Зам тээврийн ослоос сэргийлэх нь хүн бүрийн үүрэг

Зам тээврийн ослоос сэргийлэх нь хүн бүрийн үүрэг
Зам, тээврийн ослын улмаас жил тутам манай гараг дээр 1,3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн тахир дутуу болоход хүрч байгааг “Зам тээврийн ослын тахал” гэж дэлхий нийтээрээ нэрлэж байна.  Энэ тахал манай улсад эрчимтэй түгсээр, сүүлийн 15 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 5041 хүний амь нас хохирч, 11020 хүн насан туршийн тахир дутуу болсон тоон үзүүлэлт байна.

Зөвхөн 2013 онд 423 хүн нас барж, 1282 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. Энэ зам тээврийн ослын 97,2% нь жолоочийн, 2,6% нь явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалж байна.  Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж чадвал дээрх ослын тоог бууруулах, гаргахгүй байх боломжтой гэдгийг олон улс оронд хүлээн зөвшөөрч, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аль хэдийнээ эрчимтэй явуулаад эхэлжээ.

Бид зам,тээврийн осол зөрчөл, түүний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдлыг хэрхэн бууруулж, энэ аймшигт “тахал”-аас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч Та бүхэн доорхи уриалгыг мөрдлөг болгосноор зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж байна.

Үүнд:
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохыг хуулиар хориглосныг хэрэгжүүлье.
-Жолоо барьж байгаа үедээ гар утсаар ярихгүй байж хэвшье.
-Хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж хэвшүүлье.
-Хурд хэтрүүлэхгүй байхыг ямагт анхааръя.
-Мотоцикл болон унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай өмсөж хэвшье.
-Явган зорчигч гэрлэн дохио зөвшөөрөгдсөн үед гарцаар гарах үүргийг хэрэгжүүлье.
- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, осол гаргасан буруутай этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгахад санал нэгдэцгээе.

Зам, тээврийн осол зөрчлөөс иргэн бүр урьдчилан сэргийлэх олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих