Монголын тэргүүн баячуудын хамгийн анхны ашигтай наймаа…

uls_544cc6901305d_1

Хүний амьдрал гэдэг тааж, тааварлашгүй адал явдлаар дүүрэн байдаг. Өнөөдөр  Монголын толгой баячуудын эгнээнд багтаж байгаа том баячуудын бизнес тун энгийн жижиг зүйлээс эхлэж байсан аж.

АМЖИЛТ АВЧИРСАН ТАМХИНЫ ЦААС

“МSC” группийн босс Ж.Оджаргал. Багаасаа өнчирч, эмээгийнхээ гар дээр өссөн Ж.Оджаргалын хувьд Орост сурч байхдаа хүний наймаа зуучилж, хэлмэрчилж, бас бага сага наймаа хийж,  чамлахааргүй мөнгө олдог байсан гэнэ. Тэрээр 1986 онд зуныхаа амралтаар тамхины цаас авчирч зарсан нь 25 нугарч зарагдаж, 30 гаруй мянган төгрөгийн ашиг олсон гэдэг. Энэ мөнгөө хуримаа хийхдээ зарцуулсан бөгөөд хэдийгээр өнөөгийн их бизнесийнх нь анхны хөрөнгө оруулалт байгаагүй ч эндээс л мөнгөний амтыг мэдэрсэн гэдэг.

УЛААН ХАМБАНЫ БИЗНЕС

Буянгийн Жаргалсайхан. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь улаан хамба. Монголчуудын хамба хилэн гэж нэрлэггддэг зөөлөн даавуун материал Орост асар их гүйлгээтэй байдгийг  тэрээр судлаж мэджээ.  Мань эр Хятадаас маш хямд үнээр янз бүрийн өнгөтэй хамба хилэн авч Монголд авчирч улаанаар будаад Орос руу гаргаж зарж байсан гэнэ. Б.Жаргалсайхан хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан гэдгийг сануулах нь илүүц биз.

ТЭРБУМТАН БОЛОХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН САЯТАН СУГАЛАА

Мөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гүржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм . Бас Монголд анхны “Саятан” сугалааг гаргаж тэрбумтан болох замаа засаж чадсан хүн.
Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК зэрэг монголын үндэсний томоохон компаниуд түүнийх бөгөөд түүнд хийж үзээгүй бизнес Монголд хуруу дарам цөөн.

САМАР ЖИМСНИЙ НАЙМААЧИН

Монголын тэргүүн баячуудын эгнээнд яах аргагүй бичигддэг “Макс” Ганбаатар. Эцэг эхээс долуулаа. Олуулаа, ядуу тарчигхан орчинд өссөн энэ залуу Богд уулнаас самар жимс түүж, анхныхаа бизнесийг эхлүүлж байсан гэнэ. Эндээс мөнгө олох хэрэгтэй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон Ганбаатар ахтайгаа нийлж, анх хуушуурын гуанз ажиллуулж байжээ. Бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нарын тухай гарсан байдаг. Уг сэтгүүлд ах дүүсийн амжилтын түүх тэвчээртэй шаргуу хөдөлмөрийн үр шимээр юунд ч хүрч болохыг харуулж байна” хэмээн бичсэн нь бий.

ЕРӨНХИЙ САЙДЫН ЕСИЙН ТОСНЫ НАЙМАА

“Алтай трэйдинг” компанийн босс, “Чингэс” зочид буудлын эзэн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, С.Батболдыг тойрсон багагүй дуулиан дэгдэж байсан цаг саяхан. Тэгвэл түүний бизнест хөл тавьсан түүх тун энгийн. Манайхны 9-ийн тос гэж нэрлэдэг ургамлын тосыг аль социализмын үед Германы нэгэн компани оруулж ирж, захирал нь “Алтан гадас” одонгоор хүртэл шагнуулж байсныг Сү.Батболд судлаж үзжээ. Гэтэл Монголд асар том гавьяа байгуулсан гэж үнэлэгддэг Герман эр маш хямд үнэтэй тосыг асар өндөр үнээр шахаж байгааг мэдсэн байна. Тиймээс тэрээр 9-ийн тос оруулж ирэхээр шийджээ. Монголоос  бугын эвэр цуглуулж, Солонгос руу гаргаж, ургамлыг тос оруулж ирэн бизнест хөл тавьсан энэ эрхэм өнөөдөр хөрөнгө мөнгөний жагсаалтаараа Монголын толгой 10 баяны жагсаалтыг өнгөлж байна.

180 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ 400 ГРАММ ЦУС

Хүн ахтай, Сайхансамбуу захтай гэсэн үг бий. Олуулаа өссөн Сайхансамбуу хүү хар багаасаа ачигч хийж, амьдрал ахуйдаа хувь нэмэр болж байсан ч түүний анхны бизнес нь цус. Хоёрдугаар курстээ эхнэр авч амьдрал зохиосон оюутан эр цусаа өгч, авсан мөнгөө амьдралдаа нэмэрлэдэг байжээ. Тэрээр хоёр сар болоод л 400 грамм цус өгч, 180 төгрөгтэй болчихдог байсан гэнэ.  Ш.Сайхансамбуу оюутан байхдаа зургаан литр цус өгөөд “ Хүндэт донор”-ын болзол хангаж байжээ.

http://www.shudarga.mn/news/17106.html


URL:

Сэтгэгдэл бичих