“Хэрэв би өрсөөгүй бол тэр намайг алах байсан”

гэмНүднийх нь оч бөхөж, сэтгэл нь шаналалд ээрэгдсэн нэгэн бүсгүйтэй уулзлаа. Хорихоос суллагдаад удаагүй тэрээр шинэ амьдралаа эхлэх гэж хичээж яваа нэгэн.

“Гавьяа байгуулсан биш дээ ярилцлага өгөөд яах вэ. Миний амьдралаас олон эрчүүд ухаарал авч олон айл элэг бүтэн үлдээсэй гэсэндээ юу болсныг чамд ярьж өгье. Харин чи хүмүүст зөв талаас нь хүргээрэй. Гайтай тэр өдрийг буцааж болдогсон бол гэж үргэлж боддог юм” гэсээр яриагаа эхэлсэн.

Тэд 18-хан настайдаа анх танилцаж, хайр сэтгэл, хорвоогийн хамаг сайхныг ярилцсаар амьдралаа эхэлжээ. Анхны хүүхдээ тэвэрсэн мөч, аав ээж болсон жаргалтай үе, дүрэлзэн асах хайр сэтгэл нь удалгүй архинаас болж сэвтэж эхэлсэн байна. Хоёр дахь хүүхдээ тээж эхэлсэн цагаас нөхрийнх нь зан ааш илт хувирч, архи уух нь улам ихэсчээ. Хэзээ мөдгүй төрөх гэж буй тулгар эхнэр, бяцхан охиноо орхиж хэд хоногоор архидаж алга болно. Ирэхээрээ уурлаж уцаарлан, агсам согтуу тавина. Гар хүрэх, зодох ч энгийн үзэгдэл. Амь гарах, бага бэртэхийн тулд хоёр хүүхдээ хөтлөөд зугтаах үе ч түүнд байсан гэдэг.

Ээлжит хүчирхийллийн дараа шүүхэд гомдол гаргахад нэг жилийн хугацаатай тусдаа амьдрахыг нөхөрт нь даалгасан шүүхийн шийдвэр гарчээ. Гэтэл нөхрийнх нь дарамт улам ихэсч, байгаа газар нь ирж, айлган сүрдүүлж, удаа дараа зодож, биед нь гэмтэл учруулдаг болов. Тэр бүрт согтуу нөхрийг нь цагдаа барьж хорих ч нэг хоноод л тавиад явуулчихна. Олон ч удаа эрүүлжүүлэхээс мөнгийг нь төлж нөхрөө гаргасан гэдэг. Тэгэх бүрт “Чи намайг цагдаад барьж өглөө” гэж өширхөнө. Архи уухаас өөр шидгүй нөхрөө хараад нэмэргүй учир хүүгээ зургаан сартай болонгуут ажилдаа оржээ. Шөнө бүр архичин, агсан нөхөртөө дарамтлуулж, хөх няц болсон хүн өглөө нь ажилдаа очихдоо хүний нүүр харж чадахгүй зовно. Сүүлдээ ажил дээр нь ирж мөнгө нэхэж, хүмүүсийн дунд элдвээр доромжилдог болжээ.

Хүүхдийг нь харж өгдөг дүү нь ч ийм аймшигтай хүний дэргэд байж чадахгүй гэсэн тул аргагүйн эрхэнд хоёр хүүхдээ аваад ээж дээрээ очжээ. Нөхрөөсөө салахаар шийдэн шүүхэд өргөдлөө өгсөн боловч нөхөр нь нэхэмжлэлийг зөвшөөрсөнгүй. Шүүх хурал дээр “Архи уухаа больж, энхэртээ халамжтай байна” гэсэн учраас гурван сарын эвлэрэх хугацаа өгсөн байна. Нөхөр нь “Одоо л бүгдийг ойлголоо, амьдралаа бодьё, ахиж л архи уухгүй, шүүхээс гомдлоо татчих” гэж ятгасаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Сар гаруй хэлсэн үгэндээ хүрч, архи уулгүй хүн шиг амьдарсан ч дахин ууж эхэлсэн байна.

Эрүүлдээ аргадаж, согтуудаа зодож, эвлэрч уучилж амьдарсаар таван жилийг өнгөрүүлсэн тэрээр “Хүн зовлон даадаг гэж үнэн шүү. Би яаж тэр их дарамт, хүчирхийлэл, зодуурыг дааж байсан юм бол. Үр хүүхдээ зэрлэг архичны гарт өртүүлчихгүй гэхдээ өөрийгөө тоодоггүй байж дээ. Нэг л өдөр ойлгоод, ухаараад архинаас гарч, бид гурвыг гэх болов уу гэж горьдож хүлээдэгсэн. Муу нөхөр цаг хугацаа, залуу насны дайсан гэж үнэн юм билээ” гэсэн.

Тэр нэг орой хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо согтсон нөхөр нь орилж хашгирсаар хаалгаа балбан орж иржээ. “Өнөөдөр бүгдийг чинь алаад, дараа нь өөрийгөө ална” гэж гарт тааралдсан болгоноо шидлэн, эхнэрээ үсдэж чирэхэд “Энэ хүний гарт ингээд үхдэг байж” гэж бодсон ч буланд нуугдан, уйлж суугаа хоёр хүүхдээ хараад нөхрөөсөө нууж ширээн доогуураа хийсэн хутгаа шүүрэн авчээ.

“Хэдэн удаа яаж дүрсэнээ одоо ч санадаггүй. Нэг л мэдэхэд ийм явдал болсон байсан. Хэрэв би түүнийг алаагүй бол тэр намайг алах байсан” гэж байв. Тэрээр Эрүүгийн хуулийн 91.1 буюу “бусдыг санаатай алах” гэсэн зүйл заалтаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм. Хэдий өөрөө хохирогч байж, олон жилийг тэр хүний хүчирхийлэл доор өнгөрүүлсэн ч ийн нэг л өдөр хэрэгтэн болж өргөст торны цаана суусан байна.

Гэр бүлийн хүчирхийллийг орой нь ил харагддаг том мөсөн уултай зүйрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл эцэстээ тулахад хохирогч өөрийн амийг хорлох, эсвэл хүчирхийлэгчийг алах гэсэн хоёр сонголтод тулж ирдгийн тод жишээ энэ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Харин архинд дийлдэхээргүй хүчтэй байх ухаан монгол эрчүүдэд байхгүй гэж үү. Бодох л хэрэгтэй.

 

Х.Монголхатан

Эхсурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Uugii Огноо: 5 January 2015

Mongoliin shuukh shudarga baisan bol yl ugukhgui baij bolokh l baij

Нэр: tsoomoo Огноо: 6 January 2015

iim amidral haa saigui bgaa.emegtei hun suuldee had chuluu boldog.ur huuhdee l boddiin.

Нэр: Anonymous Огноо: 8 May 2015

balair har arhichid

Сэтгэгдэл бичих