Хэзээ аз жаргал ирдэг вэ?

when-come-happinessБританийн судлаачид хүний нас болон сэтгэл санааны байдал хоорондоо сонирхолтой холбоотой болохыг тогтоожээ. Тэд 10 мянга гаруй хүний амьдралын чанарыг судлаад, 45-аас  дээш насны хүмүүсийн дийлэнх нь залуу байснаасаа илүү аз жаргалтай байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн амьдралын чанарыг найман хүчин зүйлээр, тухайлбал, эрүүл мэндийн ерөнхий байдлаа хэрхэн дүгнэдэг, өвчин байгаа эсэх, нийгмийн амьдрал, сэтгэл мэдрэлийн эрүүл мэнд гэсэн үзүүлэлтээр дүгнэжээ. Судалгааны дүнгээс үзвэл, бидний аз жаргалын мэдрэмж ойролцоогоор 45 наснаас эхэлж, цааш нас ахих тусам тэлдэг байна.

Энд гэнэтийн юм юу ч байхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Нас ахихаар хүмүүс таагүй байдлыг сайн давдаг болдог аж. Залуучуудаас ялгаатай нь ахимаг насныхан хамгаалалтын механизмуудтай болж, тэдгээр нь хүндрэл бэрхшээл, сөрөг нөхцөл байдлыг даван туулахад тус болдог байна. Заримынх нь хувьд энэ нь амьдралаас хүсч хүлээх зүйл багассантай холбоотой байж болох юм. Залуу цагийнх шиг хүсэх зүйл тийм их биш болох үед ажил болон хувийн амьдралаас болж сэтгэл санааны хямралд орох магадлал багасдаг байна.

Үүний сацуу өсвөр, залуу насныхны сэтгэл санааны хямрал, сэтгэлээр унах бараг л гол эх сурвалж болдог өө сэв хайх явдал нас ахихын хэрээр улам бүр багасдаг болохыг эрдэмтэд тэмдэглэжээ. Аз жаргалтай байхад зөв амралт ч бас нөлөөлдөг. Хоногт 6-8 цаг унтдаг хүмүүс амьдралыг өөдрөгөөр хардгийг судалгааны явцад тогтоожээ. Үүнээс бага эсвэл олон цагийг орондоо өнгөрүүлдэг хүмүүс бие махбодь болоод сэтгэл санааны хувьд тийм ч сайнгүй байдаг аж.

Аз жаргалын жорыг олох гэж Британийн эрдэмтдээс гадна Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаачид, тэдний дотор, профессор Лора Картсенсен ажиллаад, аз жаргалыг мэдрэхийг хүсч байвал нас ахихыг хүлээ гэсэн гайхалтай дүгнэлтийг хийжээ. Хүн нас ахихын хэрээр бодит байдлыг харж амьдарч, эргэн тойрны хүмүүсийн юу гэж бодож байгаад санаа зовох нь багасдаг байна. “Нас ахихын хэрээр бид цаг хугацаа явж байгааг мэдэрдэг учраас байгаадаа сэтгэл хангалуун байхыг чухалчилдаг. Энэ нь амьдралыг үзэх шинэ үзэл юм“  гэж Карстенсен тайлбарлажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.