Н.Алтанхуяг: Надад авдаг арга хэмжээгээ ав

Н.Алтанхуяг

САЙДАД ГОРИЛОГЧИД СӨРӨГ ХҮЧИНД ТААЛАГДСАНГҮЙ

Сайдын сандлаас бууж буй долоон хүн дор бүрнээ л сонин, сэтгүүл, ухаалаг утсаа шагайж урвагар сууна. Харин сайд болох санаатай ги­шүүн Д.Зоригт додигор харагдана лээ. Тэрээр Сангийн сайдад нэр дэвшээд байгаа юм. Харин Уул уурхай, эр­чим хүчний сайдад нэр дэвшсэн, одоогийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Гадаад харил­цаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшээд буй Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нар шинэ ажилдаа орохоор яарц­гаах аж. Гэвч сайдад гори­логчдыг сөрөг хүчин хүлээн зөвшөөрсөнгүй. Дээрх гурван эрхмийг харъяалах байнгын хороо­ны хуралдаанаар томилох гэсэн боловч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Завсарлагын хугацаа ажлын тав хоног үргэлж­лэх тул ирэх пүрэв гариг хүртэл энэ асуудлыг дахиж хэлэлцэхгүй болов.

Шинээр сайд болго­хоор нэр дэвшүүлсэн хү­мүүс сөрөг хүчинд таалагдаагүй гурван шалтгааныг тоочив. Нэгдүгээрт, өмнө нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг сайдаар улируулан ажиллуулах бус хариуцлага тооцохыг сануулж байсан. Энэхүү бүрэлдэхүүний саналд сайд Ц.Оюунгэрэл, Н.Удвал нарыг үргэлж­лүүлэн ажиллуулахаар Ерөнхий сайд шийдэж нэрийг нь оруулж ир­сэн­гүй.  Хоёрдугаарт, Сан­гийн сайдад нэр дэв­шигч Д.Зоригт  “давхар дээлтэй” болно. Гуравдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д цогцоор нь өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх ёстой гэж үзжээ.

“САЙН САЙД НАР ЯВЖ, МУУ НЬ ҮЛДЭВ”

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлтөд өртөж, гэнэт цомхотголд орж орон тоогүй болсон долоон сайдыг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хурал­даанаар ажлаас нь чө­лөө­лөв. Ерөнхий сайд сайн ажилласан яамдаа нэгт­гэж буйгаа өмнө нь хэлж байсан тул сайд нар нь ч сайн ажилласан гэж гишүүд дүгнэлээ. Ялан­гуяа Сангийн сайд Ч.Улааныг мэргэжлийн, дөрвөн удаа сайдаар ажил­ласан асар их турш­лагатай, Монголын сан­хүү, эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруул­­сан гэдгийг олон гишүүн магтав. Тухайл­бал, С.Баярцогт гишүүн “Ч.Улаан сайд сүүлийн 20 жилийн хамгийн хүнд үеүдэд Сангийн сайд байсан. Санхүү, эдийн зас­гийн шинэчлэлтэй хол­боотой маш олон хуулийг боловсруулж, бат­луулан хэрэгжүүлж ирсэн. Мөн Засгийн газарт удаа дараа Сангийн сайдаар ажиллаж ирсэн зүт­гэлийг нь үнэлэх хэрэгтэй” гэсэн юм.

Энд тодруулахад Ц.Баярсайханыг Барилга хот байгуулалтын, А.Гансүхийг Зам тээврийн, Д.Ганхуягийг Уул уурхайн, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн, М.Соном­пилийг Эрчим хүчний, Ч.Улааныг Сангийн, Л.Болдыг Гадаад харилцааны албан тушаа­лаас чөлөөлөхийг холбогдох байнгын хороод дэмжсэн байв.

А.ГАНСҮХ ГУДАМЖИНД ГАРАХ УУ, АЖИЛ АМАЛСАН УУ?

Хачирхалтай нь сайн ажилласан сайд нарыг яагаад солих болов гэ­дэг асуудлыг зарим ги­шүүн хөндлөө. Хэрэв сайн ажилласан юм бол цом­хотгодог, харин үлдэж буй хэд нь муу ажилладаг гэсэн яриа ч гишүүдийн дунд өрнөлөө. Гишүүний асуултад байнгын хороо­ны дарга болон Ерөнхий сайд ингэж хариулав.

О.Баасанхүү:

-Цомхотголд орж аж­лаасаа халагдаж буй сайд нарт Хөдөлмөрийн хуулиараа сайдтай ижил төстэй хэмжээний албан тушаал санал болгох ёстой. Тийм зүйл яригдсан уу. МАН томилох сайд нарын асуудлаар тав хоногийн завсарлага ав­сан тул хуучин сайд нарыг тав хоног ажиллуулж болохгүй юу. Улсын сан хөмрөг алга болчихгүй байгаа. Завсарлага авс­наар нь МАН-ынхнаас сайдын үүрэг гүйцэтгэгч томилж өрөөг нь мануулах уу?

Ц.Даваасүрэн:

-Цомхотголд орсон ч биш юм. Тэрийг би мэ­дэхгүй. УИХ-ын гишүүн хүн ажлаа хийгээд явах байлгүй. Би ажил олгогч биш учраас хариулж мэдэх­гүй. Байнгын хороо­ны хурлаар ийм асуу­дал хөндөгдөөгүй. Уг нь сайд нарыг өмнө нь томилчихоод чөлөөлдөг турш­лага байсан. Гэвч энэ удаад эхлээд чөлөөл­чихлөө.

Ж.Энхбаяр:

-Ч.Улаан гэдэг хүн Мон­голын эдиийн засаг, төсвийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүнийг сайн ажилласан гэх үү, муу гэх үү. Сайн ажилласан юм бол ийм сайдыг биш та өөрийгөө чөлөөлөх санал тавих хэрэг­тэй. Та ингэж Мон­голын төрөөр тоглох хэрэг­гүй шүү, Ерөнхий сайд аа?

Н.Алтанхуяг:

-Төрөөр тоглосон хүн алга. Та бүхэн ч сүүлийн хэдэн жил төр барилаа. Надад авдаг арга хэмжээгээ ав. Тэгээд яах вэ. Сайд нар огцорч байгаа юм, яамд нэгдээд ийм юм боллоо. Одоо яая гэх билээ. Ч.Улаан сайд дөрөв биш үндсэндээ таван удаа сайдаар ажил­ласан. Тэр надад их өмөг түшиг боллоо, түүнд баяр­лалаа. Харамсалтай нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг.

О.Баасанхүү:

-Энэ удаад Зам тээв­рийн яам сайн ажиллаж, агаар, төмөр замын салбарт ихээхэн ахиц гарлаа. Сайдаар нь ажиллаж байсан А.Гансүхэд ямар албан тушаал бэлдэв. Тэр сайн ажилласан ч гудамжинд гарч болохгүй биз дээ?

Н.Алтанхуяг:

-Өмнө нь ийм тохиол­дол гарчээ. 2012 онд сайд нарын ор гарч бусад сайд нарт ажил үүргийг нь хариуцуулах тушаал гаргаж байжээ. Тэгэхээр би тушаал гаргах байх.

 

М.ГАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих