Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс балчир үрс хонгилд эмчлүүлж байна

527-141586087475b73bce49d12867bigУдаан уулзаагүй сувилагч найзтайгаа    тааралдав. Ажил, амьдрал нь    сайн уу гэхэд “Бараг л эмнэлэг дотроо амьдарч байна. Манай эмнэлэг 20.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл коридорт ор засч эмчилгээ хийж байгаа. 1-5 настай хүүхдүүдийн өвчлөл ихэссэн.

Ихэвчлэн цэцэрлэгийн хүүхдүүд ханиад хүрч, эмнэлэгт хэвтэх юм. Орны хүрэлцээ муу. Ачаалалтай ажиллаж байна. Өвдөөд түргэн тусламжаар ирж байгаа хүүхдүүдийг “Оргүй” гээд эмчилгээ хийхгүй гэх эрх бидэнд байхгүй. Заримдаа коридорын хана дагуулаад эгнэсэн олон ор засдаг. Бүр даргын өрөөний үүдний сандал дээр хүртэл ор засаад хэвтүүлдэг болсон шүү дээ.

Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй ажиллаж байхад салбарын сайд нар нь бие биенээ “Шүүхэд өгсөн” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэлдээд байх юм”. Орон сууцны хорооллыг зуны хэдхэн сар бариад дуусчихаж байхад сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг яаравчлан барихгүй хэдэн жил болдог боллоо.

Улсын маань хөгжлийн гол хүч нь бидний үр хүүхэд. Хүүхдийн өвчлөл их байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна” гэв.

Бидний яриа өндөрлөж, тэрбээр “Ээлж солигдох боллоо” гээд эмнэлгийнхээ зүг яаран явлаа. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан энэ үед нийслэлийн эмнэлгүүд өвчтөний хөлд дарагдаж эхэлжээ. Эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрч, хөнжил гудсаа дэвсээд шалан дээр хэвтэн эмчлүүлэх тохиолдол сүүлийн хэдэн жил энгийн үзэгдэл болоод байгааг шүүмжлэх иргэн олон бий.

Эл байдлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорилоо. Эмнэлгийн үүдээр ортол дотор нь суухын аргагүй, өвчтэй xүүхдүүд асран хамгаалагчдаар битүү дүүрчээ. Бас хүүхдүүдээ тэвэрсэн, хэвтэх дараалал, сул ор асуусан хүмүүс үүдний жижүүрийн ачааллыг нэлээд хүндрүүлж байгаа харагдав. 2-3 сувилагч угтах жижүүрт ээлжлэн зогсох аж.

Тэд заримдаа иргэдэд уцаарлангуй хариулт өгөх дүр зураг ажиглагдаж байлаа. Эмнэлэг ачаалалал ихтэй учир эргэлтээр ирэгсдийг нэг мөсөн оруулахгүй үүдэндээ дараалал үүсгэн хүлээлгэж буй нь энэ гэнэ.

Тус эмнэлгийн хүүхдийн тасаг хоёр, гурав, дөрөвдүгээр давхартаа байрладаг. Бид үүдний жижүүрт учир  байдлаа хэлж хүүхдийн тасаг руу орох зөвшөөрөл авлаа. Шатаар өгсөн гурван давхрын хаалгаар ороход өвчиндөө шаналж буй хүүхдүүд уйлалдаж, эм тариур өрсөн түрдэг тэрэг түрсэн сувилагч өрөө болгонд орж эмчилгээ хийж байв. Харин коридорт дөрөв, таван ор эгнүүлж тавиад, хүүхдүүд хэвтүүлсэн байдалтай байлаа.

Орны хүрэлцээгүйгээс “Коридорт түр хэвтүүлчих” гэж эмч хэлсэн хэмээн гурван настай хүүгийн ээж учирлав. Тэрбээр “Манай хүүхэд энэ жилээс цэцэрлэгт явж эхэлсэн юм. Ханиад нь хүндрээд хатгалгаа авчихаж, халуураад байна. Ор гарахаар өрөөнд оруулна гэсэн.

Цэцэрлэгийн хүүхэд олноороо хэвтэн эмчлүүлж байна” гэлээ. Эмчилгээ хийж яваа сувилагчаас ямар өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байгааг тодруулахад “Өвлийн улиралд ханиад томууны гаралт ихэсдэг. Манай эмнэлэгт одоогийн байдлаар 126 хүүхэд хэвтэн эмчпүүлж байна. Хэвтэж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувь нь ханиад, хатгаатай байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зөв хувцаслаж, шим тэжээлтэй хоол өгч, дархлааг нь сайжруулах хэрэгтэй байна. Эцэг эхчүүд ажил ихтэй байна гээд хүүхдэдээ анхаарал сайн тавьдаггүй.

Хүүхэд нь ханиад хүрэхээр эмчид үзүүлж, зөвлөгөө аваад, эмийг нь багшид нь өгөөд цэцэрлэгт хүргээд өгчихнө. Энэ нь бусад хүүхдэд ханиадны халдвар тараах нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс хүүхдийнхээ ханиадыг бүрэн эдгэрсний дараа цэцэрлэг сургуульд нь явуулмаар байна гэлээ.

Ингээд тус эмнэлгийн Чанарын албаны дарга И.Байгалиас цөөн асуултад хариулт авсан юм.

Ч.Байгаль: Хүүхдүүдийн олонхи нь ханиад хатгаагаар өвчлөөд ирдэг

-Хүүхдийн тасаг ачаалал ихтэй байгаа гэсэн. Нийт хэдэн ортой вэ. Хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манай эмнэлгийн хүүхдийн тасаг 125 ортой. Өнөөдрийн байдлаар 124 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Зуны саруудтай харьцуулахад ачаалал ихэссэн.

Манай эмнэлэг хорооноос хэвтүүлэх бичигтэй ирсэн бүх хүүхдийг хэвтүүлэн эмчилдэг. Нэг ч хүүхэд буцаадагтүй. Ачаалал, ихтэй өдөр коридорт ор засаад эмчилгээ хийнэ. Заримдаа нэг орон дээр хоёр хүүхэд хэвтүүлээд эмчилгээ хийдэг.

Өнгөрсөн онд манай  эмнэлэгт Чингэлтэй дүүргийн хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг байсан. Эмнэлэг хүүхдийн тасагтай болсон болохоор манай эмнэлэг дүүргийнхээ хүүхдүүдийг авдаг.

-Өдөрт хэдэн хүүхэд ирж хэвтдэг вэ. Ханиад томууны дэгдэлт ихэсвэл хүүхэд хэвтэх орны нөөц байдаг уу?

-Өдөрт 20-35 хүүхэд ирж үзүүлдэг бол дунджаар 15 хүүхэд эмнэлэгт ирж хэвтдэг. Өвчин нь хүндэрсэн хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж өгдөг. 50 орны нөөц бий.

-Ханиад томууны өвчлөл их байгаа. Хүүхдүүд ямар шинж тэмдэгтэйгээр ирж эмчилгээ хийлгэж байна вэ?

-Хүүхэд бүр өөр өөр шинж тэмдэгтэй ирдэг. Гэхдээ хүүхдүүдийн 70-80 хувь нь томуу, томуу төст өвчин, хатгаа авсан оноштойгоор ирж эмчилгээ хийлгэж эайна. Ер нь хүүхдийн дархлаа сул байх тусам эсэргүүцэх чадвар муу байдаг.

Дархлаа султай хүүхэд атгаа амархан тусна. Тэгэхээр гүүхдэдээ амин дэмтэй хоол өгч, улиралд нь тохируулж хувцаслах хэрэгтэй. Эцэг эхчүүд эмчид хандалгүй эмийн сангаас дур мэдэн эм авч хүүхдэд уулгадаг.

Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн ихэнх нь гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад хүндрээд ирсэн. Эцэг эхчүүдэд хандан хэлэхэд хүүхдэдээ дур мэдэн эмчилгээ битгий хий. Өвдсөн л бол цаг алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн цэцэрлэгг нь битгий явуул гэдгийг л хэлмээр байна.

-Хүүхдийнхээ дархлааг сайжруулна гэж эцэг эхчүүд янз бүрийн витамин уулгадаг. Хүүхдийнхээ дархлааг яаж сайжруулах ёстой вэ?

-Эцэг эхчүүдийг ажиглаж байхад “Тэр витаминыг хүүхдэдээ өгвөл сайн гэсэн” гэх сургаар худалдаж аваад байдаг. Энэ маш буруу зүйл. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эм болон витаминыг уулгах хэрэгтэй.

Олон төрлийн витамин байдаг. Витаминд химийн бодис их ордог. Тиймээс тунг нь тааруулан бага хэмжээгээр уух ёстой. Дархлаа сайтай хүүхдэд заавал витамин уулгах шаардлагагүй.

Харин дархлаа султай хүүхдэд 14 хоногоос нэг сарын хугацаанд витамин өгч болно. Дархлааг нь сайжруулахын тулд амин дэмтэй хоол чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн чанарын, шинэ ногоотой хоол болон сүү, тараг, аарц уулгах хэрэгтэй.

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилчид “Ачаалал бага байна’’ хэмээж байгаа ч бодит байдал дээр энэ эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал хэрээс хэтэрснийг хэлэх хүн олон байна. Цаашлаад сувилагч болон дарга нар бидэнд мэдээлэл өгөхдөө хоёр өөр мэдээлэл өгч байсныг энд дурдах нь зүйтэй.

Тухайлбал, тухайн өдрийн сувилагч 126 хүүхэд хэвтэж байгаа гэсэн бол Чанарын албаны дарга нь 124 хүүхэд хэвтэж байна гэлээ. Хүүхдийн тасагт ажилладаг хоёр сувилагч болон үйчлүүлэгчид үе үе ачааллал ихэсч ор хүрэлцэхгүй өвчтэй хүүхэд болон сахиурыг коридорт хэвтүүлэн эмчилдгийг баримттай хэлсэн юм.

Ийм дур зураг тодорхой байгааг зарим сонин хэвлэлд ч дурдсан. Гэтэл тус эмнэлгийн удирдах апбан тушаалтай хүмүүс ачаалал хэтрээгүй, эмчилгээ үйлчилгээ хэвийн үргэлжилж байна гэж ярьж байх юм.

Ямартай ч хүйтний улирал эхэлж, хүүхдийн ханиад шуухинаа ихэсч буй энэ үед эцэг эхчүүд өвчтэй хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр дараалал хүлээж байна. Үүнээс хардхад эмнэлгийн хүрэлцээ орны хангамж дутуу байгаа нь уулзсан хүмүүсийн ярианаас тод харагдав.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих