Сонгуульгүй жилийн сонгууль

УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн завсраар монголчууд хоёрхон жил сонгуульгүй өнжиж чих амардаг юм. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн тогтолцооны асуудлаар зөвшилцөөд хэн хэн нь хатуу байр сууринаасаа ухрах төлөвгүй болоод ирэхээрээ ард нийтээсээ асуух арга замыг сонголоо.

Ингээд ард түмэн 1990 онд нэгэнтээ туршсан холимог тогтолцоогоор санал хураалгахдаа пропорциональ давамгайлсан тогтолцоог авах уу, хуучин санал өгдөг байсан мажоритариараа сонгуульдах уу гэдгийн хайныг хагалж өгөхөөр болов. Дээр нь Үндсэн хуульдаа нэмэлт оруулах асуудлыг ч гишүүддээ шийдэж өгөхөөр боллоо.

Наадмын дараа эрхэм гишүүд тойргоороо явж МАН-ын бүлгийнхэн “Хүнээ дугуйлаарай”, АН-ын бүлгийнхэн “Намаа дугуйлаарай, тэгэхдээ намын жагсаалтад орсон хүнээ бас дугуйлаарай” гэсэн зааварчилгыг сонгогчдодоо өгөхөөр болов. Далимд нь ирэх жилийн сонгуульд өрсөлдөх бие халаалтаа хийгээд авна. Наадмын дараа найр хавтгайрна. Хавтгай найран дээр “Нам, хүн дугуйлах” тухай семинарыг эрхэм гишүүд удирдан явуулна. Дээр нь өөрсдийн тухай ном, товхимол, юухан хээхнээр гар цайлгана. Айрганд халамцсан сонгогчид “Ард нийтийн санал асуулга” гэдэг хэдэн үгийг тогтоож ачтай гишүүнээ дахин сонгох ерөөл талбина. Нэг төрлийн сонгууль л болсон хойно хэсэг, тойргийн хороо, тэнд ажиллах, санал тоолох хүн хүч хэрэгтэй.

За тэгээд есдүгээр сарын сүүлийн ням гаригт орон даяар “Ард нийтийн санал асуулга” нэртэй сонгууль болно. Монгол даяараа нэг тойрог болж аваад Ерөнхийлөгч сонгохын дайны үйл явдал өрнөнө. Нийтдээ төсвөөс 10 тэрбум төгрөг үүнд зарцуулна гэж байгаа. СЕХ-ныхон санал тоолох автоматжуулсан төхөөрөмж авч байрлуулах үүрэг даалгавар аваад буй. Бололцоотой бол түүгээрээ санал авч туршиж ч мэднэ.

Ингээд чих амар өнждөг сонгуульгүй нэг жил сонгуультай болж, эрхэм гишүүдийн ирэх жилийн сонгуулийн сунгааны тоос жилийн өмнөөс үзэгдэх нь ээ. Намрын чуулганы эхэнд төсөв, төлөвлөгөө, мөнгөний бодлоготойгоо хольж байгаад сонгуулийн тогтолцоог шийдэж өгсөн ард нийтийн санал асуулгын дүнг гаргана. Харин “Хуучин сурсан, мэддэг аргаа сонгоорой” гэсэн МАН-ын РR хэтийдээд “Мажоритар давамгайлсан тогтолцоог сонголоо доо манай ард түмэн”, эсвэл байчихаад “Ард түмэн жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоолгоо авъя” гэлээ” гээд л битгий сууж байгаасай даа. Ингэж 10 тэрбум төгрөг агаарт хийсээд өнгөрөх вий дээ.

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.