Нийслэлийн сүлд хангарьд, яст мэлхий биш төр тулгалсан гал голомт мөн

гал голомтМОНГОЛЫН НИЙСЛЭЛИЙН ТҮҮХ ДЭНДҮҮ ӨНГӨЦ БАЙНА

 2006 онд  Улаанбаатар хотоос их хөрөнгө хүч гарган үе үеийн дарга нар нь оролцсон маш том хэмжээний зурагт ном гаргаж билээ. Түүнд “Их Монгол Улсын маань гал голомт  нэрийн хуудас, үүд хаалга болсон нийслэл хот үүссэн түүх XVII зуунаас улбаатай” гэж  худал бууджээ.

Тодруулбал, 1639 онд таван настай Занабазар хүүг шарын шашны тэргүүнээр өргөмжлөн гэр өргөө барьсныг Монголын нийслэлийн эх гэж ойлгоод 375 жилийн ой тэмдэглээд байгаа юм байна. Тэр цагаас хэдэн зууны өмнө 1234 онд Хархүрэм хотыг байгуулж Монгол гүрний их нийслэл гэж тунхагласан нь “улбаа” төдий биш тод сурвалж түүх юмсан. Дэлхийд алдаршсан Хархүрэм хот Монголын нийслэл байлаа. Энэ түүхийг Өндөр гэгээний гэрээр орлуулаагүй бол  Монголын нийслэл 780 жилийн ойгоо тэмдэглэх ёстой байлаа. Энэ түүхийг дэлхийн ямар ч орны  эрдэмтэн судлаач үгүйсгэх аргагүй баримттай баттай үнэн. Бас Монголын төрийн түүх Чингисийн үе төдийгүй Хүннү гүрнээс эхтэйг батламжлан Ерөнхийлөгч нар зарлиг буулгаж ойг нь тэмдэглэсэн. Улс төрийн суурьшил нийслэлсэн түүх лав 2000 жилийн түүхтэй Онги голын эх Луут хотын түүхийг харин “улбаа” гэж үзэж болох билээ.

1639 онд  нийслэлийн түүхийг эхлүүлсэн гэх тэр өргөө гэрийг одоогийн энэ Алтан тэвшийн хөндийд биш, Хархүрэмтэй ойролцоо Өвөрхангай аймгийн нутагт  барьсан. Анхдугаарыг амьд ахуйд 1706 онд Эрдэнэ толгойд, 1719 онд Дааган дэлд, 1720 онд Усан сээрт, 1723 онд  Жаргалантын голд гэх мэтээр нутаглаж байсан бөгөөд, түүнээс хойш 1724 онд Угтаалд, 1729 онд Хужирбуланд Бургалтайд, 1732 онд Сөгнөгөрт, 1733 онд Тэрэлжид,  Улиастайд, 1736 онд Хүй долоон худагт 1740 онд Хунцалд, 1742 онд Үдлэг Баян голд, 1747 онд Сэлбэд гэх мэтээр 20 шахам удаа нүүдэллэж явсаар 1778 онд одоогийн Улаанбаатар хот суурьшсан энэ газарт тогтсон. Эндээс тооцвол 375 биш бүр наашлаж 236 жилийн ойг тэмдэглэхэд хүрнэ. Нүүдэллэж байгаа саахалт айлыг нийслэл гэхгүй Хархүрэм шиг нийлсэн суурьшлыг хэлмээр. Гэхдээ энэ нүүж явсан юм нь хаан төрийн орд биш, шарын шашны тэргүүний гол дуган маягийн өргөө нүүдэл байсан, Богд Занабазар 1690 онд төрөө манжид өгч өөрөө манжийн хааны монголыг даасан зөвлөх маягийн албатай байгаад бурхан болж хагас зуун жил өнгөрсөн цаг байжээ.  Адаглаад нийслэлийн бэлгэдэл сүлд нь Монголынх биш харийнх байгаа нь бүр хачирхалтай.

ЯСТ МЭЛХИЙН СУУРЬ

“Навчийг хүр хорхой мэрэн баран идэх шиг, яст мэлхийн явалт ямх чимхээр ахих мэт” ягуухан зугуухан эзэгнэхийн бэлгэдлийг нангиадын эртний хаад мэргэд сургасан гэнэм. Толь бичгүүдэд “ясархаг хуягтай богино хөлтэй, удаан хөдөлдөг газар уснаа явагч” гэх буюу “нангиадын хуанли төөргийн хуяг зураасын бэлгэдэл” гэх мэтээр тайлсан байдаг энэ өчүүхэн шавьжийг  яахаараа Монгол Улсын нийслэл хотын түүхийн суурь болгон 1994 онд хөшөөлсөн юм бол? гэж эргэлзэн монгол дээдсийн хийморь  шүтээн үгүйлэгддэг. Манай дарга нар бэлгэдэл гэхээр өвөг түүх соёл судлаач нар, эрдэм төгс өтгөс хөгшид рүүгээ биш, Гандангийн лам нар руу харайлгадаг дутагдлын балаг эл дүрс болжээ. Хархорины Эрдэнэзуугийн арханд буй яст мэлхийнээс санаа авсан гэвээс түүнийг чухам 1234 онд суурилуулсан уу, эсвэл Эрдэнэ зуугийн эхэн үед босгосон их сүм нь шатаж балгас болсон үлдэц үү? гэдгийг өнөө хэр яв цав тогтоогоогүй байх шиг. Тэр Түмэн амгалан сүм нь Өгөдэй хааны ордын туурь бараадуулан дарж босгосон шашны дуган байх магадлалтай гэж Ч.Далай гуай ярьж байсан. Яахаараа өөрсдөө тэжээдэггүй яст мэлхийг юуны тул бэлгэдсэн гэж итгээд байгаа монголчууд вэ?

ХАНГАРЬДЫН ШҮТЭЭН

Хангарьд гэдэг нь самгарьд /санскрит/ зүгийн домгийн шувуу энд нисэн ирж буусны бэлгэдэл гэнэ. Энэ үгийг Я.Цэвэл гуай гадаад үг шашны хуучирсан хэллэг гэж үзээд оруулаагүй харин гарьд гэж домгийн шувуу жигүүртний хаан гэсэн бол Норжин нарын ”Монгол хэлний толь”-д “Эртний домог ярианы жигүүртний хаан хэмээн алдаршсан асар том шувуу. Эрэгчний нь нэр” /х-1651/ гэсэн байна.

Харийн эл хийсвэр домгийг түвдийн шашнаар утгажуулан баруун гартаа (хүнтэй ижилхэн) ланз үсэгт вачир дүрс, зүүн гартаа манайд ургадаггүй бадма гэх түвд нэртэй цэцэг барьсан, доод хоёр хөл  сарвуундаа могой атгасан мангас гэдэг шиг цүндгэр гэдэстэй хоёр мээмтэй (шувуунд гар мээм байдгийг би үзээгүй) амьтан хүзүүнээсээ эрхи зүүж, гахай чих улаан хөмсөгнийхөө дээр согдын ланз бичгийн Э бам  үсэг гэх сваямбу буюу соёмбо бүхий титэм өмссөн этгээд гэж дүрс зохиожээ. Могой нь энэ газрын лусыг дарж базаж байгаа дом гэдэг. Энэ монгол төрийн нийслэлийн шүтээн мөн гэж үү?

“ТӨР ХУРАХ”-ЫН  ТҮҮХ “НИЙСЛЭЛ” УТГАТАЙ

Яг энэ газар Анхдугаар богд нутаглаад шав тавьсан гэдэг худал бөгөөд  Занабазарыг нас барснаас бүр хойно (1635-1723 он) 55 жилийн дараа өч төчнөөн нүүдэллэж явсаар 1778 онд арайхийн энэ Алтан тэвшийн хөндийд нийслэл хүрээ суурьшсан. Түүхийг явган хууч домгоор биш баримт сурвалж түшиж тогтоох ёстой. Их тэнгэрийн амны хадан зураг хэдэн мянган жилийн суурьшлын түүх өгүүлдэг. Бас “Төрхурах” гэдэг газрыг саяхны наймдугаар Жавзандамбатай холбоотой “шашин хурах төр хурах” домгоор биш эртний баримт сурвалжтай нэрэнд үндэслэмээр.

Хүннү дээдсийн хойч Хэрэйд аймгийн Ван ханы нутаг төвлөж, Бэлгүтэй Хасар Тэмүжин нар Мэргидийн эсрэг тусламж эрэхээр ирж байсан газар. Бас Чингис хаан Ван ханыг дараад “Төр хурах нутаг” гэж шинжиж   хуралдай хурж байсан гэх домог (дам үг) байдаг нь ямар нэгэн үнэн түүхээс уламжилсан  аман түүх байжээ. Тухайлбал, түүхч судлаачдын эши сурвалж хайж сөхдөг Ту Зи-гийн “Монголын түүхэн тэмдэглэл” Хорин зургаан ботийн “Чингис хааны цадиг. Хоёрдугаар дэвтэрийн доордод “Хэрэйд аймгийн түрүү Тоорил гэгч Тэмүжиний эцэг Есүхэй баатрын анд байсан билээ. Тэр тухайд Туул мөрний Хар түнэ (Түшээт хан аймгийн Туул гол мөн. Голын өмнө талд Хан уул гэдэг ууланд ой мод сахлаг ургасан болохоор Хар түнэ гэв. Энд Ван ханы нутаг байсны учир Хан уул хэмээсэн байнам)-д түүнийг нутаглаж байсанд Цотон эх (Цотон гэж баян эрхэм гэсэн утгатай)-ийн охин Бүртээс шитгүл хэмээж нэг хар булган дах авчирч хүргэжээ.” /Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо 2007 онд хэвлэсэний хуудас 51-т үз/ гэж буй нь “Ван Хан ” энд тогтмол нутагладаг нийслэл  утга байгаа мэт?

“Монголын нууц товчоон”-д Ван хан Туулын Хар түнэ-д нутаглаж гэж бичсэн, Туул голын урд Ван ханы орд гэх туурийг Д.Наваан гуай нээсэн. Бас Тузигийн тэмдэглэлд  “ой ихтэй Хан уулыг Хар түнэ”  гэж маш тодорхой дурджээ. Үнэхээр ч халуун цагт голын тохой өтгөн бургасны захаар нутаглах нь үер усны аюул, шумуул хэдгэнэний шаваа, их усны чимээ шуугиан, хүйтний улиралд голын цан жавар гээд малд тохиромжгүй. Бид “хар түнэ” гэдгийг их ойтой уул гэж ерөөс тунгааж байсангүй. Хожим Тэмүжин Ван ханд энэ газар бараалхан эцэг хүү бололцсон. Тэмүжин нарын ирэх зүгийг тоссон Төрхурахын ам хэмээх түүхт газар Ван Ханы орд төв “Алтан тэрэм” босгосон мэдээ занги  “Өвөр таван халхын түүх” 1966 он, эрдэмтэн Сайшаалын гар бичмэл (ном болж хэвлэгдсэн)/ зэрэгт  адил төстэй тэмдэглэсэн.

Бүр тодорхой нэгэн түүхийг “Умард юан улсын түүх” (1991 он Хөлөн буйр. х-103-т) үгүүлснийг мэдүүлбээс: “1434 онд Аругтай тайш, Тогтобух хаанд цохигдон зугтаж яваад Ойрадын Тогоон тайшид алагдав. Мөн жил Тогтобух (Тайсун хаан) нийслэл хот Хархорумаа Тогоон Тайшид алдаад Орхон Туулын бэлчрээр өгсөж Ван хан ууланд хүрч, зүүн дөрвөн урианхай, хонгирад, олхонуд тэргүүтэн зургаан түмэн лүгээ тэр уулын амнаа хурилдай хийж, тангараг нийлсний учир Ван хан уулын тэр амыг Төрхурах хэмээн бэлгэдэн нэрийдвэй. Тогоон тайшийн цэрэг шахамдуулан нэхэн ирсэнд Тайсун хаан хүчин мөхөсдөн улмаа зүүншлэн Бурхан Халдуны их цохионд өнгөрөв” хэмээснийг  онцломуй.

Богд Жибзундамбын өгсөн Дүнжингарав хэмээх шашны нэр, Ардын засгийн үеийн Чойбалсан уул гэх нэрлэлт зэргээс өмнө “Ван хан уул” хэмээн ард олноо олон зуунаар  хэвшсэн түүхтэйг давхар гэрчилнэ. Ван хан тухайн үедээ хамгийн том ханлигийг жолоодож байжээ. Мөн тэр газар зургаан түмэн монголчууд монголын Тогтобух хаан их хуралдай хийж байсныг тодхон түүхчлэв. Тогтобух буюу Тайсун 1433-1439 оны энэ үед Монголын хаан сууж байсан нь магад үнэн юм. Нөгөө талаар “тэр амыг бэлгэдэн Төрхурах..” гэснээс мөн тэр газар зургаан түмэн монгол их хуралдай хийхийн тулд урд өмнийн тийм уламжлал бэлгэдэлтэй мэддэг газар асан нь илт байна.

Яг одоогийн энэ газар Төр хурсан 1434 оноор нийслэлийн эхийг бодвол 375 биш 580 жилийн ой болно. Зургаан түмэн монголын ноёд андалгүй ирж буй нь дээр үгүүлсэн Ван хан уулын “Төр хурахын ам” хэмээсэн нэр үүдэх түгэхийн үнэмшил нутлагаа мөн. Ван хан Тэмүжин нар Мэргидийн эсрэг дайлаар нэгдэж нэгэн  шинэ Төр хурахын үндсийг тавьсныг түүх бичигт бас тэмдэглэсэн.

Ван ханы үед болон өмнө нь чухам ямар нэртэй байсан нь тодгүй мэт бөгөөд  түүхэн газар зүйч О.Сүхбаатар, газар зүйч түүхч Г.Бадамсамбуу нарын зарим судлаачид Ван ханы алтан тэрэм боссон нутаг, тэнд Чингис хаан Ван ханыг дарсан газар өнөөгийн Хан уулын Төрхурахын ам мөн гэсэн дүгнэлтийг олзуурхав. Үнэхээр түүхэн үйл явдал цаг хугацаа орон зайн хувьд онож байна. МНТ-нд энэ газрыг Жэжээр өндрийн Жээрэн амсар /хавцхай/ гэсэн буй бөгөөд чухамдаа Цэцээ өндөр Жэжээр өндөр хоёр нэг үг байх магадлал бий. Учир нь эл түүхэн газарт хожим манжийн хаанаас гүн цол өгсөн, бас дархалж байсан.  Иймээс Жэжээр өндөрийг “Жэжээр гүн” болгосон нь хожмын халх аялгууны нөлөөгөөр Цэцээ гүн болж хувирчээ гэмээр. Иймд Жэжээр гэдэг үгийн язгуурыг хожмын мэргэд судлууштай бөгөөд Жээрэн /зээрэн/ гэдэг нь өнөөгийн зээр гэсэн үг мөн. Хан уулын зүүн талын нар тоссон энэ ам эрт дээр үед Туулын хар түнэ ойт бүсийн модгүй хавцхай ганц ам амсар байсан, тун хожуу ойжиж эхлэсэн цэл залуу модтой. Их голоос ундаалах үй түмэн зээр гөрөөс үймэлдэн цувж Хонхор болон Төрхурахын амаар нутагшдаг Жээрэн хавчил байж болох зээрийн нутгийн хойт хил байсан цаг саяхан билээ.

“Төр хурах” гэж үйл үгийн эс тухайлах захирах хүсэх хэлбэрээр нэрлэсэн нь хойчийн нэгэн цагт монголын Төр хурах зөн совинг шившин гэрээслэсэн бэлгэдэл болох нь илт мэт. Энэ домог түүхийн мөрөөр Анхдугаар богд  Хан уулын  бэлгэдлээр энэ хавийг тойрон нутаглаж байсныг их  түүхэн дотроос  сугалж,  хэт илүү үнэлээд байгаа мэт.

МОНГОЛЫН НИЙСЛЭЛИЙН СҮЛД ШҮТЭЭН ЮУ ВЭ?

Үүнийг надаас асуултгүй монгол хүн бүхэн “гал голомт” гэх буй. Нийслэл бол улс орон, гүрэн төрийн голомт мөн. Гал болоод голомтыг дүрс тэмдгийн хувьд яаж  ч урнаар зохиомжлож болно. Гэхдээ гол нь хаан төрийн тулга бас дүрслэгдэнэ. Алтан тулгатай гэж татаарууд хан хүрээгээ өргөмжлөж байсан. Буурь туурь нь одоогийн Дорнот аймагт буй биз ээ. Гал голомт гэдэг ухагдахуунд хэд хэдэн утгас ичээстэй буй.

1. Өвөг дээдсийн гал, орон гэрийн уламжласан нь

2. Айл гэр орд өргөө тулгалаж байсан ором язгуурт газар нутаг

3. Улс гүрний хаан хүрээ голомт бүхий  ард олны хандах төв

Үүнийг утгын талаас нь тайлан тодловоос

А.Гэр орны голомт шүтээн

Б. Улс орны дархан төв шүтээн

В. Хаан төрийн сүлд, гал голомтын төв шүтээн болмуй.

Үүнийг Чингисийн төрийн байдлаас ажвал  1205 оны намар Онон мөрнөө  хаан голомт орд байгуулж төрийн есөн хөлт Их цагаан туг босгосон, 1234 онд Өгэдэй хаан Их гүрний нийслэл Хархүрэм хотыг цогцлоосон, 1238 оноос Тулуй эзний тулгат нутгийн шүтээн Тосох хотыг үүсгэсэн. Одоогийн байгаа энэ газрын тухайд түүх сөхвөөс Чингис хааны гал голомтын төвийг тухайн үед нь энд тогтоосны ул мөр одоогийн Налайхын хойно Туул голын урд энгэрт “Тулуй эзний тулгат гацаа” гэх газар буй бөгөөд энд Мөнх Хубилай хаад төрж өссөн гэлцэх. (Акад. Х.Сампилдэндэв “Чингис хааны домог оршвой”). Нийслэлийн үүсэл түүх, соёл шүтээний энэ мэт мадгийг эрдэмтэн мэргэдээр шалгуулан, зоримог залруулж утга бэлгэдлийн үнэн зөв шийдэлд хүрээсэй. Хамгийн гол нь шарын шашны эхлэлийн сүсгээр биш, монгол төрийн түүхийн үнэнээр хандваас онох буй. Чингэвээс монголын Хуучин Шинэ хоёр нийслэлийг холбосон мундахгүй их ажил өрнөх, өндөр настай өвөг нийслэлтэйгээрээ нүүдэлчин монголчууд  бахархах сан даа?

 

Н.НАГААНБУУ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих