Тавантолгойн тааж дуусашгүй эргэлзээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан “Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил удааширч байна. Үүнээс болж уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил зогсоод байгаа” гэж өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн.

Харин ТУЗ-ийн хараат бус гишүүний энэ мэдээллийн дараа дөрвөн сар хэлэлцсэн хөрөнгө оруулагчийн тендерт гурван компани тунаж үлдсэнийг Засгийн газраас томилсон ажлын хэсгийнхэн хэллээ.

Гэтэл сонин хэвлэлээр гурвуулаа зэрэг хөрөнгө оруулах юм шиг мэдээлжээ. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор бол нэг л компани, консорциум сонгогдох ёстой. Тэгэхээр тунаж үлдсэн гурван компанитай Засгийн газар дахин хэлэлцээрийн ширээний ард суух нь.

“Эрдэнэс МГЛ” -ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэлэлцээр эхлэх үеэр “39 дүгээр тогтоолоор нэг л компани, консорциум сонгох ёстой” гэж ярьж байсан. Гэтэл хэлэлцээр дуусах шатанд 2-3 компани, консорциум сонгож болно гэж хэлсэн байх юм.

Зургаан оролцогч нэг нь нөгөөгөөсөө илүүрхэхийн аргагүй энэ тэнцүүхэн өрсөлдөгч. Улс орондоо болоод тив, дэлхийд алдартай тэднээс хэн нэгнийг нь ялагчаар тодруулах нь Монгол Улсын Засгийн газарт хүнд байсан болов уу. Гэхдээ тогтоол, дүрэм журмаа дагах нь хуульд нийцэхсэн.

Шалгаруулахад хүндрэлтэй болонгуут нэг биш гурвыг сонгож дүрмээ зөрчих зүрх ажлын хэсгийнхэнд баймааргүйсэн. Нөгөө талаар “Эрдэнэс МГЛ ” компанийг удирдах гадаад захирал өнгөрсөн нэгдүгээр сард сонгогдсон гэж байсан. Гэтэл сонгогдсоноос хойш таван сар болж байхад бараа нь ч харагдсангүй. Хөрөнгө оруулагч нар тодорч эхэлсэн. Харин удирдаж зангидах хүний сураг алга. Тухайн үед цалингийн асуудлыг судалж буй гэсэн хариултыг Төрийн өмчийн хорооны дарга С.Сугар өгч байсан билээ. Гэвч тендерт сонгон шалгаруулах хуулийн хугацаа аль хэдийнэ дууссаныг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан хэлж буй.

Гэхдээ хуулинд заасан хугацаанд амжиж ажил дуусахгүй бол шинээр сунгаж болдгийг тэрээр онцолсон. Тэгэхээр АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”, “Мицуй” компаниудын консорциум, ӨХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдлийн аль нэг нь хөрөнгө оруулагчаар тодорч хүрз хатгах эрхийг авах юм шиг.

Нөгөө талаар сонгон шалгаруулалтын хуулийн хугацаа дууссан гээд байгааг юу гэж ойлгох вэ? “Эрдэнэс МГЛ” компаниас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр янзын тендерийг зарласан. Эхнийх нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консерциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Одоо энэ тендерт БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “ВВМ Operta”, Австралийн “Macmahon” нар хүч үзэж байгаа аж.

Харин Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил дуусахад нохойн дуу ойртож байгааг зургаагаас гурвыг сонгоод байгаагаар хэлж болно. Ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулагч бас л эргэлзээтэй.

Ц.Мягмарбаяр


URL:

Сэтгэгдэл бичих