Хулхи чөтгөр

Хэзээ, хаанаас нь явуулсан нь мэдэгдэхгүй, хэнээс хэнд хаягласан нь мэдэгдэхгүй ил захидал бүхнийг өнгөрсөн хойно нь ирэх нь ч бий. Өнгөрсөн жил гуравдугаар бүлгийн цустай хүн байвал хүүд минь амьдрал бэлэглээч, харилцах утас 99хххххх гэсэн зар явсан. Энэ зар мессенжерээр нэгнээс нөгөөд тархаж, жил хэртээ бараг бүх хэрэглэгчдэд хүрсэн гэхэд болно. Харамсалтай нь, тэр бяцхан хүүд цусаа өгөх донор олдоогүй агаад хорвоог орхижээ. Гэтэл хэн нь ахиад явуулсаныг мэдэхгүй. Ахиж нөгөөх зар нь мессенжерээр тэнүүчилж, гуравдугаар бүлгийн цустай зарим нь сайн санаагаар утасдав. Бүх зүйл өнгөрсөн хойно ээж, аавд нь “Цусаа өгье” гэх сайхан сэтгэлтний үг талийгаач болсон хүүг нь санагдуулж, сэтгэл санааг нь үймрүүлэлгүй яах вэ. Бяцхан хүүгээ алдсан хүмүүст тэр тухай яриа бүр зэвүүн сонсогдсон биз. Хөөрхий эх нь тэр болгонд өөд болсон үрээ эргэн санаж, нулимс унагаасан гэсэн. Нөгөө муу зар тараагч мессен­же­рийн чөтгөрөөс л болж шүү.

Гадаадад ч ялгаагүй ийм гайхлууд бишгүй. Америкийн шилдэг телевизүүдийн нэг Fox телевизийн @foxnewspolitics нэртэй твиттер ак­каунтыг хакерчид хакердан “Ерөнхийлөгч Обамаг нас барлаа” гэж твит­терээр мэдээлсэн байна. Бүр “Шуурхай мэдээ: @BarackObama хоёр удаа буудуулан, амь насаа алдлаа” хэмээн бичсэн байх жишээний. Гай­халт чөтгөрүүд Обамаг цаана чинь мөнхрүүлчихлээ.

Тэгвэл хамгийн сүүлд нэг иймэр­хүү захидал ирлээ. “Охин сургууль дээрээсээ алга болсон тул хайлцахад туслаач. Ягаан пальто, ягаан гутал, хар өмдтэй, үсээ 2 боосон охин байх ёстой. Харсан хүн байвал 99730323, 99067443 утаснуудад яарал­тай мэдэг­дэж туслаарай!!!!!!!!!!!! ta tsasha damjulara neg huhdin ireduin tulu zuger l Copy Paste pls !!!!!!!!!!!!” гэж.

-Дан дээлтэй гарсан юмсан даараа болов уу яагаа бол Даан ч намайгаа зовоосон юмсан жаргаа болов уу, яагаа бол гэдэг шиг л. Халуун зунаар сургууль нь хичээллээд, охин ягаан пальто өмсөөд хичээлдээ гарсан юм байх аа. Өвлийн явдал уу, эсвэл зохиогч чөтгөр шартаад, толгой нь гашилчихсан байсан уу, бүү мэд. Нөгөө “Найм дахь” гаригт хамтлагийн утгагүй дуу шиг л юм болж.

Зуны өглөөний наранд улаан тууз нь дэрвэсэн Зулзаган жаахан охин сургуулийн босго алхсан… гээд дуулдаг даа. Хөөр­хий зохиогч нь сургууль завсардаад, гэрээр боловсрол олсон нөхөр юм шиг байгаа юм. Сургууль зун амардагийг мэддэггүй. Тэгээд ч зулзаган жаахан охин сургуульд явахгүй яслид л хүргүүлдэг шүү дээ. Нартай байгаа мөртлөө улаан тууз нь дэрвээд ч байх шиг. Үүн шиг л утга учиргүй завхарсан захианууд интернэтээр тэнүүлчилж явна. Зарим үед маш хурдан мэдээллийг тараах давуу талтай ч хэн нэгэн хийх юмгүй чөтгөрийн гарт тэр захиа нь орвол хэдэн жил ч мессенжерээр хэсүүчилж магадгүй. Тиймээс мөнөөх чөтгөрүүд өвлийн хүйтэнд даашинзтай бяцхан охин, богино өмдтэй жаал алга боллоо туслаач гэвэл гэнэдэв дээ.

А.Шархүү

URL:

Сэтгэгдэл бичих