Цэргийн албыг таван янзаар хааж болно

1872408543e423e210a861

Монгол Улсын Үндсэн хуулинд эрэгтэйчүүд 18-25 насандаа цэргийн алба хаана гэсэн заалт байдаг. Цэрэг татлага нь цэргийн насны залууст эрүүл мэндийн үзлэг хий­гээд цэргийн албанд татдаг журамтай. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дагуу энэ сарын 17-19-ний өдрүүдэд цэрэг татах ажлыг зохион байгуулна. Харин өнөөдөр 2013 оны цэргүүд халагдана. Цэргийн албыг дараахь байдлаар хаах боломжтой.

Цэргийн жинхэнэ албын хувьд 18-25 насны Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, хилийн цэргийн аль нэгэн ангид очиж 12 сарын хугацаатайгаар биеэрээ үүрэг гүйцэтгэхийг хэлнэ. Цэрэг татлагад ирээгүй иргэн, иргэнийг ажлын чөлөө олгож явуулаагүй албан тушаалтанд арга хэмжээ авдаг.

Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамаатай бөгөөд хоёр жилийн хугацаатай тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгэлтэй үүрэг гүйцэтгэнэ. Тус үүрэг нь гурван чиглэлтэй. Үүнд,хүмүүнлэгийн арга хэмжээнд туслах, байгалийн гамшигтай тэмцэх /үер ус, зуд, гал түймэр/, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх гэсэн үүрэгтэй. Албаа хаах хугацаандаа гэртээ байх бөгөөд шаардлагатай үед дуудахад бэлэн байж, орон нутгийн цэргийн штабд ирж үүргээ гүйцэтгэх юм.

Гэрээт цэргийн албанд 19-31 настай иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаасан буюу их, дээд сургууль төгссөн хүн уг албанд явж болно. Гэрээт цэргийн алба хаагчид нь Монголын зэвсэгт хүчинтэй гэрээ хийж, цалинтай алба хааж байгаа гэсэн үг юм. Онцлог нь цэргийн анги байгууллага дээр үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр хүмүүс төрийн тусгай албаны нэгдүгээр зэргийн цалингаар цалинжсан гээд бодоход сард 350-400 мянган төгрөгийн цалинтай байна. Гэрээт цэргийн албыг хоёр жилийн дараа нэг удаа сунгаад дахин хоёр жил ажиллаж болно.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэдэг нь 25 нас хүртлээцэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах мөнгө төлөх сонголтыг хийх ёстой. Тухайн иргэний төлсөн мөнгө нь Сангийн яамны орлогын дансанд буюу улсын төсөвт ордог. Мөнгөн төлбөрийг нэг жилд нэг цэргийн хэрэглэдэг зардлаар тооцдог юм. Тухайлбал, энэ жилийн хувьд 3.4 сая төгрөгөөр баталсан байгаа. Тиймээс дүйцүүлэх албаны төлбөр доод тал нь 500 гаруй мянган төгрөг байх болно. Гэхдээ үүнээс оюутан байсан хугацаа, цэрэг татлагаар орж байсан эсэхээс хамаарч хасч тооцно.

Эдгээр хэлбэрүүд дээр нэмж энэ жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ нь иргэдийг суралцаж байх хугацаанд нь цаг алдалгүй цэргийн үүргийнх нь биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй ажил юм. Анхны оюутан цэргүүд өнгөрөгч 06 дугаар сарын 28-ны өдөр цэргийн тангараг өргөсөн билээ.

bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих