30 нас хүрэхээсээ өмнө амжиж “мэдэх ёстой – 10” зүйл

Америкийн зохиолч, бизнесмен Марк Мэнсон 30 нас хүрснийхээ дараахан өөрийг нь “Subscribe” хийсэн 37 ба түүнээс дээш насны хүмүүст хандаж амьдралынхаа туршлагыг хуваалцан зөвлөгөө өгөхийг уриалсан захидал илгээжээ.
Түүний илгээсэн энэхүү захидалд 600 гаруй хүн хариу ирүүлсэн бөгөөд 30 настнууддаа өгөх зөвлөмжийн арвин сантай болсон байна.

Тэрбээр захидлуудыг уншиж дуусгаад хэрэгтэй санаагаа олоход гурван өдрийг зарцуулсан ба захидлуудад шингэсэн санаануудыг ангилж байгаад 5 – 6 зөвлөмж хамгийн их давтагдсан байгааг анзаарсан юм.

Ингээд энэ л санаанууд нь түүний эрэлхийлж байсан “амьдралын мэргэн ухаан” – ыг шингээсэн байсан бөгөөд энэ мэтчилэн 600 гаруй хариу захидалд хамгийн олон удаа давтагдсан зөвлөмжийг нэгтгэн дараах арван алтан сургаалийг бичжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Зарим хүмүүс намайг тэнэг гэдэг ч зарим нь амьдралыг нь уналтаас аварсан ачтан ч гэдэг. Ингээд бичсэн зүйлийг минь уншаад хэн гэж бодох, хэрхэх эсэхээ өөртөө үлдээгээрэй!” хэмээн бичсэн байсан юм.

№1. ӨТӨЛ НАСАНДАА ХЭРЭГЛЭХ ХУРИМТЛАЛЫГ ХОЙШ ТАВИЛГҮЙ ОДООНООС ЭХЛЭН БИЙ БОЛГО!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН КЭШ / 41 НАС:

“…20 насныхаа амьдралыг би хэтэрхий болчимгүй өнгөрүүлж, үнэндээ 30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Энэ л насандаа өтөл буурал болсон хойноо юу хийж, хэрхэн амьдрах эсэхээ эртлэн төлөвлөж хуримлалыг хойш тавилгүй эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судалж хэрэг болох өдөр нь ойртож байгаа учир оройтоогүй дээрээ бэлтгэлтэй байх хэрэгтэй! Өөрийгөө боловсруул!…”

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөмж юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:

  • Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад анхаарлаа хандуулж, ажиллаж хөдөлмөрлөх
  • Хувийн “Зохицуулах фонд“ – той болох нь зүйтэй. Амьдралд гэнэтийн үйл явдал, саад бэрхшээл олон гардаг. Эрүүл мэндээс эхлээд гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдалд орох гэхчилэнгийн ямар ч гэнэтийн асуудал тулгарахад бэлэн байх хэрэгтэй.
  • Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж хэвших
  • Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны хэрэггүй.
  • Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Мөн түүнчлэн биржийн брокеруудад бүү итгээрэй!
Ингээд энэ зөвлөмжийн эцсийн гаргалгаа нь хуримтлалыг аль болох эрхтэн эхлүүлж чадах чинээгээрээ ихийг хуримтлуул гэсэн санаа юм. Нэгэн эмэгтэйн хэлснээр боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Зүгээр л хийж эхлүүл!

№2. ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ОДООНООС ЭХЛЭН АНХААР!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН ТОМ / 55 НАС:

“…Хүний оюун ухаан бие организмаасаа 10 – 15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй учир эрүүл мэнддээ одооноос хөрөнгө оруулалт хийгээрэй!…”

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол…? Бидний бие махбод ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “сэм сэмхэнээр“ элэгдэлд орж доройтсоор байдаг. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.

Энэ зөвлөмжийг ногоон хоолтон ахмадуудаас гадна хорт хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс, цусны даралттай өвчтөн, зүрх судасны өвчнөөр өвчилсөн маш олон хүмүүс илгээсэн байна. Тэд бүгдээрээ л “Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй.“ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай!

№3. ӨӨРТӨӨ МУУ БАЙДАГ ХҮМҮҮСТЭЙ БИТГИЙ ХАРЬЦАЖ БАЙ!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН ХЕЙЛИ / 37 НАС:

“…Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл хийгээд хүмүүст шуудхан л “Үгүй“ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм…”

Хүмүүсийн илгээсэн захидлаас үзвэл олонх нь өнгөрсөн үедээ буцаад очиж болдогсон бол хувийн амьдралдаа багагүй хязгаарлалтыг хийж, аль болох сайн хүмүүстэй л нөхөрлөж цагийг өнгөрүүлэх байсан гэнэ. Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг.

Ингэснээр бусдын эрхшээлд орж өөрийгөө гээхээс эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл нь маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яваарай!

№4. ДОТНО ХҮМҮҮСТЭЭ САЙН ХАНДЛАГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙ!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН РЕБЕККА / 40 НАС:

“…30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хэрээр асуудал үүсгэсээр байна. Энэ л үед дотно хүнтэйгээ хамт байж шүүмжлэхийн оронд сайн сонсогч, сайн ярилцагч байж чадвал харилцаа тань гүнзгийрч төсөөлж байгаагүй төвшинд хүрэх болно…”
Энэ төрлийн зөвлөмжийг илгээсэн 40 ба түүнээс дээш насныхан эргээд харамсахгүйн тулд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон найз нөхөдтэйгөө дотно харьцаагаа байнга илэрхийлж аль болох олон удаа уулзаж учирч байх хэрэгтэйг зөвлөсөн юм. Амьдралд мөнгө санхүү, байр байшин, унаа тэрэг хийгээд ажил төрлийн аль алиныг нь олж авч болох ч нэгэнт алдсан хайртай дотны хүмүүсээ эргэж хэзээ ч олж авахгүй!

№5. ХҮН АМЬДРАЛДАА БҮХНИЙГ ЗЭРЭГ АМЖУУЛЖ ЧАДАХГҮЙ, ХАРИН ЮУГ САЙН ЧАДАЖ БАЙНА, ТҮҮН ДЭЭРЭЭ Л ТӨВЛӨР!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН ЭЛДРИ / 60 НАС:

“…Амьдрал бол тэр чигээрээ солилцоо учир заримдаа буулт хийж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг олж авахын тулд нөгөөг алдаж магадгүй. Бүхнийг зэрэг авна гэж байдаггүй юм…”

Залуу хүн мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Бодит байдалтай нүүр тулаад зарим нь амархан бууж өгч байвал буруу зүйлээ барьж авсны шинж юм. Амьдралд хөлөө олтол их удна. 10 жилийн дараа сая нэг юм мөрөөдөл чинь биелэх цаг ирж ч болзошгүй. Чи үүний л төлөө зүтгэсэн шүү дээ. Чи хамаг бүхнээ үүнд л зориулсан юм чинь одоо яагаад орхих гэж…?

Амьдралынхаа туршлагаас хуваалцсан хүмүүсийн хэлж байгаагаар бүхнийг зэрэг хийж чадахгүй учир юуг сайн чадаж байна гэдэгтээ анхаарлаа хандуулж түүнийгээ л хамгаас сайн хийх хэрэгтэй гэжээ. Олонхынх нь хувьд өсвөр насандаа эсвэл 20 настайдаа дур зоргоороо гаргасан шийдвэр, карьерийн сонголт нь алдаа байсныг онцлоод чин сэтгэлээсээ хиймээр байгаа, хийх дуртай зүйлээ л барьж авч түүнийхээ оргилд нь хүртэл тууштай хөдөлмөрлөхийг зөвлөсөн байсан юм.

№6. ЗАРИМДАА АЗ СОРИХООС БҮҮ АЙ. ТА ОДОО Ч ХУВЬ ЗАЯАГАА ӨӨРЧИЛЖ ЧАДНА.

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН РИЧАРД / 41 НАС:

“…30 настай хүн амьдралынхаа замыг голдуу сонгочихсон байдаг ч хэрэгцээ гарвал өөрчлөхөд хэзээ ч оройтоогүй байдаг юм. Өнгөрсөн зүйлийг өөрчлөөд яахав гэсэн шийдвэр гаргачихаад хожим нь байнга харамсаж суудаг хүмүүстэй би олон удаа учирч явсан. 10 жилийн өмнө шийдвэрлэчих асуудлыг хойш тавьсаар яваад хямралд орно гэдэг бол байж болшгүй эндэгдэл…”

30 гармагц ажил алба, гэр бүл, санхүүгийн хувьд ч төлөвшсөн байхыг нийгэм, олон нийт шаарддаг нь үнэн. Захидалд хариу илгээсэн 41 настай Лизагийн хэлснээр бусдын жишгийг дагаж амьдрах огт шаардлагагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд, хэнээр ч бүү заалга. Гэхдээ дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй шүү.

Тэгвэл 49 настай Айдагийн үзэж байгаагаар бусдын жишгээс ангид амьдрахаар шийдсэн л бол аль болох сөрөг бодлуудаа таягдан гээх хэрэгтэй. Ялангуяа “айдас”, айдсаа гээж гэмээнэ олонхын хувьд оройтсон мэт боловч чиний хувьд цагаа олсон сайхан амьдралыг бий болгох бүрэн боломжтой. Тиймээс яах бол, ийх бол, ингэх болов уу, тэгэх болов уу, ингэчихвэл яах бол гэхчилэнгийн тэнэг бодлоосоо эртхэн салаарай. Удахгүй би 50 нас хүрэх гэж байгаа ч амьдралаа товхинуулаагүй л явна. Гэвч би хувь тавилангаа өөрчлөхөд бэлэн байна.

№7. ТА БАЙНГА ӨСӨЖ ХӨГЖИЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН СТЭН / 48 НАС:

“…Танд алдаж хэрхэвч болохгүй хоёр үнэт зүйл байна. Нэг нь бие организм, нөгөө нь оюун ухаан чинь. Олонх хүмүүс 25 хүрээд л өөрийгөө хөгжүүлэн боловсруулахаа больчихдог. Тэгвэл 30 нас хүрсэн хойноо үүнийгээ завгүй гэдгээрээ шалтаглан тайлбарладаг. Харин та үргэлжлүүлэн суралцаж, ой ухаанаа хөгжүүлж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ давхар анхаардаг бол өтөлсөн хойноо ч үе тэнгийнхнээсээ гэрлийн хурдаар түрүүлж байх болно…”

Гэхдээ 39 настай Аймилиягийн зөвлөснөөр бол та бидний нэн тэргүүний зорилго бол өөрөө өөрийгөө сайн хүн болгож төлөвшүүлэх явдал юм. Зөв сэтгэлээр зөв замаар явахад зөв хүмүүстэй учирч зөв сайхан бүхнийг бүтээн байгуулахын сацуу хамт олондоо хүндлэгдсэн сайн хамтрагч, айл гэрийн халамжит хань, нөхөрлөлдөө үнэнч найз нөхөр байх болно.

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Уаррен Баффет хэлэхдээ залуу хүний өөрөө өөртөө оруулах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бол эд баялаг, эрх мэдэл бус мэдлэг боловрол юм хэмээсэн байдаг. Тиймээс нас тогтсон хойноо ч давхар мэргэжил эзэмшиж, семинар курст суухад 20 настай үеийнхээсээ хамаагүй үр ашигтайгаар цагаа зарцуулж, ашигтай хувилбараар суралцаж чадна. Үүнийг олон хүний жишээ нотолсон байх ажээ.

№8. ИРЭЭДҮЙД ЮУ БОЛОХЫГ ХЭН Ч МЭДДЭГГҮЙ УЧИР ЭЛДЭВ ЗҮЙЛД САНААШРАХГҮЙ АМЬДАРЧ СУР!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН ТОМАС / 56 НАС:

“…Хэн ч 5 жилийн дараа юу болохыг тааж чадахгүй. Заримдаа таны хүссэнээр болно, заримдаа эсрэгээр байна. Аз болоход баримжаа, хүлээлт, боломж гэсэн зүйлүүд бас тантай хамт байх тул бэлтгэлтэй байж, муу үр дагавраас зайлсхийж болно. Эс чадвал өөрийгөө зовоох шаардлагагүй…”

57 настай Саймоны хэлснээр та бидний хувьд одоо цагт хамгаас чухал байгаа зүйлс магад 10 эсвэл 20 жилийн дараа огтхон ч хэрэгцээгүй болж мэдэх юм. Тэгвэл санаагаар унах хэрэггүй. Энэ бол “хөгжил” юм. Бүх зүйл хөгжин дэвшиж, хувьсаж өөрчлөгддөг тул дасан зохицож, хуучинтай зууралдалгүй амьдарч сурах хэрэгтэй! билээ.

№9. ГЭР БҮЛЭЭ БҮХНЭЭС ДЭЭГҮҮР ТАВЬЖ ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МЭДЭР!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН КЭШ / 41 НАС:

“…Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж бай. Та нар өсөж ухаажихын хэрээр харьцаа чинь өөрчлөгдөнө. Яаж өөрчлөгдөх нь өөрсдөөс чинь л шалтгаална. Хүн бүр л өтөлдөг, хүн бүр л хорвоог орхидог. Тиймээс байгалиас заяасан цаг хугацаандаа гэр бүлийн зөв харьцааг тогтоож, аз жаргалтай амьдрах хэрэгтэй…”
Захидал бичсэн хүмүүс бараг бүгд гэр бүлийн асуудлыг хүний амьдралын хамгийн гол зүйл гэж үзсэний зэрэгцээ гэр бүлийн гишүүдийн үнэнч сэтгэл нь аз жаргалтай амьдралын үндэс суурь гэдэгт санал нэгджээ. Мөн түүнчлэн 30 нас гарчихсан л бол хүүхэдтэй болох талаар нухацтай авч хэлэлцэхийг зөвлөсөн юм.

45 настай Синдигийн онцолсноор хүүхэдтэй болоход тохиромжтой цаг үе гэж хэзээ ч байдаггүй юм. Хүүхэд бол ертөнцийн хамгийн гайхалтай бэлэг учир тэднийг хойш тавих нь хамгийн тэнэг алхам гэсэн байна.

№10. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ ХҮНДЭЛЖ СУР!

ЗӨВЛӨМЖИЙГ ӨГСӨН НЭНСИ / 60 НАС:

“…Өдөр бүр өөрийгөө баярлуул, сар бүр өөртөө зориулж нэг зүйл хий, жил бүр нэг гайхалтай юм бодож ол…”

Захидал бичсэн хүмүүс янз янзын байдлаар өөрийгөө хайрлахын чухлыг ихэд анхааруулсан байлаа. Үнэхээр өөрөөс чинь илүү чамайг мэддэг, хайрладаг хэн байх билээ…? Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлах нь юу л бол…? Тэгвэл өөрийгөө ч, өрөөлийг ч хайрладаггүй хүн яаж амьдрах болж байна вэ?

Ингээд тэрбээр амьдралынхаа туршлагыг хуваалцаж захидал илгээсэн 58 настай Мартины хэлсэн үгээр нийтлэлээ өндөрлүүлсэн юм.

“Намайг 40 нас хүрсэн өдөр эцэг маань “…Чамд 40 нас чинь таалагдана. Яагаад гэвэл чи хорин настайдаа бүхнийг мэддэг гэж бодож байсан, гучтайдаа үгүй юм байна гэдгээ ойлгосон, одоо дөч хүрээд л нэг тайвширч, байгаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авдаг болно…” гэж хэлж байж билээ. Гэвч би 58 хүрч байж л сая нэг эцгийнхээ хэлснийг үнэн болохыг ойлгосон юм даа…“

Мэдээллийг АНУ-ын зохиолч Марк Мэнсон / Mart Manson – ийн цахим хуудас болон Фэйсбүүкийн “Zulange Хоолзүйчийн зөвлөгөө” хуудаснаас нэгтгэн хөрвүүлж хүргэлээ. Баярлалаа.

Эх сурвалж: playskull.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих