Цөмийн цахилгаан станцтай болж байж л эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой

Ашиглалтын зардал багатай эрчим хүчний эх үүсвэр бол өнөөдрийн байдлаар цөмийн цахилгаан станц ажээ. Өнгөрсөн онд гаргасан судалгаагаар дэлхий дахинд 441 цөмийн реактор бүхий цахилгаан станцууд ажиллаж байна гэсэн тооцоо гарчээ. Эдгээрийн 80 хувь нь АНУ-д байдаг байна. Харин ирэх жилүүдэд манай урд хөрш БНХАУ их чадлын 120 цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөжээ.

Эрдэмтдийн танилцуулж буйгаар Хятад улсын барих тэрхүү цөмийн станцуудын дийлэнх нь манай улсын хилийг даган 2030 он хүртэл бий болох бололтой. Эрчим хүчний хэрэглээ нь эрс өсөх тул ийм алхам хийж байгаа биз.

Байгалийн баялгаа эргэлтэд оруулаад эхэлсэн манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ хэрхэн хангах вэ гэдэг дээр асуудал байгаа. Зардал ихтэй дулааны цахилгаан станцаа хэрэглээд байх уу.

Стратегийн орд, аж үйлдвэрийн цогцолбор зэрэг эрчим хүчний өндөр шаардлагатай газруудыг дулааны цахилгаан станцаар хангаж чадахгүй гэдгийг зарим эрдэмтэн анхааруулсаар байгаа.

Цөмийн цахилгаан станцтай болж байж энэ бүхнийг шийднэ гэсэн саналыг ч хэлдэг. Гэтэл үүний эсрэг бодолтой яваа нэг хэсэг бий. Эрчим хүчний салбарын эрдэмтэд цөмийн цахилгаан станцыг байгуулах хэрэгтэй гэдэг дээр санаа нэгдэж байлаа.

Манайд цөмийн цахилгаан станц барих ажил судалгааны шатанд яваа. Цөмийн цахилгаан станц нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг бол цөмийн дулааны станц, нүүрс боловсруулах станц гэж байдаг.Манайд эхний удаад цахилгаан станцыг барих талаар судалж байгаа бололтой. Цөмийн цахилгаан станц барина гэж ярьж эхэлснээс хойш 10 жилийн дотор, барьж эхэлснээс хойш дөрвөөс таван жилийн дотор баригддаг байна.

Манайтай хөгжил ойролцоо Вьетнам улс цөмийн цахилгаан станц барих ажилдаа ороод эхэлсэн аж. Цөмийн цахилгаан станцаас татгалзаж байгаа гэсэн яриа сүүлийн үед их гарч байгаа. Японы цөмийн станц дэлбэрснээс хойш улам их яригдах болов. Татгалзсан орнуудын жишээ болгон Германыг дурдаж байна. Гэхдээ сайндаа ч биш тэдний цөмийн цахилгаан станцуудын ажиллах хугацаа дуусч байгаа учраас ерөнхийд нь буулгаж байгаа гэнэ.

Дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд хоёр том осол болсон байдаг. 1979 онд Америкт цөмийн цахилгаан станцад осол гарсан бол 1986 онд Чернобылийн станцад дэлбэрэлт болсон. Тэгвэл энэ жил осол гарсан Фүкишимагийн станц 1976 онд ашиглалтад орсон байдаг нь өмнөх ослын сургамж аваагүйгээр баригдсан станц ажээ.

1986 онд болсон Чернобылийн цахилгаан станцын сүйрлээс хойш цөмийн цахилгаан станц тоотой баригдсан байдаг. Энэ хугацаанд олон орны эрдэмтэд ийм осол гарахгүй, хамгийн аюулгүй цөмийн реактор бүтээхээр толгойгоо гашилган өрсөлдөж байгаа юм байна.

Яг энэ үед манайх цөмийн цахилгаан станцтай болохоор ярьж байгаа нь их ололттой гэж эрдэмтэд хэлж байна. Тэдний үзэж байгаагаар 500 мгв-аас бага чадалтай станц хамгийн аюулгүй гэгдэж байгаа бөгөөд энэ нь Монголд яг тохирохоор байгаа гэнэ. “Явж явж манайд тохирсон реактор бүтээхээр эрэл хийгээд байгаа юм биш үү” хэмээн нэг эрдэмтэн хэлж байсан.

Цөмийн цахилгаан станц ашигласнаар улс орны хөгжил байр сууринд ч эерэгээр нөлөөлдөг ажээ. Хэсэг айлын гадаа салхин сэнс эргэлдэж байсан нь дээр үү, бүхэл бүтэн цөмийн цахилгаан станц ажиллуулсан нь дээр үү гэсэн имижийн асуудал хүртэл хөндөгддөг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих