Хаалттай чуулганы цаадах яриа буюу айлчлалын учиг тайлагдсан өдрүүд

Тавантолгойн ордод хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил шуударч, “Наадмаар шатахуун олдох болов уу” гэсэн асуултад холбогдох албаныхан “Тийм” гэж хариулсан, Монгол Улсын эдийн засгийн эхний хагас жилийн дүн эрүүл, өсөлттэй гарсан эерүү долоо хоног болж өнгөрлөө. Эдгээрээс гурван чухлыг нь онцолъё.

Ингэх гээд байсан юм

Монгол Улс Тавантолгой хэмээх дэлхийд гайхагдсан сайн коксжих нүүрсний ордтой. Далайд    гарцгүй манай орны хувьд ордоо хоёр хөрштэйгөө ямар нэг байдлаар хамтарч ашиглана гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Учир нь, БНХАУ-ыг сонгож, ОХУ-ыг “гомдоовол” Владивостокийн боомт үүдээ хааж, эсрэг тохиолдолд эдийн засгийн хувьд хараат оронтой харилцах харилцаагаа жингийн туухайн дээр тавих хүндхэн бодлого  ажлын  хэсгийнхний өмнө байсан гэж болно. “Хоноц хоноцдоо дургүй” гэдэгчлэн ОХУ, БНХАУ дангаараа стратегийн хөрөнгө оруулагч болохоор өрсөлдөж байсан бөгөөд дундуураа гадны “улс”-ыг алдчихгүйн тулд ил далд тэмцэл их өрнүүлсэн. Манай Засгийн газар ч ийм юм болно гэдгийг эхнээс нь мэдэрч, консорциум болох шаардлагыг тавьснаараа ордод аль болох олон орны эрх ашгийг оруулж ирэх бодлогоо    хэрэгжүүлж боломжоо гаргаад байсан билээ. Ингэснээр БНХАУ-ын “Шинхуа энержи”-тэй хамт Япон, ОХУ-ын “Оросын төмөр зам” компанитай хамт БНСУ, Японы сонирхол орж ирэх    боломжийг бүрдүүлж чадсан юм. Олон орны ашиг сонирхлыг оруулж ирнэ гэдэг нь түүхий эдээ дэлхийн жишиг үнээр борлуулах баталгаа болж өгөх учиртай. Тэгвэл үүн дээр нэмээд АНУ-ын сонирхол мөн Тавантолгойд орж ирлээ. ‘Тавантолгойн тендерийн ялагчийг тодруулах ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар танилцуулахдаа Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтад гурван оролцогч тунаж үлдээд байгааг дуулгасан байна. Ерөнхий сайд С.Батболд  БНХАУ-д айлчлах

үедээ нанхиад Тавантолгойн тендерт өрсөлдөж буй “Шинхуа мак”-ийнхаа боломжийг нэмэгдүүлэхийг хүссэн нангиад дарга нарт “Гуравдагч орон орж ирнэ” гэж шудуухан хариулснаас үзэхүл стратегийн хөрөнгө оруулагчаар АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,”Мицуй” компаниудын консорциум, ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл гэсэн гурван консорциум ажиллахаар болж байх шиг. Ажлын хэсэг ямартай ч хэд хэдэн шаттай арга хэмжээ авсны дүнд хоёр хөршөөс гадна Япон, БНСУ, АНУ-ыг оруулж ирж чаджээ.

Наадмаар шатахуун түлшний хомсдол гарахгүй

Засгийн газар ойр ойрхон хийсэн айлчладуудынхаа учгийг дэлгэж байх ахуйд иргэд шатахуун түлшний хомсдол, замын түгжрээнд бухимдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц барих хүсэлтээ илэрхийлсэн захиаг “Роснефть” компани Засгийн газарт ирүүлсэн нь иргэдийн дунд бас нэгэн хариултгүй бодлого нэмж орхилоо. Гэхдээ Засгийн газар өнгөрсөн долоо хоногт холын юмыг орхиод ойрын асуудлаа шийдээд явъя гэсэн байр суурьтай байлаа. Иргэдийн санааг хамгийн их зовоож байсан асуудал нь олон тэгш ой давхацсан онцгой ойн баяр наадмаар шатахуунтай байх уу гэсэн асуулт байсан юм. Энэ асуулт иргэдийн санааг хэтэрхий их зовоож байсан тул ихээр худалдан авч нөөцлөх нэгэн ч байсан. Тийм ч учраас толгой өвтгөсөн энэ асуулт “зохиомол” хомсдол үүсэхэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж магадгүй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт салбарын сайд, газрын дарга нар нь Засгийн газрын тэргүүнд ажлаа тайлагнаж баяр наадмаар түлшний хомсдол үүсэхгүй гэсэн ам өчгөө өглөө. Тэд үнэхээр олон ажил амжуулсан байсан бөгөөд өмнө нь нэг байсан шатахууны импортын сувгийг найм болтол нэмэгдүүлж чадсан байна. Одоо зам засварын ажлаа шуурхайлчихвал наадмаар нийслэлчүүд шатахуунгүйн зовлон амсалгүй ураг садандаа очиж элэг бүтэн баярлах нь ээ. Эдийн засаг эерүү байсан долоо хоногийн тоймыг бас нэгэн чихэнд чимэгтэй мэдээллээр өндөрлүүлье.

Монгол Улсын эдийн засгийн энэ оны эхний хагасын тайлан гарахад ойртож буй. Эцсийн дүн гарах болоогүй ч тун баярлууштай төлөв ажиглагдаж байгаа юм байна.

Х.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих