Сөрөг хүмүүстэй харьцах 6 арга

10171292_711655978895761_1446838509057964861_n

Гайхамшгийг өөрөөсөө хайх явцад бид аль болох эерэг байхыг хичээдэг. Гэвч бидний амьдрал тэгш биш . Тийм ч учраас сөрөг хүмүүстэй хаа сайгүй л таардаг. Та ч гэсэн таардаг гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Сөрөг хүмүүс бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг, тиймээс заримдаа бид сөрөг хүмүүсийг зогсоохын тулд ойлгуулж нэг үзнэ бас өөрчлөх гэж нэг үзнэ. Гэвч энэ нь тэр болгон үр дүнд хүрдэггүй. Бид хий дэмий л эрч хүчээ алдаж, яах учраа мэддэггүй. Хэрвээ энэ бүгд тантай ямар нэгэн байдлаар уялдаж байгаа бол энэхүү бичлэгийг танд зориулав.

Сөрөг хүмүүс гэж ихэвчлэн гомдоллодог, бусдыг шүүмжилдэг, аливаа бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс юм.

Эдгээр хүмүүс нь таньдаг (хамтран ажиллагсад, найз нөхөд, гэр бүл)ойр дотны хүмүүс юмуу эсвэл таньдаггүй хүмүүс ч байж болно.

Эдгээр хүмүүстэй харьцах 6 аргыг доор сийрүүлье.

1. Сөрөг хүмүүсээс хол бай. Тэдэнтэй харьцах харьцаагаа багасга. Тэдний ярианд бүү оролц. Анхаарлаа тэдэн рүү бүү хандуул. Хэрвээ ярианд нь оролцоод, эсвэл сонсоод байх юм бол бид хамаг сайхан эрч хүчээ алдах болно.

2. Хэрвээ тэдний ярианаас бултах боломжгүй бол яриаг нь сонсоод, дотроос нь эерэг зүйлийг олж тийшээ чиглүүлэхийг хичээх хэрэгтэй.

3. Хэрвээ дотроос нь эерэг зүйл олдохгүй эсвэл эерэг зүйл рүү чиглүүлж чадахгүй байвал ярианы сэдвийг өөрчлөх гээд үз. Ямар нэгэн үзсэн кино, ушсан ном, болсон үйл явдал, идсэн хоол гэх мэт.

4. Ингээд болохгүй бол тэр хүний асуудал нь юу вэ гэдгийг олж тогтоож туслах гээд үз. “Миний зүгээс би яаж туслах вэ?” гэж асууж ч болно. Хэрвээ тэр хүн үнэхээр нөхцөл байдлыг сайжруулж, өөртөө туслах хүсэлтэй бол таны зөвлөгөөг сонсоно. Өөр дээрээ тусгаж авч үзнэ. Хэрвээ үгүй бол үгүй.

Санаж яв: Хэрвээ хүн өөртөө туслах хүсэлгүй бол та түүнд тусалж чадахгүй.

Та зөвхөн үлгэр дуурайл л болж чадна.

5. Тухайн хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх.

Гэхдээ сөрөг хүмүүсийг хичнээн сөрөг гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн ч гэсэн чихэн дээр байнга хашгичаад л, гомдоллоод байх юм бол бидэнд мэдээж хэцүү байна. Анхаарлаа төвлөрүүлэхгүй байхын аргагүй. Энэ тохиолдолд сүүлийн арга туслана гэж бодож байна.

6. Сөрөг хүмүүсийг дэмж.

Жишээ нь:

Хэрвээ ажил нь болохгүй, бүтэхгүй байна гэж гомдоллоод байвал амыг нь дагуулж “Харин тийм ээ! Чиний ажил ерөөсөө болохгүй, бүтэхгүй байна! Ажил үйлс чинь бүтэхгүй байхад чи яаж тэвчиж байна аа! Чиний хувьд амьдрал ч үнэхээр онцгүй байна шүү! гэж амыг нь дагууулж, сайн дэмжээд өгөх хэрэгтэй.

Хэрвээ бусдыг муулаад зогсохгүй байвал “харин тийм ээ! Чамтай яахаараа ийм муу хүмүүс таардаг юм бэ? Ийм муу хүн таарахаар үнэхээр хэцүү байдаг байх даа?! гэх мэтчилэн амыг нь дагуулж дэмжих.

Хэрвээ өөрийгөө тарган, хөдөлгөөнгүй, залхуу… гэх мэтээр дуудаад л өөртөө сэтгэл ханамжгүй байгаа хүмүүстэй яаж хандах вэ гэвэл (энэ тохиолдолд ийм хүмүүс “үгүй ээ чи зүгээр” гэдэг хариулт сонсох гээд байдаг. “Чи зүгээр” гэдэг хариултыг нь өгсөн ч гэсэн байнга л тийм хариулт авах санаатай байнга гомдоллодог. Нэг ёсондоо өөрийн үнэнтэй эвлэрч чадахгүй, бусдаас баталгаа хайж, аргадуулж, цаасан малгай өмсөх дуртай хүмүүс байдаг.) “Тийм, чи тарган байна, тарган байхад хэцүү шүү. “Тийм, чи үнэхээр залхуу юмаа”. Үнэн. Санал нэг байна. гэх мэтээр амных нь дагуу яриаг нь дэмжээд өг.

Ингэж чадвал тухайн хүнд “юу билээ” гэж өөрөөр нь ухааруулах боломжийг өгдөг. Та ч гэсэн сөрөг хүмүүстэй тэмцэлдээд, өөрийн эрч хүчийг барах шаардлагагүй. Энэ нь надад маш амархан арга юм шиг санагддаг. Бас үр дүн сайтай байдаг. Сөрөг хүмүүс өөрөө ухаардаггүй юмаа гэхэд ямар чиг л байсан таны дэргэд сөрөг юм ярихаа болино.

Тиймээс дараагийн удаа сөрөг хүмүүсийг нэг дэмжээд үзээрэй.

Эцэст нь хэлэхэд бусдыг аз жаргалтай болгох нь таны хариуцлага биш. Тухайн хүний өөрийн хариуцлага гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн зөвхөн өөрийгөө л аз жаргалтай баяр баясгалантай болгож чадна. Тиймээс сөрөг хүмүүст эрч хүчээ бүү зарцуул. Түүний оронд эерэг зүйлд зарцуулах нь хамаагүй дээр.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.