АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

olloo_mn_1414716306_10-30-144_700x700

Төрийн гурван өндөрлөг лхагва гарагт  Их тэнгэрийн аманд хуралдаж чухал шийдвэр гаргасан бололтой. Үүний дараагаар АН-ын бүлэг ээлжит бус хурал зарлаж өчигдөр үдээс өмнө хаалттай хуралдсан. Ингээд өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өглөө 10:00 цагт эхлэх байсан ч хойшилсоор үдийн хойно хуралдсан. Уг хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн зарим эрх мэдэл, зарцуулалтыг орон нутагт шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Ингээд чуулганы хуралдааны дараа хуралдах байсан АН-ын бүлгийн хурал өнөөдрийг хүртэл хойшилсон юм.

Ийнхүү АН-ынхан хаалттай хаалганы цаана юу ярьж байгаа нь улс төрийн хүрээнийхэнд хүлээлт үүсгээд байна. Тэдний хувьд эрх мэдлээ  нам доторх фракцууддаа хэрхэн хуваахаа шийдэж байгаа ч байж болох юм. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайдаараа үлдэж намын даргын суудлаа өгөх гэж байна гэх бор шувуу нисээд эхэлсэн. Тэгвэл АН-ын дарга хэн болох вэ?. Мэдээж АН доторх гурван том фракц болох Алтангадас, Шонхор, МОАХ гэсэн фракциас дараагийн АН-ын дарга сонгогдож магадгүй юм. Гэвч Алтанхуяг өөрөө Алтангадас фракцынх болохоор тэднийхээс дараагийн дарга сонгогдохгүй ч байж болно.

Гэхдээ хэн нь ч намын дарга болсон бай энэ нь Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчинө гэдгийг сөрөг хүчнийхэн хэлж  байна. Тодруулбал Ж.Энхбаяр гишүүн өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Алтанхуяг АН-ын даргаасаа буувал Ерөнхий сайдын албыг ч өгөх ёстой. Үгүй бол  энэ нь Улстөрийн намуудын тухай хуулийн сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг заалтыг зөрчих болно” гэсэн юм. Ямартай ч АН-ынхан хаалттай хаалганы цаана нэлээд нухацтай хуралдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих