Төр хууль зөрчөөд байна

Mongolia_Parlia.JPG.300x0_q85_crop_upscaleТаван хуулийн  адилхан зүйл заалтыг нэгтгэх боломжтой юу?

Нийтийн тээврээр 2015-2016 онд хөгжлийн бэрхшээтэй, ахмад настнууд, оюутнууд гээд нийтдээ 230639 хүн үнэ төлбөргүй зорчихоор  байна. Төрөөс тухайн компаниудад  нөхөх олговор өгнө л дөө. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл “72 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг 30 хувиар бууруулж оруулсан учраас наад мөнгөө иргэддээ өг, бид мөнгөөрөө үйлчилье” гэсэн санал хэлсэн. Түрүүчээсээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцэж байна.  Монгол Улсад алив зүйл хуулийн дагуу явах учиртай.  Нийтийн тээврийнхний төлөөлөл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэнэ гэсэн.Гэвч хууль зүйн талаасаа хүндрэлтэй гэдгийг тэд  учирлаж байна.  Нийтийн тээврийн салбарын эрх зүйн орчинг нийслэлийн иргэдийн, нийтийн тээврийн язгуур эрх ашгийн үүднээс бүрдүүлээгүй гэж шүүмжлэлтэй ханддаг хэсэг бий. Үнэний ортой.  Харин улс төрийн, ашиг хонжоо, нэр төр олох гэх мэт ашиг сонирхлоор хандаж, алсдаа улсын болон хотын төсөвт ихээхэн дарамт учруулах сөрөг үр дагаврыг нь тооцож үзэлгүйгээр эрээвэр хураавар байдлаар эрх зүйн орчинг бүрдүүлсэн.  Энд нөгөө оюутнуудыг үнэгүй зорчуулах асуудал хамгийн тод жишээ. Үүнийг ний нуугүй л хэлдэг юм билээ.  Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ,  цагдаа гээд үнэгүй зорчих хүмүүсийн хэрхэн яаж зорчуулахыг нэг хуулиар шийдвэрлэж болмоор санагддаг.  Ямар хуулиудад иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах заалт оруулсан байна вэ?

Боловсролын тухай хууль

43.2.5.нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 Автотээврийн тухай хууль:

12.2.Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.3. Энэ хуулийн 12.2-д заасан нөхөх олговрыг олгох журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль :

5.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харъяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль

5.1.6.нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих;

/Энэ заалтад 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Цагдаагийн албаны тухай хууль

27.1.4.дүрэмт хувцастайгаар албан үүргээ гүйцэтгэх үедээ хот, суурингийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй зорчих

Хууль, журам яагаад зөрчилдөөд байна вэ?

Хуулийн заалтыг уншихаар нөхөх олговрыг оюутан, сурагчид үнэгүй зорчдог иргэдэд нь олгохоор  ойлгогдоод байна. Хуулийг хэрэгжүүлэх журмыг, аймаг, нийслэлийн ИТХ-ын тогтоолоор хэрэгжүүлдэг. Гэтэл  одоо бол хөнгөлөлттэй зорчсон иргэдэд биш нийтийн тээврээр үйлчилсэн том оврын автобусны компаниудад олгоод хуулийнхаа эсрэг үйлчлээд байна. Эндээс ургуулан бодохоор, иргэддээ нөхөн олговрыг нь өгчих. Бид мөнгөөрөө үйлчилье”  гэдэг байр суурь хуулийнхаа дагуу юм биш үү.  Нийслэлд 24 компанийн том оврын 1000 орчим автобус үйлчилгээнд явдаг судалгаа бий.  Нийтийн тээвэр эрхлэгчид өөрсдөө дур мэдэн шийдвэрлэж боломжгүй нь эндээс харагдаж байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд очиж дээрх таван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар асуудлыг шийдвэрлэх нь ээ. Гэвч ийм боломж хэр байх бол. 2016 оны сонгуулийн чимээ дөхөж байна. Төрийн эрх мэдлийн төлөө л улстөрийн намууд ажилладаг. Өндөр настан, ахмад, цагдаагийн ажилтнууд, оюутнууд бүгдээрээ “сонгогчид”. Сонгогч гэдэг ганцхан үг л улстөрийн намуудыг, улстөрчдийг айлгаад байгаа юм шүү дээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган  иргэн байдаг. Тэдний  90 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх боломжгүй. 200 мянгаас хэтэрдэггүй. Нийтийн тээврээр жигд үнэтэй үйлчилдэг болоё гэхээр хамгийн түрүүнд эмзэглэн хүлээж авах нь дамжиггүй.  Нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь үйлчлүүлж чадаж байна уу. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “Оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх бичиг баримтад ямар нэгэн  зөрчил байдаггүй. Хамгийн хэцүү нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог бичиг баримт үнэхээр замбараагүй” гэдгийг хэлж байсан. Товчхондоо  бол, эрүүл саруул  нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмнөөс бичиг баримтыг нь “гаргуулж” аваад нийтийн тээврээр үнэгүй яваад байна гэсэн үг. Тэгээд нөхөн олговрыг нь иргэндээ биш компаниудад өгөөд төр баталсан хуулиаа зөрчөөд байна л гэж харагдах юм.

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих