Ц.Баасандорж: Улс төрийн ашиг сонирхлоор үйлчлүүлэгчийн минь эрх зүйн байдлыг битгий дордуулаач

jkkk

Б.ЭНХЗАЯА

АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар уржигдар мэдээлсэн билээ. Энэ үеэр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогчдын олонх нь Л.Гансүхийн танил талынхан байсан төдийгүй гүйцэтгэгч “MGLSB” компани хуурамч баримтаар зээл авсан, “Багануур” компанийн шийдвэрт нөлөөлж алдагдалд оруулсан зэрэг баримтыг дэлгэсэн. Үүнээс гадна өмгөөлөгч Ц.Баасандоржийн Л.Гансүхийг өлсгөлөн зарлахтай холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны захиалга бүхий гар бичмэл олсон тухай ноцтой баримтыг үзүүлсэн юм. Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

 

-АТГ-ынхан Л.Гансүх нарын хэргийн талаар мэдээллээ. Өмнө нь мэдээлж байснаас шинэ баримтуудыг гаргаж тавилаа. Тантай холбоотой ноцтой баримтыг дэлгэлээ. Үүнд таны байр суурийг сонсмоор байна?

-Хэт нэг талыг барьсан мэдээллийг цацаж миний үйлчлүүлэгчийн болон иргэдийн нэр төрд бүдүүлгээр халдлаа.

мнө нь 3.6 тэрбум төгрөгийн хохирол ярьж байснаа одоо 13 тэрбум болчихсонд ард иргэд гайхаж байна. 13 тэрбум гээд байгаа нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад “Багануур” компаниас зургаан тэрбум төгрөгөөр нүүрс худалдаж авсан. Ингээд вагонд ачуулах зардал, тээврийн, шуудай худалдаж авах, шуудайлах, ажилчдын зардал, шигших, 163 цэгт хүргэх, тоног төхөөрөмж авах зэрэг зардал нэмэгдээд нэг тонн нүүрс 78 мянга орчим төгрөг болсон. Тэнд 800 орчим ажлын байр бий болсон байсан. Нэг ажилтныг дунджаар 800 мянгаас нэг сая төгрөгөөр цалинжуулдаг. Тэгээд дээрээс нь татвар, нийгмийн даатгалын төлбөр зэрэг зардал бий. Үүнтэй холбоотой нотлох баримт АТГ-ын нэг өрөөний талтай тэнцэх материал хурааж авсан. АТГ-ынхан “Багануур” компанийн авсан нүүрсийг шуудайлахгүй, шигшихгүй, агаараар нисгээд ямар ч зардал гарахгүйгээр айлын хашаанд буух юм шиг ярьж, асуудлыг мушгин гуйвуулсан мэдээллийг цацлаа. Зориудаар хохирлын хэмжээг ихэсгэх гэсэн, ард иргэдийг төөрөгдүүлэх гэсэн мэдээ мэдээллээр хэн нэгэн улс төрчийг унагаах гэсэн оролдлого хийлээ гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Та бүхэн улс төрийн ашиг сонирхлоор ажлаа хийхдээ миний үйлчлүүлэгч, энгийн иргэдийн эрх зүйн байдлыг битгий дордуулж, ард иргэдийг төөрөгдүүлээч гэж хүсмээр байна. Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үед яаран мэдээлэл хийж хэн нэгэн улс төрчийн эргэн тойрны хүмүүсийг харлуулах гэсэн увайгүй үйлдэл боллоо.

-“Багануур” компанид шахалт үзүүлж, нэг тонн нүүрсийг 39 мянгаар тооцох байсныг 27500 төгрөгөөр тооцуулахаар гэрээ хийлгэсэн гэсэн баримт гараад ирлээ. Харин та үүнээс өөр мэдээллийг өгч байсан шүү дээ?

-2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 27500 төгрөгөөр нүүрсээ худалдаалахыг зөвшөөрсөн “Багануур” компанийн ТУЗ-ын  тогтоол байдаг. Гэтэл үүнийг Үндэсний аудитын газрын ажилтан М.Ичинхорлоо 27500 биш 39 мянгаар зарах ёстой гээд 27 мянга 39 мянга хоёрын зөрүүг борлуулсан нүүрсний хэмжээгээр үржүүлж хоёр тэрбум төгрөгийн хохирол гаргаад ирсэн. “Багануур”-ынхан өөрсдөө тонн нүүрсийг ченжүүдэд 25 мянгаар, цахилгаан станцуудад 20 мянгаар зардаг байсныг “Нүүрс” хөтөлбөрийнхөн 27500 төгрөгөөр худалдаж авсан. Ингэснээр тэр компани их хэмжээний ашиг олсон. 27500 гэдэг бол “Багануур” компанийн өөрсдийнх нь тогтоосон үнэ. Засгийн газрын зүгээс “Та нар худалдаж авсан нүүрсээ нэг тонныг нь 80 мянгаас хэтрүүлэхгүйгээр зардлаа барьж зарна” гэсэн үүрэг хариуцлагыг компанид өгсөн. Компани бүх зардал нь ороод 78800 төгрөгийн өртөг шингээж, тонн тутмаас 1200 төгрөгийн нэмэгдэлтэйгээр зарсан л асуудал. Гэтэл АТГ-ынхан энэ хувийн компанийг ашиг олох ёсгүй мэтээр, олсон ашгийг нь 13 тэрбум мэтээр тайлбарлаж байгаа нь буруу ойлголт.

Манайд иргэний, эрүүгийн салбар гэж бий. АТГ-ынхан иргэний эрхзүйн салбарыг шалд нь унагааж Монгол Улсыг эрүүжүүлж байна. Хоёр хүн хоорондоо гэрээ хийж байгаа нь иргэний эрхзүйн салбар. “Багануур” компаниас авсан 27500 төгрөгийнхөө нүүрсний төлбөрийг төлөөгүй бол төр алдагдал хүлээх ёстой. Бүгдийг нь төлчихсөн, өр авлагагүй болсон байхад хувийн компаниийн олсон ашиг, гаргасан зардал нь төрд хохирол гэж ард иргэдийг төөрөгдүүлж байна.

-“Багануур” компани тогтоолынхоо дагуу мөнгө авчихсан болохоор хохирохгүй гэж та хэлээд байна уу?

-“Багануур” компани нэг тонн нүүрсээ 27500 төгрөгөөр зараад мөнгөө авчихсан бол тэдний асуудал дуусах ёстой. Засгийн газар 80 мянган төгрөгөөр дээд үнийг тогтоочихсон. Үүнээс цааш компани ашигтай эсвэл алдагдалтай ажиллавал тэдний асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, би дэлгүүрээс бараагаа худалдаж авсны дараа бараагаа хэдээр зарах нь төрд болон аль ч байгууллагад хамаагүй. “Багануур”-т цахилгаан станц, ченжүүдтэй адилхан мөнгийг нь төлчихсөн. Гэтэл яагаад “Багануур”-т хохирол гаргаж ирээд байгаа юм. Тэд өмнө нь өчнөөн жил цахилгаан станцуудад 20 мянгаар, ченжүүдэд 25 мянгаар зарж ирсэн. Тэгвэл үнийг нь өсгөж авсан “Нүүрс” хөтөлбөрөөс хохирчихсон юм бол бүр хямдаар олон жил худалдаж авч байсан цахилгаан станц, ченжүүд улсыг бүр ихээр хохироосон болж таарна даа. Хөтөлбөр хэрэгжүүлэгчид нүүрсээ ченжүүд шиг зургаа дахин нугалж зараагүй. Зардлаа шингээгээд хэрэглэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнийг тонн тутмыг 80 мянгаар зарсан. Энэ нь өнөөдөр гэмт хэрэг мөн үү, биш үү. Өнөөдөр 800 гаруй хүн ажлын байргүй болчихсон, тэдний ард 3000-4000 хүн амьжиргаагаа алдчихсан байна. Нийслэлийн гэр хорооллын иргэд нүүрсээ 250-300 мянгаар худалдаж авч байна. Харин АТГ-ынхан орон сууцанд амьдардаг хүмүүс гэр хорооллынхны зовлонг мэдэхгүй.

-АТГ-ынхан Л.Гансүх нарыг 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон талаар ярьсныг та зориудаар хохирлын хэмжээг ихэсгэсэн гэлээ. Тодорхой баримтаар тайлбарлаач?

-“Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил хэрэгжүүлэх явцад “Багануур” компаниас нийт зургаан тэрбум төгрөгийн нүүрс худалдаж авсан байдаг. Энэ нь 27500 төгрөгөөр нэг тонныг авсан хэмжээ. Харин иргэдэд 80 мянгаар зарсан нүүрснээс нийт 19 тэрбум төгрөгийн орлого олсон. Нэмүү өртөг шингээж иргэдэд худалдаалсан орлогоос “Багануур” компаниас анх худалдаж авсан нүүрсний өртгийг хасаад гаргасан тоо. АТГ Л.Гансүхийг 13 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан юм шиг ойлгогдохоор ярьчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэний хашаанд байгаа нүүрс “Багануур”-иас өөрөө тээвэрлэгдээд, шигшигдээд, 163 цэг рүү тараагдаад ямар ч зардалгүйгээр очих ёстой байдлаар тайлбарлаж байна. Ингэж 13 тэрбум төгрөг гаргаж ирсэн. Хамгийн гол нь тооны зөрүүгээр л шийдэж байгаа хэрэг. Ийм зохиомол тоо гаргаж ирсэн аудитор М.Ичинхорлоог Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Цагдаа нар түүний үйлдэл гэмт хэргийн шинжтэй байна гэж эрүүгийн хэрэг үүсгээд гаргасан дүгнэлт дээр нь шинжээч томилчихоод байтал Дүүргийн I прокурорын газраас хэргийг татаж аваад хаачихсан. Бид дээд шатны прокурорт гомдол гаргачихсан байгаа.

-Тэгвэл Л.Гансүхийг өлсгөлөн зарлахтай холбогдуулсан утгатай гар бичмэл ямар учиртай юм бэ?

-АТГ-ын Ө.Энхтөр болон Э.Амарбат нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өнөөдөр /өчигдөр/ шалгуулахаар гомдол гаргаж байна. Мөн Төв аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албаныхныг аймгийнх нь цагдаагийн хэлтэст шалгуулж байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан, иргэний захидал харилцааны нууцыг задалсан гэсэн үндэслэлээр.

-Тэр бичмэл таных гэсэн үг үү?

-Хүсэлт нь миний хүсэлт мөн, бичиг нь ч минийх. Хүсэлтийнхээ ард бичмэлээр юм биччихсэн байсан. Энэ чинь иргэний захидал харилцааны нууц. Төв аймгийн Цагдан хорих төв дээр Л.Гансүх гуайтай уулзахад бүх бичиг баримтаа цүнхтэйгээ сейфэнд хийгээд ордог. Сейфийг онгойлгоод миний цүнхнээс бичиг баримтуудыг хулгайлаад нийтээр зарлаж байна. Зүгээр бодож үзье л дээ. Би “Ерөнхийлөгчийн үйлдэл хэрээс хэтэрлээ. Энэ хүнийг татан буулгавал таарна гээд цаасан дээр биччихлээ” гэж бодъё. Тэгвэл намайг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нь гээд зарлах юм байна л даа. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Өмгөөлөгч хуульд заасан бүхий л арга хэрэгслээр өөрийн үйлчлэгчээ өмгөөлөх эрхтэй” гэж заасан байдаг. Иргэний гар бичмэл, тэмдэглэл хувь хүний нууц.

-Гэхдээ Л.Гансүх өлсгөлөн зарлаад батлан даалтад гарчихсан байгаа энэ үед гаргаж ирсэн бичмэл хуулийнхны төдийгүй иргэдийн хардлагыг төрүүлж байна. Е.сайд, А сайд гэдгийг Ерөнхий сайд гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд биш. Л.Гансүх Байгаль орны ногоон хөгжлийн сайд байсан учраас экс сайд гэдгээр тэмдэглэсэн юм. Та бүхэн ч гэсэн ноцтой асуудлын тухай дотроо бодоод явж байгаад цаасан бичээд явж байхад хэн нэгэн хүн хулгайлаад олон нийтэд дэлгэвэл аюул. Түүн дээр бичсэн зүйлийг би өөрөө бичсэн, надаас өөр мэдэх хүн байхгүй. Тэр бичгийг Л.Гансүхэд үзүүлээгүй, тэр бичгэн дээрх асуудал болсон эсэх нь тодорхой биш байгаа.

-Өөр алдагдсан зүйл бий юу?

-Нэлээд олон хүсэлт гомдол, өмгөөллийн үйл ажиллагааны тактик төлөвлөгөө, зэрэг бичиг баримтууд алдагдсан. Би бичгээ орхиод явсан бол надад л буцааж өгөх ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд АТГ-т өгч байгаа нь анхнаасаа тэд нэгдчихсэн, зохион байгуулалттай байгаагийн илэрхийлэл. Энэ үйлдэлд тус бүрт нь хохирол тооцуулаад Төв аймгийн Цагдаагийн хэлтэсээр шалгуулна.

-АТГ-ынхны мэдээлснээр бол хөтөлбөрийн орлогоос Л.Гансүх нар ямар ч баримтгүйгээр их хэмжээний мөнгө авдаг байсан юм биш үү?

-Ийм баримт хэрэгт байхгүй. Л.Гансүх “MGLSB” компаниас мөнгө авсан үйлдэл байдаггүй. Түүнийг энэ хэрэгт яагаад холбоод байгаа нь М.Ичинхорлоо аудитор “MGLSB” компани “Багануур”-т дахиж мөнгө төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргачихсан. Энэ дүгнэлтэд Л.Гансүх холбоотой байж болзошгүй гэдэг үүднээс холбоод байгаа юм. Түүнээс биш миний үйлчлүүлэгч энэ компанид албан тушаал хашдаггүй. Төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр менежмент хийж нийслэлийн иргэдэд тонн нүүрсийг хямд нүүрс худалдаалах байдлаар нөлөөлж оролцсон.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “MGLSB” компани ашигтай ажилласан хэрнээ худлаа мэдүүлж Засгийн газраас их хэмжээний мөнгө гаргуулж авсан гэсэн?

-Энэ бол банкаар дамжуулж саналаа өгөөд холбогдох яам нь шийдвэр гаргасан асуудал. Л.Гансүхийг Засгийн газраас шийдвэр гаргуулсан гээд байгаа. Шийдвэр гаргасан хүнийг яагаад хэрэгт татдаггүй юм бэ. “Багануур” компанийн ТУЗ-өөс шийдвэр гаргаж нүүрсээ худалдсан. Одоогийн байдлаар тэд толгойгүй хүмүүс болж таарах гээд байна. Багануурын удирдлагууд хүний үгээр явж байдаг, Засгийн газрын эрх бүхий албан тушаалтан зээл олгосон хүмүүс нь толгойгүй юм шиг. Тэд чинь насанд хүрчихсэн, хэрэг хариуцах чадвартай, гаргасан шийдвэртээ өөрсдөө хариуцлага хүлээх ёстой.

-Та үйлчлүүлэгчидтэй­гээ уулзах боломжгүй байна гэж мэдэгдэж байсан. Гэхдээ хуулийнхан эрхийг чинь зөрчөөгүй. Үйлчлүүлэгчтэйгээ олон арван удаа уулзсан баримт байна?

-Өмнө нь Ө.Энхтөрийн Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулж байсан албан тоот байгаа шүү дээ. Цэндсүрэн, Цэрэнжээ нараас өөр өмгөөлөгчийг битгий уулзуул гэсэн утгатай. Энэ нь Ц.Баасандорж өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь битгий уулзуул гэсэн үг. Ийм маягаар хоёр удаа уулзуулаагүй. Хуулиараа АТГ-аас зөвшөөрөл авах шаардлагагүй байсан учраас хэвлэл мэдээллийнхэнд хандаж дуу хоолойгоо хүргэж, олон нийтэд хүргэж чадсаны хүчинд хуулийн дагуу уулзсан.

-Л.Гансүхийн биеийн байдал ямар байна?

-Зүрх нь муу, бөөрний дутагдалд орсон байсан. Эмчилгээ хийлгэж эхэлсэн болохоор шөл зэргийн хоол идээд бие нь арай дээрдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих