II ээлжийн таван байршилд газар өмчлүүлэх ажлыг энэ онд багтаан явуулна

dddddsssII ээлжийн таван байршлын зургийг баталжээ. Тиймээс  газар өмчлүүлэх үйл ажиллагааны талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүгээс тодрууллаа.

-II ээлжийн таван байршлын хаягийн зургийг баталсан байгаа. Өмчлүүлэх үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ?

-Энэ ондоо багтаан явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол өмнөх таван байршилд газар олгосон үйл ажиллагаа бүрмөсөн дууссаны дараа эхлүүлнэ. Эхний ээлжийн таван байршилд газар өмчлүүлэх ажлаас өргөдлөө өгч баталгаажуулаагүй 3780 гаруй нэгж талбар байсан. Тиймээс энэ нэгж талбар дээр дахин сонгон шалгаруулалт явуулсан. Гэтэл үүнээс дахиад 2000 нэгж талбарт иргэд өргөдлөө өгч баталгаажуулаагүй. Тиймээс энэ сарын 15-нд  дахин сонгон шалгаруулалт зарласан. Одоо эдгээр нэгж талбарын өргөдлийг хүлээн авах үйл ажиллагааг хийж байна.

-Эхний ээлжийн таван байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зөрчил илэрсэн гэсэн. Яг ямар зөрчил илэрсэн юм бэ?

-Жалга болон өндөр хүчдэлийн дор таарсан зөрчил бий. Мөн тухайн газарт нь зөвшөөрөлгүй ч гэсэн айл суурьшсан зэрэг тохиолдлууд гарсан. Тиймээс асуудлуудыг  засах гэж сүүлийн хоёр сар гаруйн хугацааг зарцуулж байна. Тухайн зургийг хийсэн Ерөнхий төлөвлөгөөний газрын автортай нь газар дээр нь очиж зургийг янзлуулж байгаа. Одоо ч ганц нэг асуудал үлдсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа юм. Гэхдээ нийслэлийн орчимд хоосон газар байхгүй болсон байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Шинээр өмчлүүлж байгаа газар дээр олон жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол байгаа гэсэн?

-Ганц нэг байгаа. Гэхдээ зурагт нь өөрчлөлт оруулаад гаргаж өгсөн. Мөн зарим айлын өвөлжөө, худгийг дайруулан зураг хийсэн асуудал бий. Энэ асуудлыг ч гэсэн зургаар нь шийдвэрлэж байгаа. Өөр газарт зургийг нь хийлгэнэ гэсэн.

-Эхний ажил байсан учир эдгээр алдаанууд гарсан байх. Одоо дараагийн ээлжийн таван байршилд энэ төрлийн алдаа гарахгүй гэж ойлгож болох уу?

-Дараагийн таван байршлын зураг ирсэн. Одоогийн байдлаар бид зургийг нь шалгаж байгаа. Гэхдээ л Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн зурагт дутагдал байгаа. Нэгж талбарын давхцал болон жалга дайруулсан гэсэн зөрчил мөн л илэрсэн.

-Тэгвэл  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зургаа дахин шинэчлэх үү?

-Тийм. Бид зөрчил, дутагдлыг илрүүлээд зургийг нь дахин хийлгэж байгаа.

Монголын мэдээ
Ж.Отгон

URL:

Сэтгэгдэл бичих