Хятадын иргэн Монголын банкийг луйварджээ

мастер картЗохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч

нар БНХАУ-ын иргэн Лю Пэнийг баривчилжээ. Тэрээр хуурамч төлбөрийн картууд ашиглан Монголын хамгийн олон салбартай, харилцагчтай гэх нэгэн банкийг луйвардаад байгаа юм. Одоогоор 41 сая төгрөгийн хохирол тогтоогоод байна гэж эх сурвалж хэллээ.

Сэжигтнийг баривчлах үед тэрээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгэн итали зоогийн газраар үйлчлүүлээд хуурамч картаар төлбөрөө хийж байжээ. Албаныхан цүнхнээс нь 11 ширхэг хуурамч мастер, виза карт олсон байна. Эдгээр карт нь бүгд соронзон туузтай байсан гэнэ. Картын данс эзэмшигчид нь гадаадын иргэд байжээ. Тэрээр зоогийн газрын карт уншигч “пос терминал” машиныг ашиглан БНХАУ руу, хамсаатан руугаа мөнгө шилжүүлсэн байна. Энэ хэрэгт БНХАУ-ын нэг, Монгол Улсын гурван иргэнийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн Монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэн, пос терминал машин авахуулж, түүгээрээ хуурамч төлбөрийн картуудаа уншуулж, авсан мөнгөө БНХАУ руу гуйвуулдаг байжээ.

Хуурамч карт ашиглан гүйлгээ хийсэн тохиолдол 2014 он гарсаар энэ удаагийнхтай нийлээд долоо болж байгаа юм байна. Банкууд нэр хүндээ унагаахгүй, харилцагчийнхаа итгэлийг алдахгүй гэсэндээ болсон явдлыг нуудаг, өөрсдөө шийдэх гэж оролддогоос болж гэмт этгээдийг илрүүлэх ажиллагаа удаж байгааг албаны эх сурвалж онцлов. Уг нь Олон улсын банкны холбооноос Монголын арилжааны банкуудад нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн зөвлөмж өгсөн байдаг. Энэ нь соронзон туузтай төлбөрийн картуудаа хэрэглээнээс хасч, чиптэй карт хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Чиптэй картнаас харилцагчийн мэдээллийг хулгайлах, хуурамчаар үйлдэх боломжгүй байдагаж. Гэтэл манай ихэнх банк дээрх зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, соронзон туузтай картаар гүйлгээ хийж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд боломж олгосоор байгааг албаныхан хэллээ.

 

Г.УЛСБОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих