ҮҮЛ БААТАРТ ХҮРГЭХ ХОВ

үүлУлаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг өнгөрсөн наймдугаар сард баталсан. Дэд хөтөлбөрт тусгаснаар, нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ, үнэ тарифын системийг боловсронгуй болгох, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, парк шинэчлэх ажлыг явуулах ёстой. Саяхан парк шинэчлэх зорилгоор Нийслэлийн тээврийн газрынхан гурван ч тендер зарлажээ. Нийт 20 тэрбумын тендер. Тендер зарлахаас хэд хоногийн өмнө Беларусийн консул Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзахдаа, “Нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийлжээ. Уулзалт, хүлээн авалтад голчлон хэлдэг “Хамтарч ажиллая. Харилцан туршлага солилцъё” гэх жижүүрийн үгс энэ үеэр ч хөвөрсөн байх юм. Тендер зарлах тухай мэдээлэл хэдийнэ тархсан байснаас болсон уу, Беларусийн консулын зүгээс Э.Бат-Үүл даргад ийнхүү нөлөөлөөд авчээ.

Энхтайваны өрген чөлөөгөөр явуулах 20 ширхэг залгаа автобус нийлүүлэх тендер хэд хоногийн дараа зарлагдахад Беларусийн компани тендерт материалаа өгчээ. Тус улсын компаниас гадна “Хьюндай”, “Исизү” гэх нэр хүндтэй компаниуд бас материалаа өгсөн байна. Беларусийн компанийн хувьд өөрийн улсын “Бело банк”-аар банкны баталгаагаа гаргуулсан. Бас Монголд үйл ажиллагаа явуулдаггүй, X тайлантай. Тендерийн хуулийг бариад явахад ялагдах магадлалтай. Тус компани тендерт шалгарлаа гэхэд Беларусиас хоёр автобус нийлүүлсэн юм шиг ар араасаа залгаа гармошкитой автобус 20-ийг авчирна. Энгийнээр бодоход, тив алгасч тээвэрлэх учраас тээврийн, татвар, сэлбэг хэрэгслийн зардлаас авахуулаад өчнөөн зардал дагаж гарна. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч нарын нэг нь Э.Бат-Үүл даргын нэрийг барьж Беларусийн компанийг тендерт ялуулах арга сүвэгчилж эхэлжээ.

“Э.Бат-Үүл дарга анхнаасаа консултай нь тохирсон. Шалгаруул гэсэн” хэмээн ярьж, хуулиараа явах худалдан авах ажиллагаанд будилаан үүсгэж яваа гэнэ. Энэ мэт мэдээлэл сэтгүүлчдийн чихэнд хүрч байгаа учраас “Орлогч чинь нийтийн тээврийн тендерт таны нэрийг барьж будилаантуулахыг завдаж байна” гэж Э.Бат-Үүл даргад дуулгая. Тендерийн материалыг дөнгөж хүлээн авсан, шалгаруулалт бүрэн гүйцэд дуусаагүй байхад албан тушаалаараа нөлөөлж эхэлсэн орлогчид хариуцлага хүлээлгэх ёстой. Бид 2015 оныхоо улсын төсвийг бүсээ чангалан байж баталчихаад байгаа. Олон санг татан буулгаж, цэцэрлэг сургууль барих мөнгөө танаж, ажлын байр цомхотгон байж илүүчилсэн татвар төлөгчийн мөнгийг хууль бус авирлагчдад өгмөөргүй байна. Зам, гудамж сайхан болсон. Одоо нийслэлийн тээврийн салбараа өөд татья.

 

Г.БОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих