Намаа засаад, төрөө зас…

Нам гэдэг бол төр, засгийн эрхийг гартаа авах, ядаж л төрөөс гарах шийдвэрт нөлөөлөх зорилготой улс төрийн байгууллага. Албаны гоё үгтэй тодорхойлолтуудаас хамгийн сонгодог нь энэ гэж байгаа. Мэдээж хэрэг нам гэж ийм байх ёстой гэдгийг манай улстөрчид, жирийн сонгогч гишүүд нь ч маш сайн мэднэ.

Гэхдээ нам болж тоглох хэлбэр нь улс төрийн шинжлэх ухаанд заасан онолоор бол шал өөр зүйл байх. Харин манайхан намыг бас л “монголчил”-сон.

Уг нь улс төрийн нам зорилго стратеги, бүтэц, зохион байгуулалт, хэв маяг, үзэл баримтлалаараа тодорхойлогддог. Улс төрийн шинжлэх ухаанд намыг Олон нийтийн нам, боловсон хүчний буюу мэргэжлийн нам гэж ангилдаг байна. Гэвч манайхан үүний алинд ч хамаарахгүй.

Боловсон хүчний нам нь улс төрийн өндөр идэвх, ухамсартай,  үзэл суртлын нарийн шүүлтүүрээр орж, тусгайлан бэлтгэгдэн мэргэшсэн намын ажилтан, гишүүд дээр тулгуурлан бодлого, үйл ажиллагаа явуулдаг. Олон нийтийн нам нь гишүүнчлэлгүй, харин нийтэд таалагдах, тэднийг татах таатай бодлого, мөрийн хөтөлбөрийг үзэл баримтлалынхаа хүрээнд хийж байж олон нийтийн дэмжлэгийг авдаг байна.

Харин аз болж манай АН, МАН-д тохирох нэгэн томъёоллыг Немц-Америкийн улс төр судлаач Отто Киркхаймер гаргажээ. Тэрээр манайхан шиг ийм улс төрийн нэгдлийг “Бүгдийг хамарсан” нам гэж тодорхойлсон байна. Ийм нам гишүүд дэмжигчдийг өөртөө татахын тулд заавал үзэл баримтлалаа барих шаардлагагүй гэж томъёолжээ. Яг манайханд таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ыг дэмжиж байна уу, МАН-ыг дэмждэг үү гэсэн асуулт нь арслан П.Бүрэнтөгсийг дэмждэг үү, заан Ч.Санжаадамбыг уу  гэдэгтэй агуулгын хувьд адил болсон гэсэн үг. Мэдээж аль таалагддаг бөхөө л дэмжиж таарна. Харин улс төрийн намыг сонгох гэдэг тааллаас огт өөр аж.

Дэлхийн улс төрийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн “загвар”-ын манай намууд анх 1990-ээд оны үеэс гишүүнчлэлийн төлөө өрсөлдөж, хөөцөлдөж эхэлсэн. Гэхдээ яваандаа олон нийтэд ийнхүү харагдахаасаа илүүтэй өрсөлдөгч нам хүчнээ “Бид олуулаа шүү” гэж сүрдүүлэх тэмцэл болон хувирсан.

Яг үнэндээ аль нам хэдэн гишүүнтэйг мэддэг сонгогч байхгүй. Мэдэх хэрэгцээ ч үгүй. Тэгээд ч АН, МАН-ын гишүүдийн цаасан дээрх бүртгэл нь хэвлэл мэдээллээр сурталддаг тооноос хол зөрүүтэй гэж байгаа. Шууд утгаараа өөрсдөө ч нарийн тоо хэлж мэддэггүй. Нөгөөх бүгдийг хамарсан намын үндсэн хэв шинж энэ ажээ.

Ер нь бол улс төрийн намуудыг хэр зэрэг төлөвшсөнийг илтгэдэг хэдэн үзүүлэлт байдаг. Төлөвшсөн бол төр барьж болно гэсэн үг. Үзэл баримтлал гэдэг төлөвшлийн хамгийн эхний чухал шалгуур нь байдаг аж. АН баруун төвийн, МАН зүүн төвийн үзэлтэй гэдэг.

Барууны үзэл нь нийгмийн дэвшлийг чөлөөт өрсөлдөөн, зах зээл, хувийн өмч, үйлдвэрлэл зэрэгт  тулгуурлаж авч үдэг. Гэхдээ энэ үзэл нь хэт барууны фашист хэв маягаас либерал ардчилсан хэв маяг хүртэлх хоорондоо асар ялгаатай олон үзэл суртлаас бүрддэг. Зүүний үзэл нь тэгш байдал, шударга ёс, бие хүний бүх талын хөгжлөөр нийгмийн дэвшлийг холбож үздэг. Онолын хувьд ингэж томёолсон байна.

Таван жилийн өмнө блогчин, судлаач Ц.Болд “…XXI зуунд эдгээр намыг аль нь ямар үзэл баримтлалтай, либерал, консерватив гэдэг нь юу юм, эсвэл бүгд найрамдах болон ардчилсан нам гэдэг нь барууны юм уу зүүний нам уу гэдгийг ялгаж салгах аргагүй болжээ.

Харин Монголын намуудыг Баабар нэгэнтээ “… манайд зүүний, хэт зүүний, ультра зүүний, инфра зүүний, тултал нь зүүний намууд л бий” хэмээн тодорхойлсон байдаг. Үүнийгээ базаад Монголын намуудыг зүүний намуудын овоолго хэмээн дүгнэсэн нь оносон санагддаг. Гэтэл нөгөө намууд нь өөсрдийгөө би арай баруун талынх, зүүнийх ч гэсэн баруун талын зүүнийх, манайх арай баруунтшаа гэдэг ч юм уу, манайх зөв бодлоготой нам гэхчлэн тодорхойлох болжээ. Үр дүн нь юу вэ гэхээр манайд дүүжингийн баруун талд нэг ч нам байхгүй болсон гэсэн үг.

…Монголд одоо зүүний ч бодлого хэрэггүй, барууны ч бодлого хэрэггүй. Монголд одоо зөв бодлого л хэрэгтэй хэмээн Ц.Элбэгдорж чанга дуугаар зарлаж байгаа нь өөрөө анх удаа бодож олчихоод хашгираад байгаа ч юм биш. Зарим нэг нь, “Би Элбэгдоржоос өмнө тэгж хэлсэн” гээд булаацалдаад байгаа нь тэр хүн анхдагч нь гэсэн үг ч бас биш. Нарийндаа либертари үзлээс бүгд л хулгайлж, либертари байр суурийг булаацалдаад байгаа хэрэг шүү дээ. Зүүний бодлоготнууд овооролдож байх хооронд либертари бодлого, байр суурийн орон зай онгойчихсон л хэрэг. Либертари байр суурь хамгийн зөв ч гэж байгаа юм биш. Үзэл баримтлалын хувьд манай намууд энэ орон зайн огторгуйд жигд тархаагүй, байр сууриа эзэлж чадаагүй байна. Нэг буландаа бүгд овооролдсон учраас үзэл баримтлалын огторгуйд намууд жин дарж чадахгүй болжээ. Хүн төрөлхтөн олон янзын үзэл баримтлал, зарчим байр суурийг бодож олж, олон янзаар сэтгэдэг байхад манайхан л ганцхан зүүн хойд талын буландаа овоорч бусад орон зайг хоосон орхисон бололтой” гэж бичиж байв.

Нийтлэлч А.Баатархуяг дөрвөн жилийн өмнө “…Энэ “Зүүн төв” бол Ардчилсан хувьсгалын дараа МАН шинэ нийгмээ ойлгоогүйгээс “Нагаржунайн төв үзлийн онол” гэгчийг дэвшүүлж үзээд дараа нь Гандан хийд маягийн ТББ болчихгүйн тулд зүүний үзэл баримтлалыг ухаан жолоогүй шүүрч авсны практик үр дүн. Ингэхдээ “Бид хэзээ ч буруу юм хийдэггүй” /Уг нь буруугийн бурууг хийснээс улс оронд хувьсгал гарсан/ гэсэн бие тоосон уламжлалдаа автаад либерал нийгэм дэх зүүний үзлийг авахаас нэрэлхсэн юм. Дэлхий дахинд коммунизм ялагдаа л биз, харин Монголд бол үгүй шүү…

Ядахдаа тэр үед зүүний үзэлт нам МСДН байсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан хүчнийхэн улстөрийн бүх орон зайг дүүргэсэн байв. Эцэст нь Нагаржунай гуай улстөрч, улстөрийн онолч байгаагүйг ойлгов. Ингэж ойлгоход дэлхий дахин тусласан. Гадаад харилцаа тогтоох гэхээр дэлхийд “Нагаржунаист төвч” нам ганц ч байгаагүй хэрэг л дээ. Үхэж байсан Каддафи хүртэл урцанд хонодог ч Нагаржунайг танихгүй, харин Европын онолчдыг таньдаг байв. Хөгшин Буддизм дахь мянган жилийн өмнөх шинэчлэлийг XXI зууны нам авч болох уу? Шашин улс төр хоёр адилхан уу? Зүүн Европын хуучин коммунист намуудыг татан буулгаж, тараасан, ЗХУКН цагаан ордны эргэлтийн дараа үнсээр хийсч, ЗХУ задрав. МАН гол түшиг тулгуур уналаа. Коммунист Буддист ах дүү намууд. Социн байгаа биз? Одоо хаачихав? Бурхны хуруу авчирч үзлээ болдоггүй ээ. Уг нь Нагаржунайн хуруу авчирсан бол илүү дээр байсан юм.

Нийгэмд оршин байхын тулд МАН зүүний үзэл рүү үхэн хатан дайрч зуурч авсан. Хэрэв консерватив нам болсон бол хуучинсагаараа дуудуулахын дээр МАХН-ын онолчдын үзэхээр “хэт баруун тийш” нүүчих гээд байсан бололтой. Ингээд Монгол хоёр зүүний намтай болсон ба “МСДН байнга либерал АН-тай эвсдэгээс зүүний үзэлт нам биш болжээ” гэх маягаар МАН ховлодог болсон юм. Гэхдээ тэр үед ориг зүүний МСДН-аас ялгарахын тулд МАН зальжинаар “зүүн төвийн” үзэл гэгчийг зарласан ба Нагаржунаизмаасаа “Төв” гэгч үгийг /үгийг шүү/ авч үлдсэн нь жинхэнэ Монгол феномен бий болгосон юм” гэж тайлбарлажээ.

Үнэндээ намуудын хувьд үзэл баримтлалын ялгаагүй болсныг одоогоос зургаан жилийн тэртээ 2008 оны сонгуульд өгсөн амлалтаас нь харж болохоор байгаа юм. Тэр жил АН “…Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд, түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ. Иргэн бүртээ эрдэнийн хувь олгоно. Yнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг. Эрдэнийн хувийн хэлбэр нөхцөл, эх үүсвэр, зориулалтыг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна” гэсэн бол МАН “…Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ. Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас иргэн бүрт 1.5 сая төгрөгөөс доошгүй “Эх орны хишиг” хүртээх сан байгуулах тусгай хууль гаргаж хэрэгжүүлнэ” гэж амлаж байв. Тэгэхээр баруун төвийн, эсвэл зүүн төвийн үзэл гээч нь зөвхөн Дээд шүүхэд бүртгүүлсэн “анкет” дээрх тодорхойлолт болж таарах нь.

Үүнийг дагаад намын гишүүнчлэлийн асуудал ч утгаа алддаг байна. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалаараа бус өөр ашиг сонирхлын үүднээс намын хаалга татагчид гишүүдийнх нь дийлэнхийг эзэлдэг жишиг Монголын намуудад хэдийнэ тогтчихсон гэхэд болно. Хамгийн эхэнд нь улс төрийн намаар дамжин карьер хөөх сонирхолтой этгээдүүдийг нэрлэх ёстой. Тооны хувьд цөөн. Улс төрөөр хоолоо олж иддэг эсвэл өөрт байгаа хөрөнгө мөнгө, улс төр дэх ойр дотны хүмүүсийн дэмжлэгийг ашиглан нам хүчин улмаар засгийн эрхэнд тэмүүлдэг хүмүүсийг үүнд багтана. Ийм хүмүүсийн нэрийг уншъя гэвэл 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар УИХ-д орж ирэгсдийг харж болно. Албан тушаалаас салдаггүй хэсэг бүлэг хүн нам намд бий. Тэд дээрх ангиллыг бүрдүүлэгчид гэсэн үг.

Мөн улс төрийн нам хүчний хамгаалалтад орж, хууль ёс, ёс зүйн зөрчлөөс ангид гарах зорилгоор намд элсэгчид хийгээд нам дамжигчид байна. Одоогийн УИХ-д суугаа гишүүдээс Ж.Батзандан, Б.Наранхүү нарыг нэрлэж болно. Монгол даяар мэдэж буй болохоор “түүх” тайлбарлах нь илүүц биз ээ. Бас тухайн нам хүчин өөрийнх нь үзэл бодол, итгэл үнэмшилтэй давхцдаг гэх найдлагын үүднээс намын гишүүнээр элсдэг.

Амьдралын хэрэгцээ шаардлагаар,аргагүйн эрхэнд намд элсэх, дэмжигч мэтээр харагдах үүднээс элссэн гишүүд нэлээд хувийг эзэлдэг. Нэгэнт ийм хамаа замбараагүй гишүүнчлэлтэй хойно нам сольж, нам дамжин явж буй этгээдүүд ч бас хэвийн шахам үзэгдэл болж эхэлж байна. Ингэж явдаг эрхмүүд үзэл бодол, итгэл үнэмшлээ сольж байгаа гэхээсээ илүүтэй улс төрийн тоглолт, амин хувийн эрх ашгаас шалтгаалсан алхам хийж байгаа юм. Намаа сольж байгаа явдал нь үнэт зүйл гэхээсээ тухайн хүний ноён нуруу, улс төрийн тавцанд амьдрах арга, тоглох технологиос үүдэлтэй асуудал байх нь олонтаа.

Намууд ч сонгуулийн дүн гарснаас хойш нөгөө намынхаа гишүүдийг урвуулах ажлыг илтэд хийн, парламентад илүү олон гишүүнтэй болж хүчний харьцаанд өөрчлөлт оруулахаар улайран тэмцэлдэх болсон. Энэ нь шууд утгаараа сонгогчдын сонгох эрхийг хулгайлсан үйлдэл юм. Зүй нь энэ улстөрчдөөс МАН-аас 10-ыг, АН-аас нь 11-ийг сонгосон бол тэр чигээрээ л дараагийн сонгууль хүртэл зүтгэх ёстой. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Д.Арвин “зүүн төвийн үзэл”-ээсээ шууд татгалзаж баруун төвийн үзэлтэй гэх АН-д элссэн. Хэдэн сарын өмнө МҮАН-аас нэр дэвшиж сонгогдсон Д.Батцогт эрх баригч АН руу урвах жишээтэй. Мөн ирэх сонгуулийн прогноз, судалгааны байгууллагуудын дүнг харж байгаад сонголтоо хийчихдэг нөхдүүд ч олноороо бий болсон.

Намын төлөвшлийг сонждог дараагийн зүйл бол намын бүтэц зохион байгуулалт, санхүүгийн механизм, нийгэм олон нийттэй хэрхэн харилцаж буй арга багтдаг. Хамгийн сүүлд гол шалгуур буюу  тухайн намын хариуцлага хүлээх чадварыг харгалздаг байна.

Бүтэц зохион байгуу­лалт нь нэг хэвд цутгасан мэт, санхүүжилт нь нууц, олон нийттэй харил­цах­даа мөн л нэг хэв загвартай ажилладаг АН, МАН-уудыг үнэндээ ял­гах аргагүй болсон. Ха­риуцлага хүлээдэг эсэх ту­хайд ярих ч юм биш. Ийм байдал эцэстээ намуудыг дампууралд хүргэж, ул­маар энэ нь төрийн тогт­вортой байдалд шууд нөлөөлөх болов. Өнөөдөр гэнэт ийм байдалд хүрсэн эд ч биш аж.

Тэр үед тийм л байсан. Харин одоо нам бус төрийг дампууруулж байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн үйл явдлыг саная. 2014 оны арваннэгдүгээр сарын 5. УИХ-ын чуулган хуралдаж МАН-ын санал болгосноор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулав. Санал хураал­тад оролцсон 66 гишүүний 36 нь огцруулахыг дэмж­сэний найм нь АН-ын ги­шүүн байв. Харин Н.Алтанхуяг АН-ын дарга нь байдаг. Яг үнэндээ АН-ын дарга хэн байх нь, Ерөнхий сайд хэн бо­лох нь ард түмэнд тийм ч пад­лийтай зүйл биш. Харин хэн болохоос нь хамаарч тө­рийн ажил гацна гэдэг хам­гийн том аюул. Ирэх оны төсөв энэ долоо хо­ногт батлагдчихсан байх учиртай. Гэтэл түүнийг за­хи­ран зарцуулах Сан­гийн сайд нь тодроогүй байдаг.

Чухамдаа ганц намын сандал ширээ булаалдсан дажингаас болж Монголын улс төр, эдийн засаг бүхэлдээ хямарна гэдэг байж боломгүй. Ам.долларын өсөлт, бууралтаас Монгол байтугай дэлхий хамаардаг болчихсон. Нэгэнт алдсан энэ валютын ханшийг сүүлийн саруудад баримар аядаж байтал ийм бужигнаан болсноос хойш хазааргүй тавьж орхив.

Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 2014 оны аравдугаар сарын 6-нд 1842.21 төгрөгийн ханштай байв. Харин үүнээс нэг сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 6-нд 1868.58 төгрөг болж өсчээ. Энэ өсөлт өргөн хэрэглээний бараанд хэрхэн нөлөөлж байгааг ард түмэн мэддэг ч болсон. Одоо хэдийнэ мэдэрчихсэн байна.

Дээр хэлсэн олон арга замаар АН-д шургалсан бүлэглэлүүд талцчихсан намаа самарч байна. Тэд зодолдож, “интернэтээр хориглосон” ард түмний хэлж болдоггүй муу үгсээр бие биеэ дайрч байна. Зодолдож байна. Ерөнхий сайд, Их хурлын дарга, Сангийн сайд, Хууль зүйн сайд болох юм гэнэ, тэд.

МАН гэдэг бас нэг ийм загварын намынхан нөгөөдүүлдээ маш сайн урхи, өгөөш тавьсандаа сэтгэл хангалуун байна. Засгийн газрыг огцорсон орой Тусгаар тогтнолын ордондоо хундага тулгаж баярласан гэнэ. Одоо засагт хамтрах санал хүлээн догдолж суугаа гэх.

Энэ бүхний эцэст АН ч, МАН ч ард түмнийг огт бодсонгүй. Угаасаа талхны үнэ нэмэгдэх ч мэдрэгддэггүй болохоор ам.долларын ханшийн 25 төгрөгийн өсөлтийг юу ч биш гэж үзэж таарна. Ганц үгээр хэлэхэд төлөвшөөгүй намуудын төрд тарьсан гай гэдэг л энэ байх.

Өөрсдөө чадахгүй бол өрөөлөөс суралцах гэж нэг сайхан юм бий. Хоёр хөршийн тухай ярихаа больё. Ардчилалтай, юм юмтай, манайхны даган дууриах дуртай Америкт хэд хоногийн өмнө нэгэн үйл явдал болжээ. Конгрессынх нь сонгууль болж ойрын жилүүдэд сураг алдраад байсан Бүгд найрамдах нам ялалт байгуулжээ. Бушийн нам л даа. Харин Ерөнхийлөгч Барак Обама тус намтай хамтарч ажиллан, олон том бодлогын шийдвэр гаргахаа мэдэгдсэн байна. Ийн үндсэндээ төрийн эргэлтийн хэмжээний сонгуулийн дүн гарсан ч энэ бүхэн Америкийн ард түмэнд мэдээ төдийхнөөр л хүрч буй. Ямар ч дажин, хэрүүл тэмцэл, гомдол тэмцэл алга. Барак Обамаг Ардчилсан намынхан нь “Огцруулна шүү…” гэж загнасан сураг гарсангүй.

Монголын маань нэг сайхан үг бий. Гэрээ засаад төрөө зас… гэж. Түүн лүгээ намаа засаад, төрөө засдаг тогтолцоо л бидэнд хэрэгтэй. Гэхдээ энэ реформыг АН,МАН бус ард түмэн л хийж гэмээнэ намаас шалтгаалдаг төрийн дампуурлыг зогсооно. Тэгээд ч энэ намууд засвар авахаа нэгэнт өнгөрснийг өрнөж буй үйл явдлууд батлан харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих