УИХ-ын гишүүдэд: Ард түмнээ бодож, завсарлага авалгүйгээр төсвөө баталж хайрла!

zaluu_544b529c59e1d_1

УИХ-д суудалтай намын бүлгүүдийн гишүүд хамтарч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн лхагва гаригт өргөн мэдүүлсэн. Энэхүү УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа нарын 28 гишүүн гарын үсэг зуржээ. Үүний дараа УИХ-ын гишүүн М.Зоригт мөн намын нөхдөөсөө гарын үсэг цуглуулж Ерөнхий сайдыг огцруулахаар санал нэгдэгчдийн тоо АН дотор 18 хүрсэн талаар холбогдох эх сурвалжууд батлах болсон. УИХ дахь АН-ын бүлэг дотор дээрх саналын дэмжлэгийг давамгайлах боломж хомс гэцгээж буй ч бүлгээс гадна холбогдох байнгын хорооны санал дүгнэлт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээрх санал хураалтад олон нийт ихээхэн найдлага тавьж буй.

Ерөнхий сайдыг огцруулахаар санаачлагчдын гол үндэслэл нь түүний тэргүүлж буй Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2,7 дахин унагаж улс орныг элгээр нь хэвтүүллээ.Монгол Улсад өрийн дарамт бодитойгоор нүүрлэлээ. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж 17,7 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Өнгөрсөн онд зөвхөн “Чингис” бондын хүүгийн төлбөрт 98,9 тэрбум төгрөг төлсөн нь 1990 оноос хойших үе үеийн Засгийн газрын авч ашигласан зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3.1 дахин их болж өсчээ.

Хамгийн гол нь “Засгийн газар арга ядахдаа хууль зөрчиж 2014 оны 9 дүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах зөвшөөрөл олгож, өр тавьж авсан бондын хөрөнгийг төсвийн алдагдал нөхөх зорилгоор зарцуулсан нь Н.Алтанхуягийг огцруулах хангалттай үндэслэл болно.Энэ байдал цаашид үргэлжилбэл тун удахгүй Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаандаа тавьж чадахгүй байдалд хүрэхээр байна. Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувь, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр ард түмний худалдан авах чадвар эрс муудсан”-ыг Ерөнхий сайдыг огцруулах саналдаа онцгойлон дурджээ. Үүнд:

Нэгдүгээрт, Монгол Улс улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа нь  Монгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр  тасарсан. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл юм.

Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “Эзэн-100″ хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихсэж, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн.

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон  хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзжээ.

            Мөн Үндсэн хуулийн Цэцэд очсон Ерөнхий сайдад холбогдох гомдлууд болон АТГ-аас Ерөнхий сайдын охин, түүний ахлах зөвлөхөд холбогдуулан шалгаж буй хэрэг, олон нийтийн хамгийн сайн мэдэх Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын хамт Төв аймгийн Цагдан хорих байранд хоригдож буй зөвлөхөө эргэж буй нь хууль зөрчсөн гэх зэрэг олон асуудал түүнийг огцруулах үндэслэлд хамаатай.

            Ийнхүү “дааж давшгүй” олон үндэслэл үүрсэн Ерөнхий сайдыг цаашид суудалд нь тогтооход амаргүй болоод байна. Үүнийг мэдэрсэн нам нэгт нөхөд нь хүртэл намын даргынхаа бус шударга үнэний талд зогсох цаг болжээ гэдгийг ухаарснаа харуулав. Харин гарц гаргалгааны тухайд АН-ынхан өөрсдөө намын дарга, Ерөнхий сайддаа хариуцлага тооцох нь намынхаа нэр хүнд, “эрүүл мэндэд” илүү ашигтай. Мэдээж энэ сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн санал хуваагдаж таарна. Аргаа барсан нь завсарлага авъя гэж цаг хожиж ч болох юм. Гэвч энэ нь Ерөнхий сайд, намын даргадаа аврал мэт санагдаж болох ч ард түмэнд бол хорлол болох билээ.

Завсарлага авахгүй байхыг хүсэх энэ хүсэлт УИХ дахь бүх намын бүлгүүдэд хамаатай. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлэг, МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвсэл, Бие даагчдын зөвлөл, Эмэгтэй гишүүдийн бүлэг ч үүнийг ухамсарлаж завсарлага авахгүйгээр асуудлуудыг яаралтай шийдэж гацаанаас гаргах хэрэгтэй байна.

Учир нь УИХ Төсвийн тухай хуулийг батлах ёстой хуулийн хугацаа нь улам багассаар байна. Ийм үед сандал, ширээний хэрүүл хийх бус, төсвийг баталж, төрийн ажлыг гацаанаас гаргах нь чухал болов. Ерөнхий сайд өөрөө ч үүнийг ухаарч асуудлыг эцэслэн шийдэхээр яаравчилж байгаа бололтой. Харин “Хариуцлага хүлээх ёстой” гэдгээ ухамсарлаж байгаа эсэхэд асуудал байгаа юм. Ямартай ч “Ард түмнээ бодох цаг боллоо. Төсвөө баталж, ажлаа хийцгээе. АН-ын эрхэм гишүүд минь, завсарлага авалгүйгээр төрийн ажлыг гацаанаас гаргаж өгөөч” гэж сонгогчид тань хүсэж байна.

Д.Мөнхмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих