Чанарын баталгаагүй жимс цэцэрлэгүүдэд нийлүүлж байжээ

жимсНийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллагуудын хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ. Тус шалгалтад хүнсний хангамжийн төвүүд болон үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүд, хувийн хэвшлийн нийт 18 үйлдвэр хамрагдсан юм.

Шалгалтын явцад нийт 85 зөрчил илэрснээс 43-ыг нь газар дээр нь арилгуулжээ. Эдгээр зөрчлөөс хүнс хангамжийн төвүүдийн хүнсний агуулах нь 1950-1970 онуудад баригдсан, хүнсний агуулахын чиглэлээр ашиглах боломжгүй, зориулалтын бус байр ашигласан нийтлэг зөрчил илэрчээ.

Энэхүү шалгалтаар “Өсвөр үе хүнс”, “Асгат” НӨҮГ нь улсын байцаагчийн дүгнэлтээр акт тогтоосон байранд үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн “Хүнс хангамж төв” нь хугацаа дууссан гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсан ба гарал үүсэл нь тодорхойгүй чанарын баталгаагүй жимс, жимсгэнийг цэцэрлэгүүдэд түгээдэг байжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн “Багачууд хүнс” НӨҮГ нь аж ахуйн нэгж болон хувь иргэнтэй гэрээ хийлгүйгээр хүнсний бүтээгдэхүүн татсан, гарал үүсэл нь тодорхойгүй жимсийг их хэмжээгээр хадгалж, цэцэрлэгүүдэд түгээлт хийдэг байсныг илрүүлжээ. Үүнээс гадна ажилчид нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй “Гум”, “Эко-Эрдэнэ” зэрэг компаниас гадна “Мон сүү” компанийн үйлдвэрийн өрөөний плита нь ховхорсон, хананд нь хөгц, мөөгөнцөр үүссэн нь шалгалтаар илэрчээ.

 

Б.Цэнд-Аюуш /Үндэсний шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.