Ганган, баян хулгайч

Хэдэн жилийн өмнө бол хулгайч гэхээр ноорхой хувцастай, халтар хүмүүс төсөөлөгддөг байсан. Харин орчин үед хулгайч нар шиг ганган, баян, овжин хүмүүс бараг л үгүй болжээ. Автобус, нийтийн унаанд хамгийн гоё ганган хувцаслаж, нүүр амаа будаж шунхадсан хүүхнүүд брэнд хувцсаар гангарч, гар хуруундаа алт монетыг эгнүүлээд зүүчихсэн залуус хүний халаас суйлж, цүнхний цахилгаанаар оролдож явна.

Хамгийн аюултай хулгайч бол халаас цүнхний хулгайчид. Одоо зүсдэг, булаадаг цаг өнгөрсөн. Танд зай тавьж өгнө, хөгшдийг бол автобусанд өргөж оруулж сугадаж буулгана. Энэ үед хулгайн ажлаа амжуулна. Гадаадын хүнийг бол хэд хэдээрээ дагана.

Саяхан манай нэгэн томоохон худалдааны төв хямдрал зарлаж, машин тавих зайгүй, дэлгүүрт нь хөл гишгэх газаргүй бужигналаа. Энэ үеэр тус худалдааны төвд ойролцоогоор 300 гаруй хулгайч орсон гэх тоог дэлгүүрийн цагаан хоолойгоор зарлаж байх жишээтэй. Улаанбаатарын урт гартнууд хэлэлцэж тохироод нэг нэгнээ дуудаж ирүүлсэн юм байх. Баахан хүн мөнгө төгрөг, эд зүйлээ алдаа биз дээ.

Хулгайч нар бүр гэр бүлээрээ явдаг болсон гэнэ. Яг тэр худалдааны төвд нэгэн гадаадын жуулчныг нэг гэр бүлийн эр эм хоёр хүүхэдтэйгээ дагаж явснаа камерыг нь авчихаад эргээд тал тал тийшээгээ тараад явчихсаныг харсан хүн ярьж байх жишээтэй. Хүүхэд нь хүртэл маш сурамгай байсан гэсэн.

Миний багад эмээ, өвөө нар юм хумсалдаг хүүхдүүдийг ёстой нэг хашрааж өгдөг байж билээ. Аав, ээжийн эзгүйд авдарнаас ганц хоёрхон чихэр хэлэлгүй аваад идчихэд л таван салаа боовны амт үзнэ.

Эмээ маань нэгэн хүний тухай байнга ярина. Тэр нь “Манай нутагт насаараа хулгай хийсэн эр шоронгоос гарч ирснийхээ орой гэртээ унтах гэж байснаа гар нь загатнаад болохгүй болохоор нь гадаа гарч аргал оруулж ирж дэрэн доогуураа хийчихээд санаа нь амарч дугхийсэн юм гэнэ лээ” гэж ярина. үүнийгээ их л олон ярьсан санагдана. Хулгайг ингэж их цээрлэдэг байсан хэрэг.

Харин одоо хулгайг бүр өөгшүүлэх янзтай болж. “Нарантуул”-ын зах камертай болсноос хойш хулгай дээрэм багассан гэдэг нь худал. Тэнд хүмүүс юмаа хулгайд алдаж, цүнхээ ухуулж хэл ам хэрүүл зарга хийсэн хэвээрээ л байна. Цагдаа нар нь ч хулгайч нарыг үс зүсээр нь мэддэг таньдаг гэнэ лээ.

Гар утсаа хулгайд алдлаа гээд цагдаад нь хандвал бүртгэж аваад явуулна, таньдаг хүнд бол шал өөр хаңддаг гэх. Хулгайч нарын нэг рүү нь утасдаад л ийм утас авсан байна та нар, аваад ир гэх жишээтэй. Хулгайч нарыг өөгшүүлcэн бас нэг үйлчилгээ бол иргэдийн хаясан гээсэн бичиг баримтын лавлагаа, олж өгч тусалдаг гэх овжин үйлчилгээ эрхэлдэг газрууд.

Тэдэнд хүний хаясан гээснийг олоод аваачиж өгч байгаа үнэнч сэтгэлтнүүд нь хэр олон бол. Ихэнх нь хулгайн замаар тухайн хүний гарт оччихcон, тав арван мянган төгрөгөөр сольчихдог. Тухайн байгууллага хэн гэдэг хүний бичиг баримтыг ямар хүн олж авчирч өгсөн талаар ямар ч бүртгэл хийдэггүй. Бичиг баримт оллоо гээд аваачаад өгвөл инээд алдаад л угтдаг гэж байгаа.

Хулгай хар мөртэй гэдэг. Хулгайн юм хоол болохгүй ч гэдэг. Гэтэл хулгай цагаан мөртэй байж, хулгайн юм хөрөнгө болдог муу цаг ирээ юү дээ. Нийслэлд ганган машин унаж, тансаглаж яваа затгуус бүхэн томчуудын хүүхдүүд буc, харин хулгайн замаар баяжсан “хүнд гарууд”. Урт гартнууд ядаж цагаан cap, наадам гэхчлэн үндэсний томоохон баяраар “гараа амрааж” болдоггүй юм байх даа. Наадамчид ч гоё ганган, гэр бүлийн хулгайч нараас болгоомжлоход илүүдэх юун.

Б.Анар

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих