М.Зоригт оо, ядахдаа Дүлзэн шиг бай л даа

527-1415086892М.ЗОРИГТХүүхэд байхад энэ хорвоогийн хамгийн муухай урвагч нь “Ардын элчийн” Дүлзэн байж билээ, хөөрхий. Ямар сайндаа л энэ дүрд тоглосон жүжигчинг манай хотын хүүхдүүд чулуугаар нүүлгэн алахаа алдсан гэдэг юм.

Одоо бодоод байхад Дүлзэн урвагч бус угаасаа л нөгөө талд зүтгэсэн нөхөр байна билээ л дээ. Үзэл бодол нь тийм байж. Тэрбээр үзэл бодолдоо л үнэнч байж. Тиймээс улаантнуудыг хараад уравсангүй. Шарыг хараад шаравсангүй. Цагаантнууддаа эхнээсээ үнэнч байгаад л улаантанд буудуулжээ. Энэ хүний тийм муухай чанар юм гэж үү? Үгүй байх аа. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байна гэдэг шударга хүний хамгийн гол үзүүлэлт гэсэн нэг үгтэй зуун хувь санал нэг байна.

Түгжил. “Тунгалаг тамир” кино гарсны дараа түүнийг хамгийн муухай урвагч гэж үзэж байв. Үнэн. Төр нөхөрлөлөөсөө урвасан болохоос үзэл бодлын хувьд угаасаа л олз хайсан шуналтан байсан л даа. Өөрөө л жаахан хөрөнгө мөнгөтэй болж байвал чөтгөр шуламтай ч нөхцөхөд бэлэн явсан нөхөр “Цахиур” Төмөртэй таарсан хэрэг. Тэгээд л ганц адсаганаас болон нөхрийнхөө араас хутгалдаг шүү дээ.

“Мандухай хатны” Исмэл. За энэ бол төрийн эрхийг авахын төлөө төрсөн биеэ гал дээр шаруулахад ч бэлэн явсан нөхөр. Хаан ширээг л авч байвал хатны зүрхэнд сэлмээ шаах энэ тэр түүнд юу ч биш байлаа. Урвагч гэхэд ч хаашаа, тэмцэгч гэхэд ч хаашаа. Харин хаа ч очиж эцэс сүүлдээ амь гуйгаагүй хатан зоригтой шуналтан.
“Цогт тайжийн” Арслан. За үүнийг л жинхэнэ урвагч хэмээн үзэхээс өөр аргагүй байх. Шашнаасаа урвахаас гадна Монголынхоо эрх ашгаас урвадаг. Тэгээд яадаг билээ. Толгойгоо авхуулдаг.

Одоо та нар сүүлийн үед фээсбүүкийн хуудсаар нүцгэн шалдан зураг тавьж алдаршаад, бас Ардчилсан намынхаа даргыг огцруулахад гарын үсгээ зуран нөгөө анхнаасаа би ардчиллын төлөө залуусыг манлайлж явсан хэмээн саяхан л сонгуулийн өмнө уран гоёоор донгодоод байсан УИХ-ын эрхэм гишүүн М.Зоригт эдгээрийн хэнтэй нь адилхан байгааг тулгаад үзээрэй. Уг нь түүнийг миний бие учиргүй их хүчтэй дуран авайгаар зэвсэглэчихээд бусдын унтлагын өрөө рүү шагайгаад явдаг гаж дондон гэж боддоггүй.

Яахав, залуу хүний сонирхол ганц нэг сайхан авсан зураг өөрийнхөө фээст тавиа л биз. Харин намынхаа даргыг огцруулах бичигт мутраа зураад, зурагтаар ямар нэг нам энэ тэр биш, ерөөсөө л хувь хүнийхээ хувьд энэ огцруулах гээд байгаа бусад хүмүүсийнг дэмжиж байна гэсэн үгийг хэлж байх юм. Гэхдээ зайлуул учир шалтгаанаа бүрэн тайлбарлаад, ийм тийм шалтгаанаар гэдгээ огт хэлэхгүй байгаа бөгөөд цаанаа л нэг дарамттай, хүчээр өгүүлээд буй нь харагдаж байна билээ.  Тэгвэл одоо М.Зоригт дээрхи урвагчдийн хэнтэй нь адилхан байгааг таацгаая.

Дүлзэн лав биш. Дүлзэн шиг байсан бол хөхийнхөө талд зүтгэсээр байгаад л улааныхандаа “алуулах” ёстой. Түгжил үү? Дөхөж байж мэдэх юм. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэсэн нэг үг бий шүү дээ. Тэр агуулгаар нь авч үзвэл түүнд Түгжилтэй төстэй юм бага сага байна. Арслан тайж уу? Үгүй. Одоохондоо арай ч “шашнаа” солчихоогүй байна. За тэгээд шашнаа солилоо гэхэд нүхгүй тарвага шиг болно гэдгээ эрхбиш тэр мэдэж байгаа л даа. Тэгвэл Исмэл үү? Бас үгүй. Тэрбээр Исмэлийн хаана ч хүрэхгүй.

М.Зоригт гэсэн нэртэй болохоос тийм зориг ч байхгүй. Байсан бол Монгол төрийн эрхийг барихын төлөө намынхантайгаа 20 гаруй жил зүтгэчихээд түүнийхээ төлөө “амиа” өгч байвал өөр хэрэг. Исмэл, Дүлзэн хоёр  шиг тууштай тэмцэх хэрэгтэй л гэсэн үг л дээ.  Түүнээс биш нарийн ухаантай хужаа панзчин шиг улааныг харж нэг урваад л, шарыг харж шарваад л, хөхийг харж нэг хөрвөөд л байх хэрэггүй юм.

Тэгэхээр энэ нөхөр манай алдартай “урваачдын” хэнтэй ч эн зэрэгцэхгүй байна. Харин зүгээр л бусдын дохиогоор хөдөлдөг циркийн сармагчин шиг амьтан болж, хөөрхий. Мөнгөтэй хүний халаасанд ороод түүнийхээ дохиогоор хөдөлж байгаа нөхрийн хоолойны өнгө хүртэл өөр байдаг юм байна. УИХ-ын эрхэм гишүүний хувьд юун Исмэл, юун Дүлзэн, юун Арслан, юун Түгжил. Тиймээс намынхаа эсрэг яваад байгаа түүнд ядахдаа Дүлзэн шиг бай л даа л гэе.

Н.Халиун


URL:

Нэр: zochin Огноо: 5 November 2014

Iim l yumnuud AN-iig gutaaj yostoi nudend huiten heden yum gariin useg zursan bainalee dee.

Сэтгэгдэл бичих