Хямарсан эдийн засгаа сэргээхийг билэгдэж хамгийн баян хүнийг Сангийн сайдад нэрийг нь дэвшүүллээ

dbf76a4f58447e9aoriginalШинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өөрийн удирдлагад ажиллах сайд нарынхаа нэрсийг зарлав. Тэрээр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон,  Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригт, Эрүүл мэндийн сайдад  Н.Энхбаярын эмч гэгддэг Л.Жамбалжав нарыг санал болголоо.

Эдгээр хүмүүс бүгд аядуу зөөлөн. Энэ хирээрээ хүчирхэг хүмүүсийн удирдлагаар ажилладаг гэсэн сулхан имижийг бүрдүүлж байна. Харин хамгийн хүчирхэг нь Д.Зоригт. Бас олон нийтэд хамгийн их танигдсан нь ч Д.Зоригт. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон. Сүүлийнх ч сонгогдсон ч гэж дээ бараг л шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүнээр “томилогдсон” хүн. Учир нь 2012 оны дуулиант сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-ын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү гэсэн хоёр хүн ялалт байгуулсан юм. Харамсалтай нь тэднийг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласан хэрэгээр эргүүлэн татсан. Ингээд тэдний ард байсан Г.Батхүү, одоогийн Сангийн сайдад нэр дэвшигч Д.Зоригт хоёр УИХ-ын гишүүн болсон юм. Уг нь С.Чинзориг гишүүн Г.Батхүүгээс 3554 саналаар, Д.Зоригтоос 6798 саналаар илүү байсан юм. Тэглээ гээд УИХ-ын гишүүний тангарагаа өргөөгүй. Ийм дуулиантайгаар УИХ-ын гишүүн болсон Д.Зоригт Сангийн сайд болохоор орж ирлээ.

Түүнийг Сангийн сайдад нэр дэвшихэд намынхан нь ихээхэн билэгшээж байгаа гэсэн яриа өчигдөр оройноос эхлээд саарал ордноор тарж эхэллээ. Учир нь Д.Зоригт Монголын хамгийн баян хүн. Улсаасаа ч баян гэгдэх хүнийг Сангийн сайдад дэвшүүллээ гэж АН-ынхан өөрсдөө ярих боллоо. Учир нь түүний хөрөнгө хамгийн багадаа л гэхэд хагас зуун тэрбумаар хэмжигдэнэ гэж хэвлэлүүд тоймолсон байна. Түүний мэдэлд “International School”,  “Одод” ХХК, “Асу” ХХК, “Орхон булаг” ХК, “Орхон хөгжил” ХК, “МИГ даатгал” ХХК”, “Гермес” ХК, “Кимон” ХХК, “Хайлааст” ХК, “Багануур” ХК, “Эф Эйч Ди” ХХК, “Эм Си Эс Цамхаг” ХХК,  “Нэмнэ” ХХК,  “Реалтор” ХХК, “Мэдуб” ХХК, “Новиза” ХХК,  “Интернэшнл медикал сентер” ХХК, “Интернэшнл текникал коллеж” гэх мэт олон аж ахуйн нэгжийн хувьцаанууд байдаг аж. Үүний дунд Монголын хамгийн өндөр төлбөртэй хувийн сургууль, уул уурхайн том ордууд, үл хөдлөх хөрөнгүүд, барилгын үйлдвэрлэл, газар тариалан, даатгалын том гарууд олон байна.

АН-ынхны зүгээс гаргасан байж болох анхаарал татсан нэг яриа бол баяжиж чадсан хүнийг Сангийн сайд болговол эдийн засгийн хямралаас гарна гэсэн мессеж юм. Боддог л хувилбар. Өөрийгөө баяжуулж чадсан хүн улсаа баяжуулж яагаад чадахгүй гэж. Арай ч өөрийгөө улам баян болгоод улсынхаа сангийн савыг гөвчихгүй байх л даа. Эдийн засгийн хямралаас гарахын тулд олон бодлого санаачилга гаргаад нэмэр болсонгүй. Өмнөх Эдийн засгийн сайд тэнгэр, бөөтэй харьцаад ч амжилт олсонгүй гэж олон нийт шүүмжилсэн. Хамгийн сүүлд  “Эзэн-100″ хөтөлбөр хэрэгжүүлээд ч эдийн засгаа сэргээсэнгүй. Эцэстээ эдийн засгийн хямралаас гарахын тулд эх орноосоо ч баян хүнд Сангийн түлхүүр, жасын дансаа хариуцуулахаар шийдлээ. Эрх баригчдын энэхүү билэгдэлт хандлага, сонголт амжилтанд хүрэхийг л харах үлдлээ дээ. Ийнхүү 13-р зууны хүчирхэг байдлыг билэгдэж 13 яамтай болсон Засгийн газар эдийн засгийн хямралаас гарахыг ерөөж их хурлын хамгийн баян гишүүнийг Сангийн сайдад нэрийг нь дэвшүүллээ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих