Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батсайхан нарт сонордуулан хүргэх шүлэг

527-14155878553b731e180c8228c3big

Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Халхын хэцүү хэрсүү То вангийн алтан медалт, Тусгаар тогтнолыг хамгаалах бүх ард түмний 281 холбооны анхны удирдагч, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн ерөнхий тэргүүн ЗУНДУЙН ДОРЖ

Анхдагч болгоныг төрүүлсэн
Аймаг хошуундаа би хайртай
Албан тушаалаар далайлгасан
Адгийн дарга нарт би ууртай

Халх нутгийн минь хоймор болсон
Хангай хаандаа би хайртай
Харалган сохроор түмнийг ялгаварласан
Харгис дарга нарт би ууртай

Улаан коммунист зан авираар
Урд дарганцрууд сүржигнэдэг байсан
Хуурамч ардчилсан дүр сүрээр
Хуудуутай дарга нар дэрчигнэж байна

Намын үүднээс бүхнийг шийдэж
Нармай Монголыг гундааж байна
Нэг л намын хөтөлбөр тулгаж
Нэртэй түмнийг гутааж байна

Бууны нохойнуудаар тойрон хүрээлүүлж
Булган нутгийг сэвтээж байна
Булагнал талцаагаар найран сааруулж
Буянтай хотлыг гавтааж байна

Нийгэм журмыг удирдсан коммунистуудыг
Нийтэд нь энд хэлээгүй байна
Аргагүй хэрэгтэйг үүсгэсэн ардчилагчдыг
Амны хийгээр гүтгээгүй байна
Алтан нутгийнхаа олны үгийг
Айзам шүлгэндээ гаргаж байна
Дэндүү хувьсгалчдаас салцгаая гэж
Дээдийн төрдөө өргөж байна
Муухай дарга нарт уурлах тусам
Сайхан нутгаа хайрлаж байна
Тэнэг дарга нарыг жигших тутам
Тэнгэрлэг олноо өмөөрч байна
Дундад зууны хоцролоос гаргасан
Дурсгалт коммунистуудыг магтаж байна
Үзэл сэтгэлийн хүлээсийг тайлсан
Үнэн ардчилагчдыг бахдаж байна
Хэт хувьсгалчид дүрээ хувиргаж
Хэрхэн авирладгийг харж байна
Эднээс ард түмнээ салсугай гэж
Энэ шүлгийг тэрлэж байна

Муу дарга улсыг унагадаг
Сайн дарга улсыг өргөдөг
Муу дарга ардыг зовоодог
Сайн дарга ардыг жаргаадаг

Жич: Булган аймгийн удирдлага хөдөө аж ахуйг удирдах ажлаас эхлээд цэвэрлэгчийг ч намын харьяаллаар ялгаварлаж, олон ургальч үзлийг үгүйсгэж аймагтаа ардчиллын нэр хүндийг унагаж, олон түмний эв нэгдлийг эвдэж байна гэсэн мэдээлэл бий. Үүнийг засаг төр анхаарах л ёстой.


URL:

Сэтгэгдэл бичих