ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг алдаа гаргаж байхад хаана байсан юм бол…

zaluu_5469507cd1d15_1ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн нэрийг АН-ын ҮЗХ-ноос Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна. Үүгээр фракц хоорондын зөрчил, хямралаа дараад улс орноо шийдвэр гаргана гэсэн амлалтаасаа няцлаа. Учир нь тэд улс төрийн болон эдийн засгийн хямралын өмнө хэн хариуцлага хүлээх ёстой гэдгийг биш, хэнийг сонговол цаашид энэ намын удирдлагуудад таалагдах вэ, хэр ашигтай вэ гэдгийг илүү харж сонголт хийлээ. Түүнээс биш Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлсэн Ч.Сайханбилэг өөрөө ч “Хямрал нүүрлэсэн” гэдгийг хүлээн зөвшөөрч нотлон хэлсэн. Гэтэл “Та өөрөө хамт хямралд хүргэсэн. Танд Ерөнхий сайдынхаас дутахгүй эрх мэдэл олгосон” гэж хэлэх гишүүн олдсонгүй. Тухайлбал, Ч.Сайханбилэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго болох “мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлж” байсан бол ингэж улс төр, эдийн засаг хослон хямрах уу.

Эсвэл ЗГХЭГ-ын дарга гэгч хэн бэ. Түүнд ямар эрх мэдэл байдаг вэ гэдгийг мэдээгүй хэрэг үү. Уг нь Монгол төрийн түүхэндэх 29 дэх ЗГХЭГ-ын дарга нь Ч.Сайханбилэг юмсанж. Та бүхэн ЗГХЭГ-ын албан ёсны вэб сайтад зочлоод хараарай. Хэчнээн чансаатай, хариуцлагатай хүмүүс энэ албанд ажиллаж байж вэ.

Тэд Ерөнхий сайдаас ч том гэж үнэлж болох эрх мэдлийг эдэлж, хэрэгжүүлж чаддаг байсан. Хамгийн наад зах нь л гэхэд “Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөлгөө өгөх, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах” үүрэгтэй гээд бодохоор Ерөнхий сайд нь огцорч байхад дал мөрөө хавчин өнгөрүүлж оронд нь нэр дэвшиж буйгаас харахад ажлаа хэр хийдэг, хүн чанараар ямархуу эр болох нь харагдаад байгаа юм бус уу.

 Магадгүй үүнийгээ “Үйл хэргийг нь үргэлжлүүлэх гэж байгаа юм” гэж ҮЗХ-ны гишүүдийн “тархийг угаасан” бололтой. Үйл хэргийг ингэж үргэлжлүүлдэггүй юм л даа, Ч.Сайханбилэг ээ! Хазайхад нь түшиж авдаг түшмэлийг сайн түшмэл гэдэг болохоос хазайтал нь хамт явж унагачихаад “Одоо минийх боллоо” хэмээн “Хоролмаагийн ари”-г дуулах үүрэг ЗГХЭГ-ын даргад байдаггүй юм.

Нэг “жижиг” гэмээр жишээ дурдъя. Ерөнхий сайдын эхний “том” алдаа нь хүргэн Г.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон явдал. Ерөнхий сайдын нэр хүндийг нэлээд сэвтээсэн энэ томилгоог хийхэд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тус газрынхаа үйл ажиллагааны зорилтын 2.6 дахь хэсэг буюу “тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ” гэдэг заалтын дагуу дэд даргаараа авч ажиллуулахгүй байж болох байв.

Мөн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн 2.1-д “Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх ажлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ” хэмээсэн байдаг.

Тэгэхээр Ч.Сайханбилэг дарга дээрх стратеги зорилтоо мартчихаад хаана “нуугдаж” байгаад эдийн засаг хямарч, төсөв учир дутагдалтай батлагдаж дууссаны дараа “Уг нь би сайн хийж чадна шүү дээ” гээд гараад иржээ дээ. ЗГХЭГ-ын даргын үүргийг биелүүлж чадаагүй хүн, танхимын зарчмаар хамтдаа хариуцлага хүлээх улс төрийн эр зориггүй Ерөнхий сайд төрөх гээд л “дуншаад” байгаа юм даг уу даа. Ийм албан тушаалтантайгаа Ардчилсан нам хариуцлага тооцохын оронд Ерөнхий сайдын суудлаар шагнавал ирэх сонгуулиар сонгогчид тэдэнд итгэх болов уу.

ЗГХЭГ-ын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд “Засгийн газрын дотоод, гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газрын танхимд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх”; “ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад Монгол УлсынЕрөнхий сайд, Танхимын үйл ажиллагаанд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, мэдээлэх, үр дүнгийн үнэлгээг зохион байгуулах” гэхчлэн чамлахааргүй том үүрэг байна.

Ийм эрхийг “мартчихаад”, эсвэл дутуу хэрэгжүүлчихээд үүнээс том эрх мэдэл хүсч болдог юм уу. Түүнийг “тэнэг зориг” гэх үү, эр зориг, эрх мэдэлд хүрэх тэмүүлэл гэх үү, чухам юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Лав л Ерөнхий сайдтай хамт хариуцлага хүлээх ёстой гэдэг нь тодорхой харагдав. Ёстой л “эмээлийн бүүрэг” шиг явах ёстой үүргээ умартаад улыг нь шагайх мэт дутагдлынх нь хажуугаар дуугүй өнгөрч байжээ гэдэг эвгүй бодол төрөх аж.

Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар лав Засгийн газрын тухай хуулийн дөрөвдүгээр бүлэг, 20 дугаар зүйлд Засгийн газрын бүрэлдэхүүн гэсэн хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга юу хийх ёстойг тодорхой заасан байдаг. Энэ заалтад өнгөрсөн тавдугаар сарын 15-ны хуулиар нэмэлт оруулсан. Үүнд:

 2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

-       шинэтгэлийн бодлого;

-       орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;

-       төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал;

-       Засгийн газрын шийдвэрийн биелэлт;

-       Засгийн газрын дотоод мэдээлэл;

-       Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

-       орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

-       иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

-       Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;

-       хилийн боомтын хөгжлийн асуудал;

-     Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал хэмээн маш тодорхой заажээ. Тэгэхээр ЗГХЭГ-ын даргад эрх мэдэл хангалтай өгчээ. Өгөгдсөн эрх мэдлийн дагуу нэг танхимд хамтарч ажиллачихаад “Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар хариуцлагагүй ажиллаад УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцорлоо. Харин би бол сайн ажиллаж чадна. Ч.Сайханбилэг бол өөр хүн шүү” гээд Ерөнхий сайдаа залгамжлаад гараад ирж байсан ЗГХЭГ-ын даргыг та нар ер нь харж байсан уу. Хэлээгүй ч гэсэн ийм илэрхийлэл улс төрийн өнөөгийн шийдлээр буй болчихлоо.

Өнөөх л ардчилагчдын, сэтгүүлчдийн анхааруулаад байсан “Алдах ёсгүй эрх”-ээ найраанд орж мартаад алдаатай шийдвэр гаргачихав. Одоо УИХ дахь бүлгүүд, Төрийн тэргүүн, УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод энэ алдааг засч чадах болов уу. Тэр тусмаа УИХ дахь АН-ын бүлэг намынхаа ҮЗХ-ны шийдвэрийн өмнө буулт хийвэл ямар харагдах бол гэдэг тун сонирхолтой. Сонирхолтой төдийгүй хариуцлагатай шийдлийн өмнө ирлээ гэсэн үг.

У.Оргилмаа

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих