Хотын хөгжлийг хөдөөд…

527-1415942784a6469e57f7f2488d00c392ef9dd45365_x3Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулав
Малчин удамт монголчуудын амьдрал ахуйд газарзүйн мэдлэг өнө эртнээс өвлөгдөн ирсэн хэдий ч жинхэнэ орчин цагийн шинжлэх ухаан болж хөгжсөн нь 90 жилийн түүхтэй.

Манай улсын шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд 1924 онд газарзүйн кабинет байгуулагдсан цагаас хойш газарзүйн орчныг судлах ажил тасралтгүй үргэлжилсээр 1962 онд Шинжлэх Ухааны Академийн бүрэлдэхүүнд Газарзүйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдаж, Монгол орны газарзүйн судалгааг олон чиглэлээр хөгжүүлж ирлээ.

Монгол орны физик газарзүй, газрын гадаргын тогтоц, байгалийн ландшафт, нуур, рашаан ус, хөрсөн бүрхэвч, олон жилийн ба улирлын цэвдэг, нийгэм-эдийн засаг, хүн амын газарзүй, бүс нутгийн судалгааны талаар эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, практикийн ач холбогдол бүхий олон зуун бүтээл тууривал, газрын зураг, атлас зохиож нийтийн хүртээл болгосон билээ.

Тус хүрээлэнгийн ажилтнуудаас 60 хүн докторын зэрэг хамгаалж, 2 хүн төрийн шагнал, 3 хүн шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол, 3 хүн академич хэргэм хүртэж, шинжлэх ухааны санхөмрөгийг арвижуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Манай улсын 3 сая орчим хүн амын 47% нь нийслэл Улаанбаатар хотод бөөгнөрч, үлдсэн хэсэг нь 21 аймаг. 330 гаруй сумуудад таран нутагшсан байдлыг харахад хот руу чиглэсэнг хүн амын шилжих хөдөлгөөн үндсэндээ ямар ч зохицуулалтгүй явж ирсэн байна.

Улаанбаатар хотын хүн ам 1989 онд 548,4 мян, 2000 онд 760,0 мян, 2007 онд 1031,2 мян, 2013 онд 1372,0 мян. болж сүүлийн 25 жилд нийслэлийн оршин суугчдын тоо 2,5 дахин өссөн байна. Нийслэлийн хүн амын механик өсөлт ийнхүү хэт эрчимжсэнээс болоод хөдөөгийн хүн амын тоо мэдэгдэхүйц цөөрөхөдхүрчээ.

Нийт хүн амын дотор хөдөөгийн хүн амын эзлэх хувь 1989 онд 43,0%, 2007 онд 39,2%, 2013 онд 31,9% болж жилээс жилд буурсаар байна. Хөдөөд 1 км2 талбайд 1 хүн оногддог бол Улаанбаатарт 290 гаруй хүн оногдож байна.

Хэрвээ аймгийн төвүүдийн оршин суугчдыг оролцуулахгүйгээр тооцвол хөдөөгийн хүн амын нягтшил дээрх үзүүлэлтээс хавьгүй бага байх нь мэдээж. Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн хүрээлэнгийн нийгэм эдийн засгийн газарзүйн судлаачид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ‘‘Засаг захиргааны нэгжийг боловсронгуй болгох урьдчилсан судалгаа”, “Аймгийн төвд ойролцоо (30 км) сумдыг аймгийн төвтэй нэгтгэх бололцоог тогтоох нийгэм эдийн засгийн газарзүйн судалгаа”, “Монгол орны хүн амын нутагшилт, хотжилтын асуудлууд”, “Монгол улсын нийгэм эдийн засгийг тэнхлэгээр хөгжүүлэх газарзүйн үндэслэл”, “Монгол орны Төв бүсийн нийгэм эдийн засаг, физик газарзүйн иж бүрэн тодорхойлолт” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж ирлээ.

Монгол оронд явуулсан нийгэм эдийн засгийн эдгээрсуурь судалгаа болон өнөөгийн хот, хөдөөгийн хүн амын тооны харьцаа, нутагшил, суурьшил, шилжих хөдөлгөөний чиглэл, аимаг, сумдын төв суурин газруудын гүйцэтгэх үүрэг, тэнд оршин суугчдын тоо, ажил эрхлэлтийн байдал, төрийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн амьдралын чанар зэрэг нийгмийн газарзүйн хүчин зүйлүүдийн судалгаанаас үндэслэн төр засгийн удирдлага, олон нийтийн анхааралд хандсан хэд хэдэн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх зохистой арга замыгхайххэрэгтэй гэдэг нь тодорхой байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргааны хуваарь ёсоор одоо 21 аймаг, 330 гаруй сумтай байгаа нь хөдөөгийн хүн амын тоо, бүтэц, нутагшилтай төдий л сайн уялдаж чадахгүй байна.

Хөдөөгийн олонхи сумдын хүн амын тоо 1000-3000 орчим, түүний дотор насанд хүрээгүй болон өндөр настай хүмүүсийнэзлэх хувь харьцангуй их байгаа зэргийг харгалзан жижиг сумдыг нийлүүлж томруулах арга хэмжээ авах нь зүйтэй боловуу.

Манай зарим судлаачид улсын хэмжээнд 100 гаруй сумтай болгох санал боловсруулсан ч бий. Хөдөөгийн сумдыг хооронд нь нэгтгэж хүн амын бүтэц, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх орон нутгийн засаг захиргааны төсов зардлыг хэмнэх, давхардсан орон тоог цөөрүүлэх, төрийн үйлчилгээг цэгцтэй чанартай болгоход чиглэгдсэн энэхүү саналыг тухайн үед зарим аймаг, сумдын иргэдэд танилцуулж байх явцад хөдөөгийн оршин суугчид талархан хүлээн авч дэмжиж байсныг тэмдэглүүштэй.

Хоёрдугаарт, Засаг захиргааны бүтэц зохион байгуулалтын хувьд хөдөөд аймаг, сум, баг, нийслэл хотод дүүрэг, хороо гэсэн нэгжүүд байхаар хуульчлан тогтоосон бөгөөд үүнээс харахад манай улсад Улаанбаатараас өөр хот байхгүй, аймгийн төв гэдэг нь албан ёсны бус нэршил төдий юм.

Аймгийн төв дээр очиход сум, баг гэсэн засаг захиргааны хуваарь үйлчилэхээс биш “төв буюу хот” гэсэн албан ёсны статус байдаггүй нь амьдралд нийцээгүй зүйл болжээ.

Нийтийн дунд Цэцэрлэг хот, Чойбалсан хот, Сайншанд хот, Сүхбаатар хот, Эрдэнэт хот гэх мэт нэршил түгээмэл хэрэглэгддэг хэдий ч хуульчилсан хотын статус, хот гэсэн засаг захиргааны нэгж байхгүйг хүн бүр анзаарч мэддэггүй бололтой.

Эх оронд маань суурин соёл иргэншил зуун дамжин төлөвшиж, хөдөө орон нутагт хотжилтын үйл явц үргэлжилж байгаа өнөө үед засаг захиргааны хуваарьт “хот” гэсэн нэгж орхигдсон нь хачирхалтай.

Улаанбаатараас өөр хот байхгүй учраас л хот руу тэмүүлсэн хүн амын шилжих хөдөлгөөний урсгал нийслэлийн маань даацыг хэтэртэл нөмөрсөн болов уу.

Иймээс аймгуудын төвийг албан ёсоор хотын статус, хотын захиргаатай болгон өөрчилж хотжилтын үйл явцыгганцхан нийслэлдээ биш хөдөө орон нутагт ч бас өрнүүлэх нь орчин үеийнхний, ялангуяа залуучуудын сэтгэлд зорилгод илүү нийцэх нь лавтай. 21-р зууны Монгол Улс хэдий хүртэл ганц хоттой байсаар байх вэ.

Гуравдугаарт, Сүүлийн 20 гаруй жилд хөдөө-нөөс хот руу чиглэсэн хүн амын шилжих хөдөл-гөөний урсгал ямар ч зохицуулалтгүй болсон нь хөдөөд ч, хотод ч ноцтой үр дагавар дагуулж байгаа явдалд төрийн зүгээс анхаарах цаг болжээ.

Нийслэл хотод хүн амын механик өсөлт хэт ихэссэний уршгаар байгаль орчин доройтож, газрын эвдрэл, агаар, ус, хөрсний бохирдол түгшүүртэй хэмжээнд хүрч, ажилгүйдэл, гэмт хэргийн гаралт нэмэгдэж, экологийн болон нийгмийн аюулгүй байдал зөрчигдөж, хүн амын эрүүл мэнд, ая тухтай амьдрах орчин улам бүр алдагдсаар байна.

Нөгөө талаар хөдөө орон нутагт хүн ам цөөрч, ажиллах хүчний нөөц дутагдаж, 50 сая малтай болсон нь бахархмаар боловч малчдын залгамж халаа хангалтгүй, газар нутаг эзэнгүйдэх хандлага ажиглагдах боллоо.

Нүүдэлч малчдын соёл иргэншлиг хадгалж хамгаалах, хойч үеийнхэндээ өвлүүлэх талаар оновчтой бодлого гаргаж ажиллахгүй бол уул уурхай, ашигт малтмалын хэнээрхэлд шунасаар байгаад таван хошуу малын тансаг сайхан бэлчээр нутаг маань ухсан нүх шуудуу, овоолсон шороо чулуу болж хувирах цаг холгүй байж мэднэ.

Ийм гачлан тохиолдож болзошгүйг одооноос сэрэмжилж нийслэл хот руу нүүдэллэх хүн амын шилжих хөдөлгөөнийг сааруулахын тулд хөдөөгийн малчид, тариаланчид, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн ажиллах нөхцөл, амьдрах орчин, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг төрөөс тууштай дэмжиж, хөдөөг хөгжүүлэх цогц бодлого, хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэхийг цаг үе шаардаж байна.

Нэгэн үе бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг сүрхий сурталчилж, улсын нутгийг Баруун, Хангайн, Төв, Зүүн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн бүсүүдэд хувааж, бүсийн төвүүдийг товлосон хэдий ч Улаан-баатар хотоос бусад бүсэд хүний нөөц хангалтгүй, дэд бүтэц муутай учраас бүс нутгийн хөгжлийн бодлого тууштай хэрэгжиж чадахгүй байна.

Харин аймгуудын төв-хотуудыг түшиглэн орон нутгийн байгаль-түүхий эдийн нөөцөд тулгуурлан хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, иргэдийн соёл, боловсрол, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх замаар хөдөө дэх хотжилтын үйл явцыг түлхүү дэмжих бодлого явуулбал илүү үр өгөөжтэй байж болохыг Дархан, Эрдэнэтийн жишээ бэлхнээ харуулж байна.

Ийнхүүхотын хөгжлийг хөдөө орон нутагт бий болгох бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж эхэлбэл нийслэл хотын хүн амын хэт төвлөрөл саарч хөдөөг зорьсон шилжих хөдөлгөөн идэвхжих нь магад.

ШУА-ийн Ш.Цэгмидийн нэрэмжит Газарзүйн Хүрээлэнгийн захирал, доктор Сандагийн Энх-Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих