“Скайтел“ “Мобиком”-ыг шахаж эхэллээ

83531c7bb0835f33great

“Мобиком” корпорацийг “Юнител” худалдаж авахаар болсон гэх мэдээлэл өчигдөр олны анхааралд байв. Өөрөөр хэлбэл, МСS групп “Мобиком”-ыг худалдаж авахаар болов уу гэх олны эргэлзээ юм л даа. “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” уриатай “Мобиком” саяхан л сая гаруй хэрэглэгчтэй гэж бусдаасаа онцгойрдог байсан. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас “хэмнэлт” хийж ажилчдаа цомхотгож, зарим салбар аж ахуйн нэгжээ хүртэл нэгтгэж эхэлсэн юм. Тэгвэл дээрх мэдээлэл гарах болсон гол шалтгаан нь “Мобиком” одоогийн түрээсийн байрнаасаа нүүх болсонтой холбоотойгоор ийм асуудлыг хөндсөн байна. “Мобиком” нь “Тахь-ко” ХХК-ийн байрыг түрээслэдэг юм байна.
Гэтэл тус компанийн удирдлагууд “Мобиком”-ын өргөтгөл болох “Ньютел”- ийн байрыг яаралтай буюу есдүгээр сарын 1-ний дотор суллахыг шаардсан байна. Иймээс “Мобиком” түрээсийн байр хайж, эцэстээ Хан-Уул дүүрэг рүү нүүх шийдвэр гаргажээ. Гэтэл ажилчид “Хотын А зэрэглэлээс захын гэр хороолол руу нүүх гэлээ. Өглөө ажилдаа амжиж очих хүнгүй болно” гээд шийдвэрийг эрс эсэргүүцсэн байна. Иймээс Хан-Уул дүүрэг рүү нүүх асуудал одоохондоо түр намжжээ. Одоогоор “Ньютел”-ийн ажилчид төв байрандаа нүүж орсон байна. Харин “Мобиком”- ын өргөтгөлийн байранд “Скайтел” компанийн нэгэн томоохон салбар нээлтээ хийхэд бэлэн болж, засвар шинэчлэлээ хийгээд дуусч байгаа аж. Өмнө нь цэнхэр алаг өнгөтэй байсан “Ньютел”-ийн байр өнөөдөр “Скайтел”- ийн улаан шар өнгөөр алаглаж, хэзээ мөдгүй үүд хаалгаа нээх гэж байна. Хэрэв “Мобиком” Хан-Уул дүүрэг рүү нүүсэн бол “Юнител”-ийн төв салбар одоогийн “Тэди” төвд тухлах байсан сурагтай. Үүнийг учир мэдэх хүмүүс “Мобиком”- ын экс гүйцэтгэх захирал, одоогийн “Скайтел” ХХК-ийг удирдаж байгаа Д.Болор захирлын “атак” гэж үзэж байгаа аж.Тэрбээр өмнө нь “Тахь-ко” ХХК-ийн удирдлагуудтай түнш байсны хувьд ийнхүү шахаа хийж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Д.Болор захирал “Мобиком”-ыг шахаж байна гэв үү 
“Мобиком”-оос халах тушаалаа гардсан ажилчид элдэв үг хэл гаргахгүй “Скайтел” руу орж байгаа талаар хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл “Мобиком” тэдний мэхэнд тонгоруулж байгаа юм биш биз гэх хардлага ч эргээд төрж эхэллээ. “Ньютел”-ийн байрыг чөлөөлөөд зогсохгүй “Ве” төвийн байрыг ч мөн суллаж өгсөн байна. Цаашлаад “Тэди” төвийн хоёрдугаар давхарт байрлах “М” клуб хаалгаа барьж, гуравдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байсан буолингийн төвийг ч хаажээ. Эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоох бүрт ажилчид ажилгүй болж байна. Өнгөрсөн хавар ажилчдаа нэг дор олноор нь халснаас нэлээдгүй маргаан дэгдсэн. Тиймээс энэ удаа нэг, нэгээр нь дуудаж уулзаад ажлаас нь сэмхэн чөлөөлж байгаа сурагтай. Халагдсан ажилчид “Скайтел” руу жим гаргасаар байгаа нь бодит үнэн аж. Тэгэхээр “Мобиком” компани“хэмнэлт” ихтэй байгаа ч хэтэвч нь зузаарахгүй байгааг дээрх жишээнээс харж болохоор байна. Мөнгөтэй компани хэрэглэгчдээсээ холдож, Хан-Уул дүүрэг рүү нүүхгүй шүү дээ. Тэд ая тухыг бодож бус өнөөх л хэмнэлтээ хийхээр захын хороолол руу нүүх гэсэн болов уу. Хэрэв ингэхдээ тулбал наанадаж ажилчид, цаашлаад хэрэглэгчдээсээ хагацана шүү дээ. Үүнийг “Мобиком”-ын гүйцэтгэх захирал Дэвид Холлидей энэ удаад анзаарсан бололтой. Ер нь “Мобиком” маркетингаар “дүү” компаниудаа гүйцэхгүйд хүрсэн гэх олны үг ортой болбол байраа удахгүй чөлөөлөхөөс өөр замгүй болно. Хамгийн гол нь халсан ажилчид нь өрсөлдөгч компанид нь очиж хүч сэлбэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Мобиком”-ыг хөл дээр нь босгож, сая хэрэглэгчтэй болгосон Д.Болорын баг “Скайтел”-д нэгдэж “Мобиком”-ыг тонгорох мэхэнд нэгдэв үү.
“Мобиком”-ыг ТЕГ шалгаж байна 
Өөр нэг бүтэлгүйтэл нь саяхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн гар утасны дугаараас иргэдэд улс төрийн өнгө аястай мессеж очсон асуудал байв. ТЕГ-ын удирдлагууд энэ асуудлын эзэн холбогдогчийг тогтоохын тулд “Мобиком”-ыг шалгахаар болсон талаар мэдээлж байсан. Энэ талаар ТЕГ-аас тодруулахад “Шалгаж байгаа” гэсэн юм. Өмнө нь “Мобиком”-той холбоотой иргэдийн гомдол их гардаг байсан хэдий ч хууль хяналтын байгууллага төдийлөн шалгадаггүй байсан. Харин энэ удаад яах ч аргагүй хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан учраас тус компанийг шалгаж, ноцтой асуудлын эзэн холбогдогчийг тогтоохоор шийдсэн бололтой. Харин энэ дуулианы мөрөөр “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нэр мэдээлэл хийсэн. “Бид бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ажилласныг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Румын, Мальта улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Түүнээс биш хүмүүсийн ойлгож байгаа шиг “Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдсан зүйл байхгүй” гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Тэдний энэ мэдээллээр бол гадаадын улс орноос манай улсын хэрэглэгчийн дугаарыг ашиглаж мессеж бичсэн гэсэн нь олныг бүр ч гайхшруулсан. Тэгэхээр тэд хуулийн байгууллагад шалгуулж “но” нь илрэхвий гэж эмээхдээ гадуур өөр компанид худалдагдах гэж байгаа мэтээр ташаа мэдээлэл гаргаж байж болзошгүй гэх яриа ч байна. ТЕГ энэ асуудлаар шалгалт явуулбал, нэлээдгүй зөрчил гарна гэх нийгмийн хүлээлт байгаа. Учир нь “Мобиком” өмнө нь хүчний байгууллагатай хамтарч, хэрэглэгчийн мэдээллийн дагуу тухайн хүний хаана, юу хийж, хэнтэй юу ярьсныг тагнаж, чагнадаг гэх гомдол нэг биш удаа гарч байсан шүү дээ.

 

Б.Цэцэгдэлгэр


URL:

Нэр: Мөнхөө Огноо: 9 November 2014

ашгүй дээ.одоо баяжиж ханасан блгүй дээ.

Нэр: Zochin Огноо: 6 April 2015

Ashgui dee mobi zail

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.