Б.Шvvдэрцэцэг : 180 хэм (Өгүүллэг)

11527831Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илүү нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа чадахгүй зүүнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө.Сэтгэлийн гүнээс шөвөгдөх тэр түгшүүрт мэдрэмж л ийнхүү урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хүргэв үү дээ.
Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хагинуулах, хүүхдүүдээ сэрээх гэж үглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бүх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Yсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно. Харин тэр….Айлын нөхрийн өглөө бүхэн хийдэг олон ажил түүнийг хүлээж байлаа. Юуны өмнө хүүхдүүдийг сэрээх. Хүүхдийн өрөө рүү орж сургуульд сурдаг ууган хүүгийнхээ хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв.
-Босоорой, миний хүү. Хичээлээсээ хоцрох нь. Хүү хөнжлөөрөө биеэ ороогоод цааш эргэхдээ:
-Аав, сүртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ.
-Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам…Тэр яагаад ийнхүү үглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхүү үглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргүй ажил миний толгой дээр… Ядаж Дөлгөөн өглөө босохгүй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хүргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм…”
Эмэгтэйчүүд яагаад үргэлж ингэж нэгэн хэвийн юм үглэж өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв үглэж таашаал авдаг бол аймаар юм…Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө…Мань хүн хүүгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рүү шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр… Дараагийн гучин минутанд нойрмог нүдэлсэн том хүүдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хүүгээ босгон нүүрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг яагаа ч үгүй байхад, яршигтай юм…” гэж гэргий нь ярдаглаад хөнжлөө буцаан нөмрөх аж.Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан хүүгээ өгөөд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр.

Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай . Гэтэл эхнэр нь залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? хэмээн лавлаад орой хүүхдээ цэцэрлэгээс авч чадахгүйгээ дуулгав..
Аяа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хүү нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно.
Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Yдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ.
Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хүрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зүгээргүй дэг гэсэн түгшүүрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугүй байхав.
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахгүй юу. Муу хогийг хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван хүүхдээ аваад явчихсан байвал хашрахгүй яадаг юм” гэв.
-Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай . Тэнд очоод түйвээж өгвөл яана. Аягүй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм?
Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зүрхгүйгээ дотроо хүлээн зөвшөөрч байлаа. Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр.Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчүүд хоорондоо уулзаж зовлонгоо яриахаас хэтрэхгүй дорой амьтад юм чинь.
Тэр хоёр ямар ч шийдэлд хүрч чадалгүй салцгаав. Yдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгүй байхад горьдов оо, бас. Гэвч очихгүй байж чадахгүй нь ойлгомжтой. Хүргэнүүд хэзээ сайн нэртэй байлаа.
Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд үймрүүлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг өдө, гадагшаа хэд хэд ухасхийх нь . Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгүй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хүүгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа нүдийг хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бүгд л цаг руугаа хялалзан гэр гэр рүүгээ яарцгаах нь адилхан. Харин хүүхнүүд хаашаа ч адгасан шинжгүй, энэ орой хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг үзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв.

Баатар бага хүүгээ цэцэрлэгээс нь аваад дэлгүүрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншүүн дунд зогсоо харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ үзэж сууна. Баатар зочны өрөө рүү нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж өгөөд бага хүүгий нь дуудан үнсээд үглэж эхлэнэ.
-Миний муу зээ яасан туранхай юм дээ. Эх нь гайгүй л мөнгө олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, үгүй ч юм уу… Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд хүүгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгүй өнгөрчихөж чадсангүй. Гэр рүүгээ яарах ч хэрэг байсангүй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой.
Түүнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хүү яасан ядруу харагдах юм. Цаад хүүхэн чинь ганц удаа хүүхэд цэцэрлэгээс нь авчихгүй юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж:
-Хүү ирээ юу? Хөгшөөн хүүдээ цай хоол… гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа үргэлжлүүлнэ. Эгч нь тэдний хүүг дуудан үнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. . Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишүүний дунд тавхан эр харагдах нь тоон дотор үсэг.. гэгчээр дэндүү сондгой . Гэтэл нэгэн эрэгтэй гишүүн шийдвэр гаргах түвшин дэх эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хөхрөөд
-Энэ муусайн эрчүүд гэрээ сахиад л дуугүй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хүүхдий нь бид гаргаж байна. Эрчүүд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур :
-Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз…Эмэгтэйчүүдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа :
-Тэгж бас болохгүй ээ. Эрчүүдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шүү гээд хүү рүүгээ нүд ирмэх нь сэтгэл уужрам. Түүнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хүүгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад :
-Хэнтэй ярих вэ?гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгүйгээр:
-Энхмаагийнх мөн үү?гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад:
-Мөн байна??
-Өөртэй нь ярьж болох уу?
-Байхгүй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно.
Залуучууд ичгүүргүйгээр айлын эхнэр эргүүлэх юм даа. Шөнө эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрүүл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хүүгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хүү нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгүй юу. Ядаж л удам залгах охингүй юм гэж амьтан гоочлоод байхгүй. Шөнө дунд болжээ. Санаа алдаад унтлагын өрөөндөө оров. Эр хүн оргилд нь бүү хэл хажуу бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сүлдэт уулын цаст оргилыг дүрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй.
Эхнэр нь хэзээ ирэх юм бүү мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хүн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө атгуулсан хийморьгүй хүүхэн биш шүү. Та гурвын төлөө нойр хоолгүй яваад байхад давраад байвал…” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав.” Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны айлчлал хий байна”
Манай ерөнхийлөгчийн нөхөр тэргүүн ноёны донжлог хувцас хөгшин европын дээдсийг гайхуулав … ч гэх шиг. Эр хүн гэдэг чинь зүгээр л нэг хувцасны гол юм гэж үү? Гунигтай бодлоо үргээе. Түүнийг дөнгөж зүүрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хүлээлтийн дунд нойрмоглосон зүрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв.
-Түлхүүрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв үү дээ?гэх түүнээс өөр залуугийн сүрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад :
-Хоол идэхгүй л биз дээ? гэж бувтнаад унтлагын өрөө рүүгээ зүглэв.
Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хүйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн түнэр харанхуйг үүрийн гэгээ ярна. Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч үл ялган гийгүүлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих