдвэрээр МОХ-ны шинэ өрөнхийлөгчөөр Н.Батбаяр сонгогджээ. Тэрбээр МОХ-ны дэд ерөнхийлөгч. Д.Батчулуунтай 103, 103-ын харьцаатай тэнцэж, эцэст нь Х.Батсайхан санал өгснөөр тэргүүнээр сонгогдсон байна. Хоёр нэр дэвшигч урд нь зэрэгцэж зогсоод оюутнууд мандатаа аль нэгэнд нь өгөх замаар санал хураажээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МОХ-ны удирдлагуудаас тайлбар авах гэсэн боловч цоожтой хаалга, цагдаагийн байгууллага, хамгаалалтын алба гэсэн олон давхар төмөр хуяг мэт хамгаалалт биднийг уулзах боломж битгий хэл тэдний барааг нь ч харуулаагүй юм.

Б.Чулуунчимэг photonews mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.