“ХАЖУУ ӨРӨӨ”-НИЙ СУРГУУЛИУД

сургуульАйлын хажуу өрвөнд амьдарч байсан хүмүүс мэдэх байх. Чанга ярьж, эсвэл инээж, магадгүй бие засахад ч хэцүү байдаг. Тэгвэл бүтэн сургуулиараа, 2000-уулаа “хажуу өрөө”-нд сурна гэдэг ямар байх бол. Энэ талаар сурвалжлахаар 14, 38 дугаар сургуулийн сурагчдын хичээллэж буй газруудад очлоо. Сургуулийнх нь барилга нурснаас болж эдгээр сургуулийн сурагчид 47, 78, 22, 44, 92, “Шавь” цогцолбор гээд ойр орчмынхоо сургуулиуд хуваагдан “хажуу өрөө”-нд нь хичээллэж байгаа ажээ.

38 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ДАХИН ӨӨР СУРГУУЛЬ РУУ НҮҮЖЭЭ
Баянгол дүүргийн Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар сургуулийн хичээлийн байрыг 1956-1960 онд барьсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас 2013 онд “Б” байранд, 2014 онд “А” байранд мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт хийж сургалтын үйл ажиллагаа явуулахыг нь зогсоосон байна. Бага ангийн 1-5 дугаар ангийн сурагчид Баянгол дүүргийн 47, 78 дугаар сургуульд өнгөрсөн жилийн есдүгээр 1-нээс хойш хичээллэж байна. 47 дугаар сургууль дээр 1-2 дугаар ангийн найман бүлэг, 78 дугаар сургуульд 3-5 дугаар ангийн 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа юм байна. Харин ахлах ангийн сурагчдын хувьд хичээлийн “А” байрандаа хичээллэж байтал өнгөрсөн наймдугаар сарын 5-нд мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч акт тогтоосны дагуу аравдугаар сарын 15-нд 22 дугаар сургуулийн бага сургуулийн байрны өргөтгөл рүү нүүжээ. 22 дугаар сургуулиас гаргаж өгсөн 12 ангийг 38 дугаар сургуулийн эрэгтэй багш нар засч янзалж нэг ангийг мэдээлэл зүйн кабинет, өөр нэг ангийг номын сан болгож үлдсэн найман ангид ахлах ангийн 16 бүлэг хоёр ээлжээр хичээллэдэг байна. Гаргаж өгсөн ангиудад хүүхдүүдээ багтаах гэж ангийн бүтцэд өөрчлөлт ороогүй аж. Давхрын жижиг булангуудыг вакум хаалтаар халхавч хийж нягтлан, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд нь сууж байгаа харагдлаа. Тус сургуулийн хувьд бусад сургуультай харьцуулахад хичээллэх нөхцөл байдлын хувьд харьцангуй гайгүй байгаа ч өнгөрсөн жилээс хойш 100 гаруй сурагч шилжсэн байна. Бусад сургуулийн адил хүүхдийг хичээлийн бус цагаар хөгжүүлэх дугуйлан секцийн хувьд хүндрэлтэй бөгөөд энэ нь бага ангийн сурагчдад илүү хүндрэлтэй байгаа гэнэ. Харин 22 дугаар сургууль дээр байгаа ахлах ангийнхны хувьд номын сандаа зарим дугуйлангаа явуулдаг юм байна.

Ахлах ангийн сурагчид хичээл-лэж буй 22 дугаар сургууль дээр очсоны дараа 3-5 дугаар ангийн сурагчид хичээллэж буй 78 дугаар сургууль руу очсон юм. Энэ үед бага ангийн сурагчдын хоёрдугаар ээлжийн хичээл эхлэх гэж байлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй 38 дугаар сургуулийн бага ангийн багшаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Зарим сургуулийн хувьд өөр сургуулийн сурагчдад ашиглалтын бус ангиудаа өгсөн байгаа. 78 дугаар сургуулийн өгсөн ангиудын хувьд өмнө нь сургалтын зориулалтаар ашиглаж байсан ангиудаа өгсөн үү?
-Тийм ээ. Анги танхимын хувьд боломжийн. Өмнө нь сургалтын зориулалтаар ашиглаж байсан ангиуд байгаа. Энэ тал дээр асуудал байхгүй.
-Өөр сургуульд хичээллэхэд хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Сургалтын үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлгүй байгаа ч айлын хажууд байгаа айл ямар байдаг билээ, үүнтэй л адил. “Бусдын сургуульд байгаа шүү битгий сахилгагүйтээрэй. Багшийг нь загнана, та нарыг ч загнана” гэж үргэлж л хүүхдүүддээ захидаг.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИИН 14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 200 СУРАГЧ ШИЛЖЖЭЭ
2013 оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны тааз нурсны улмаас Мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон. Үүнээс хойш Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсээс зохион байгуулж өгсөн дөрвөн сургууль дээр хичээллэж байгаа юм. Тодруулбал, өөрийн сургуулийн бага ангийн өргөтгөлд 1-3 дугаар ангийн 24 бүлэг өглөө найман цагаас орой 20 цаг хүртэл гурван ээлжээр, 4-5 дугаар ангийн сурагчид “Шавь” цогцолбор сургуулийн таван ангид мөн гурван ээлжээр хичээллэж байна. Харин 6-10 дугаар ангийн сурагчид 92 дугаар сургуулийн өргөтгөлийн байранд, 11-12 дугаар ангийн найман бүлэг 44 дүгээр сургуулийн дөрвөн ангид хоёр ээлжээр хичээллэж байна. 14 дүгээр сургуулийн сурагчид дөрөв хуваагдан хичээллэснээс болж нийт 200 гаруй сурагч шилжжээ. Бага ангиуд гурван ээлжээр хичээллэж орой долоон цагт тарж хувцсаа өмсч гэр бүлийнхэн нь авах гэсээр байтал оройн есөн цагт тарж байгаа юм байна. Энэ нь эцэг эхчүүд, багш нар, хүүхдүүдэд аль алинд хүндрэлтэй байгааг тус сургуулийн захирал В.Цэцгээ хэлсэн юм. Мөн 14 дүгээр сургууль нь математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалтаараа улсдаа тэргүүлдэг ч анги танхимын хүрэлцээ муутайгаас зарим хичээлийн чанар муудаж эхэлсэн гэнэ. Тухайлбал гадаад хэл, технологи, мэдээлэл зүйн хичээл, хичээлээс гадуурх ахлах ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн чанар нь эрс муудсаныг хэллээ. Сургалт хүмүүжлийнхээ ажлыг өнөөгийн боловсролын шинэчлэлийн зорилгод нийцүүлэн зохион байгуулахад хүндрэлтэй байгаагаа ч захирал дуулгав. Өөр нэг харамсмаар зүйл нь 14 дүгээр сургууль 60 гаруй жилийн түүхтэй ч биеийн тамирын заалгүй 60 жил явсан бөгөөд гурван жил барьсан сургуулийн заал нь өнгөрсөн жил хичээлийн байр нурахтай зэрэгцэн ашиглалтад оржээ. Харин одоо тэд биеийн тамирынхаа заалыг өөр сургуульд хичээллэж буй сурагчдынхаа хичээлийн цагийг зөрүүлж ордог байна. Тодруулбал, үдээс хойш орж байгаа ангиудын биеийн тамирын хичээлийг үдээс өмнө, үдээс хойш орж байгаа ангиудын хичээлийг үдээс өмнө оруулж байна. Харин 1-3 дугаар ангийн биеийн тамирын хичээлээ подвальдоо орж байгаа гэв.

Хичээлийн байр нь өөрчлөгдсөнөөс болж тус сургуулийн 200 гаруй хүүхэд шилжсэн тухай дээр дурдсан. Шилжиж байгаа сурагчдын хувьд “Сургуулиа баригдахаар эргээд ирнэ” гэдэг үгийг хэлдэг аж. Мөн өөрсдийнхөө бэлтгэсэн сайн шавь нар нь шилжиж байгаад багш нар нь харамсч байна. Нэгдүгээр ангиас нь эхлэн бэлтгэчихээд өөр сургууль руу шилжүүлмээргүй байна. Сайн шавь нар маань сургуульдаа суралцаж төгсөөд бид төгсөгчдөөрөө бахархаж баймаар байна гэдгийг багш нар хэлэв. Нийслэлийн 14, 38, 32, 73 дугаар сургуулийн байрыг концессийн гэрээгээр барихаар болсон. Тиймээс концессийн гэрээний явц ямар шатанд явж байгаа талаар дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.

 

О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих