Нийгмийн даатгалын байгууллага Төрийн банктай хамтран даатгуулагчиддаа сайн үйлчилгээг санал болгож байна

Medeenii nuurend

Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банктай хамтран онлайнаар даатгалаа төлөх үйлчилгээ нэвтрүүллээ. Энэ шинэ үйлчилгээний талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нараас тодрууллаа.

НДЕГ-ын дарга Ц.Уртнасан: Даатгуулагчиддаа сайн үйлчилгээг санал болгож байна

-          Нийгмийн даатгалын шимтгэлийг онлайнаар төлдөг болсноор иргэдэд ямар давуу тал байна вэ?

Манай нийгмийн даатгалын сайн дурын даатгалын төрөлд жилд 175 мянган орчим иргэн даатгагдаж байгаа. Энэ иргэд өөрийн орлогын байдлаас хамаараад сар, улирал, жилээр сайн дурын даатгалынхаа шимтгэлийг төлдөг. Дээрээс нь 2.8 сая иргэн эрүүл мэндийн даатгал төлдөг. Энэ иргэд маань мөн сар, улирал, жилээр эрүүл мэндийн даатгалын хураамжаа төлдөг. Иргэдийн үйлчилгээг хялбар болгох үүднээс Нийгмийн даатгалын байгууллагад нэг удаа очиж гэрээ байгуулсан тохиолдолд энэ төлбөрөө арилжааны банкин дээр очилгүйгээр цахим банкны үйлчилгээг ашиглаад төлөх ажлыг бид Төрийн банктай хамтраад зохион байгуулж эхэллээ. Мөн сайн дурын даатгалд даатгуулж байгаа иргэд маань ихэнх нь албан бус орон нутагт мал маллаж, зах худалдааны төвүүдэд арилжаа наймаа хийж, нэг хэсэг нь гадаадад оршин сууж ажил, бизнесээ залгуулдаг ийм хүмүүс байгаа. Энэ хүмүүст цаг хугацаа үнэтэй. Тиймээс сайн дурын даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжаа хялбар замаар шийдвэрлэх бололцоог олгож байгаагаараа манай харилцагч Төрийн банк, нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалд даатгуулагчдынхаа өмнө сайн үйлчилгээг санал болгож байна.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан: Төрийн банк 16 төрлийн цахим бүтээгдэхүүнээр үйлчилж байна

-          Нийгмийн даатгал төлөгчид цаг хугацаа, зардал мөнгө хэмнэнэ гэж байна. Төрийн банкны зүгээс энэ талаар юу хэлэх вэ?

Банк бол үйлчилгээний байгууллага учраас аль болох харилцагчиддаа шуурхай, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийг зорьж ажилладаг. Төрийн банкны хувьд үндсэн дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагийн нэг нь хамгийн сайн үйлчилгээтэй банк байх гэсэн зорилт дэвшүүлж байгаа. Сайн үйлчилгээтэй байхын тулд банкинд орж ирээд үйлчилгээ авч байгаа харилцагчийн цаг хугацаа аль болох богино байх. Эсвэл банкинд орж ирэхгүйгээр онлайнаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд оршиж байна. Төрийн банкны хувьд өнөөдөр 16 төрлийн цахим бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Үүний нэг нь зах зээл дээр анх удаа шинэ гаргаж байгаа үйлчилгээ бол Нийгмийн даатгалын үйлчилгээг онлайнаар төлөх үйлчилгээ байгаа юм.

-          Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын лавлагааг авдаг хүмүүс лавлагааныхаа төлбөрийг онлайнаар төлөөд заавал банкин дээр ирэхгүйгээр Нийгмийн даатгалаас үйлчилгээгээ авах боломж бүрдэж байна. Онлайн даатгал төлдөг болсноор харилцагчиддаа өгч байгаа банкны нэг төрлийн шинэлэг үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн онлайн төлбөр төлөх тухай асуудал биш онлайн мэдээлэл дамжуулалтын асуудал орж ирж байгаа юм. Төрийн банкинд шимтгэлээ төлсөн мэдээлэл нь онлайнаар нийгмийн даатгалд хүрч байгаагаараа Нийгмийн даатгал болон Төрийн банк хамтраад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэддээ шинэ боломж, цаг хугацаа, зардал хэмнэсэн шуурхай үйлчилгээ хүргэж байгаагаараа гол ач холбогдол нь оршиж байна.

Сэтгүүлч: Н.Даян

 


URL:

Сэтгэгдэл бичих