Тэргэнцэртэй бүсгүйчүүд миссийн титэм, Итали улсад хагас сар амрах эрхийн төлөө өрсөлдөнө

54528
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа тэргэнцэртэй хүмүүс гэхээр нийгмээс тусад нь авч үзэн, хийж бүтээж чадахгүй мэтээр боддог цаг өнгөрчээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэднийг дэмждэг төрийн бодлого, нийгмийн хариуцлагаа ухамсарлан тэднийг дэмжиж буй иргэд, байгууллагуудыг урамшуулдаг тогтолцоо ч их бий. Монголд энэхүү тогтолцоо хэрэгжихдээ тааруу ч Тэргэнцэртэй иргэдэд зориулсан нэгэн сайхан үйл явдал болох гэж буйг дуулаад тодрууллаа.

“Wheelchair Fashion show” “Wheelchair  Miss”  буюу Тэргэнцэртэй охид, бүсгүйчүүдийн хувцас загварын шоу, Мисс шалгаруулах уралдааныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид чадна” сайтаас санаачлан өнгөрсөн онд анхлан зохион байгуулсан загварын шоуг өргөтгөн Миссийн тэмцээнтэй хамтатган хийхээр болсон нь учиртай гэнэ. Титмийн эзэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг төр, ард түмэнд ойлгуулан шийдүүлэх нүүр царай, дуу хоолой болохын дээр бусаддаа амьдралын идэвхи, урам хайрлах, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах сэтгэлийн гэрэл нэмэхэд оршино гэнэ.

Энэ удаагийн тэмцээнийг санаачлагч “Бид чадна” нэгдэлээс гадна Залуу эмэгтэйчүүдийн “Бриллиант” клуб, 20 жилийн ойгоо тэмдэглэж буй “Их Засаг Их Сургууль” хамтран зохион байгуулах гэж байна.

Тэргэнцэртэй иргэдийн гоо сайхны энэхүү наадмын тэргүүн мисс, тэдний элчээр шалгарах нэгэн бүсгүйг Итали улс дахь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын  олон улсын амралт зусланд асран хамгаалагчийн хамт 18 хоногийн турш үнэгүй амрах эрхийн бичгээр шагнах юм байна. Энэхүү амралт нь дэлхийд цөөн байдаг амралтуудын нэг ба Лео-Камполонулсын хүүхэд залуучуудын төв энэхүү тэмцээнийг дэмжин оролцож уг шагналын эрхийг тус тэмцээний ялагчид олгохоор зохион байгуулагчидтай санал нэгджээ.

Тэмцээн 2014 оны 12 сарын 03 ны өдөр буюу Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрөөр болох ба зориг ухаан, гоо сайхнаараа алдрын титэм, Италид амрах эрхийн төлөө өрсөлдөх Тэргэнцэртэй бүсгүйчүүдийг бүртгэж байгаа гэнэ.
Бүртгэлийн тухай мэдээллийг 99741916 утсаар авч болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.