Номин талст хамтлагийн дуучин Хаянаа “650” нэртэй сүлжээнийхэнд хулхидуулав

Сүүлийн үед олон мянган иргэдийн халаасыг сэгсэрч буй “650” гэж алдаршсан сүлжээний бизнесийн хохирогчид зөвхөн мэдлэг боловсролгүй хүрээнийхнээр хязгаарлагдахгүй аж. Цагдаагийн томоохон ажилтны эхнэрийг хүртэл “дагздаж”, цөөн биш төгрөгөөр “торгосон” сүлжээчингүүдэд “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа мөн хулхидуулсан байна. Царайлаг дуучин залуу хар багаасаа бэлэн хувцасны бизнес эрхэлж, хамтлагийнхнаасаа түрүүлж ноён долларыг багсайлгаж явсан юм. Тэр ч утгаараа “Байгаль эрдэнэ сан”-д 650 мянган төгрөг төлөөд доороо хэдэн хүн элсүүлж, автомашинтай болох “мэргэн” шийдэлд мань хүн хүрсэн бололтой. “650”-ийнхан ид оргил үедээ бужигнах үед, хүмүүсийн хорхойг хөдөлгөхөөр гадаа талбайд сойсон хэдэн ширхэг хямдавтар машиныг Хаянаа их л сэтгэл хангалуун ажиж, дээр доороос нь шагайж явсан байна. Олны танил “од” ингээд шуударчихсан явахаар бусад хүмүүсийн хорхой ч гозолздог юм байгаа биз. Харамсалтай нь сүлжээг санаачлагчид маргааш нь цагдаагийн машинд ачигдаж, хохирогчид уйлж бахиран үлдсэн билээ. Харин Хаянаагийн шок хэр байсныг бүү мэд. Гарцаагүй анх хараад л сүлжээний бизнес гэдэг нь мэдэгдэдгүй байхаа. Мөнгөнд амт, үнэр байхгүй ээ гэж….


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих