Мангаа явлаа

d86efd_124_x320

Монголын хөлбөмбөгийн спортод өнгөрсөн долоо хоногт нэгэн таатай явдал тохиолдсон нь Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Буяннэмэхийн Ганболд авлигын хэрэгт холбогдсон нь тогтоогдож, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хороо түүнийг таван жилийн турш хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон явдал байлаа.

Хэдийгээр таатай мэдээ биш боловч 1997 оноос хойш Монголын хөлбөмбөгийн холбоог тасралтгүй 17 жил удирдсан, энэ хугацаандаа хөлбөмбөгийн спортын хөгжилд нэмэр болохоосоо нэрмээс болсон түүнээс салах бараг цор ганц боломж байсан юм.

Даяаршил, интернэтийн нөлөөгөөр Бөхийн орон гэгдэж байсан Монгол Улс хэдхэн жилийн дотор бараг л Хөлбөмбөгийн орон болж хувирсан. Сүүлийн жилүүдэд спорт сонирхогчдын дунд хамгийн өргөн тархсан, хамгийн их үзэгчтэй спорт нь гарцаагүй хөлбөмбөг. Гэтэл сонирхогчдын дунд хүрээгээ эрчимтэй тэлсэн спортын хөгжил нь ногоон талбай дээр эсрэгээрээ байна.

Манай шигшээ баг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны чансаанд 1998 оны 12-р сард анх бичигдэхдээ 0 оноотой хамгийн сүүлийн байрт буюу 196-д жагсаж байсан бол өнгөрсөн сарын чансаанд 29 оноотой 191-р байрт жагсаж байна.

Өөрөөр хэлбэл 17 жилийн хөгжлийн үр дүн нь таван байр. Бид ч эхэндээ багийн спортод монголчууд амжилт гаргахгүй гэсэн Баабар ахайгийн үгээр өөрсдийгөө тайтгаруулж байлаа. Тэгвэл саяхан болсон Азийн наадамд оролцсон манай сагсанбөмбөгийн шигшээ баг энэ бодол худлааг баталсан. Хөлбөмбөгийн спортын энэхүү удаан хөгжилд хөлбөмбөг сонирхогчид хийгээд шигшээ багт тоглож байсан тамирчид хүртэл эртнээс холбооны удирдлагыг буруутган, үзэл бодлоо нэг бус удаа илэрхийлж байсан билээ.

Монголын хөлбөмбөгийн холбоо 1997 онд шинэчлэгдэн зохион байгуулагдаж, ерөнхийлөгчөөр Р.Амаржаргал, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ганболд сонгогдсон бөгөөд 2010 оныг хүртэл дээрх хослол уг холбоог удирдаж байгаад 2010 оноос Б.Ганболд ерөнхийлөгч болон дэвшсэн.

Хөлбөмбөгийн спортын хөгжил удаашралтай байгаа, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны зүгээс хэрэгжүүлсэн төслийн мөнгийг шамшигдуулсан зэрэгт Б.Ганболдыг нэлээд хэдэн жилийн өмнөөс буруутгасаар ирсэн ч Монголын хөлбөмбөгийн холбоо дөрвөн жилд нэг болдог хуралд хуучин удирдлага, өөрийн талын хүмүүсийг оролцуулах замаар ахин сонгогдсоор өдийг хүрсэн юм.

Тэгвэл Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Б.Ганболдод оногдуулсан шийтгэл нь Монголын хөлбөмбөгийн холбоонд 17 жилийн турш засагласан үхширсэн удирдлагыг солих таатай боломж болж мэдэхээр байна.

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хороо Б.Ганболдыг 2011 онд болсон Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Катарын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мухамед Бин Хаммамаас түүнд санал өгөх болзолтойгоор авлига авсан, мөн 2009 оны Азийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Бин Хаммамд саналаа худалдсан хэмээн буруутгажээ.

Дэлхийн хамгийн их үзэгчтэй, хамгийн их мөнгө эргэлддэг, нөлөө бүхий спорт болохынхоо хувьд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагааны ард газар сайгүй авлига хээл хахууль байдаг нь нууц биш юм. Тив, дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт нь гишүүн орны төлөөлөгчдийн санал дээр үндэслэдэг тул нэр дэвшигчид ядуу буурай орны төлөөлөгчдийг худалдаж авах үзэгдэл түгээмэл байдаг.

Мухаммед Бин Хаммам анхандаа Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттерийн холбоотон байсан бөгөөд түүнийг 1998 онд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад нь Африкийн холбоодын удирдлагыг авлигадан Блаттерийн төлөө санал өгүүлж байсан гэдэг. Тэрбээр 2011 онд хуучин холбоотон Зепп Блаттерийнхаа эсрэг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бөгөөд энэ нь түүний уналтыг эхлүүлжээ.

Бин Хаммам сонгуулиас долоо хоногийн өмнө нэрээ татан авсан бөгөөд сонгуулийн үеэр Карибын улсуудын хөлбөмбөгийн холбооны 25 гишүүний саналыг 1.0 сая доллараар худалдан авсан нь удалгүй тогтоогдсон билээ.

Өнгөрсөн жил Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хороо түүний хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хассан юм.

Магадгүй нэгэн цагт З.Блаттертай холбоотон явсан Бин Хаммамтай нөхөрлөсөн нөхөрлөл нь Б.Ганболдод Дэлхийн хөлбөмбөгийн холбооны шугамаар орж ирсэн төслийн хөрөнгийг олон жилийн турш элдэв хэл ам, хяналт шалгалтгүйгээр шамшигдуулах боломжийг олгож байсан байж ч болох.

Ямартай ч Монголын спорт нэг мангасаасаа саллаа. Удахгүй болох Монголын хөлбөмбөгийн холбооны сонгуулиар энэ сайхан спортыг гэсэн сэтгэлтэй нэгэн сонгогдоосой гэж залбирах л үлдлээ.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих