Ирэх намар сургалтын төлбөр хэд болох вэ

Их дээд сургуулиудын сургалтын төлбөр жил ирэх бүр нэмэгддэг тогтолцоо нийгмийн хэвийн шахуу үзэгдэл болж хувирлаа. МУИС-ийн төлбөр гурван жилийн өмнө 750 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 890, цаашлаад сая гаруй төгрөгт хүрчээ. Мөн ШУТИС-д зарим мэргэжил 600 байсан бол өнгөрсөн намар дийлэнх элсэгчид 900 мянгаар төлбөрийн баримтаа хийцгээж байлаа. Тэгвэл Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 750 байснаа 990 болгож өсгөсөн.

Харин ирэх намар их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө хэд гэж дуугарах вэ. Үүнд хариулт авахаар Боловсролын үнэлгээний төвд хандсан боловч сургуулиудын мэдээлэл орж ирээгүй гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөхөөс цааргаллаа. Сургалтын төлбөр сая давчихаад байгаа өнөө үед БСШУЯамнаас их дээд сургуулиудын үнээ өсгөж байгаа тогтолцоонд хязгаарлалт хийсэн ажил харагддаггүй нь жил бүрийн намар сургалтын төлбөртэй холбоотой гомдол, санал урган гарч байгаатай салшгүй холбоотой. Сургалтын төлбөрөөс гадна манай улсын их, дээд сургуулиудын боловсрол олгох түвшин хэр байдгийг сонирхох хүмүүс олон байна.

Манайд байгаа зарим дээд сургууль хувийн байр сууцгүй, халаалт, дулаан, оюутнуудын эрүүл орчинд сурч боловсрох эрх зүйн орчинг хязгаарласан гэх мэт учир дутагдал анзаарагддаг. Өнгөрсөн намар орон даяар хичээлийн жил эхлэхэд их, дээд сургуулиудын төлбөр 30 хувиар нэмэгдсэн. Мөн нийслэлийн хэмжээнд сургалтын төлбөрөө огт өөрчлөөгүй их дээд сургууль байгаагүйг Боловсролын үнэлгээний төвийн судалгаа харуулсан билээ. Сургалтын төлбөрөөс гадна оюутны мэргэжлийн үнэ цэнэ, ажлын байрны олдоц гэх зэрэг хөндөхгүй байхын аргагүй асуудлууд бий.

Нэг жишээ дурьдахад 2009 онд улсын хэмжээнд 33 мянган оюутан сургуулиа төгсч, диплом өвөртөлсөн ч ердөө 14 мянга нь төгссөн даруйдаа ажлын байранд очсон гэсэн баримт байдаг. Тэдний тав хүрэхгүй мянга нь хоёроос гурван жилийн дараа мэргэжлээрээ ажилладаг бол үлдсэн хувь нь огт өөр мэргэжлээр амьдралаа залгуулах хандлагатай байдаг. Сургалтын төлбөрөө дөрвөн жил бүтэн төлсөн оюутан дор хаяж зургаан сая төгрөг үр ашиггүй зарлагдаж байгаа ч гэж хэлж болох юм. Ямартай ч сургалтын төлбөрийн асуудлыг цэгцэлж энэ жил БСШУЯ, Засгийн газраас хэдэн мянган оюутан ахиад л төлбөрөө битгий нэмээч хэмээн гуйх нь эргэлзээгүй юм. Гэтэл салбар хариуцсан мэргэжилтнүүд энэ асуудалд тодорхой хязгаар тавьж чадалгүй өдийг хүрсэн билээ. Наадмын дараа намар болно. Харин намар болохоор нөгөөх сургалтын төлбөрийн асуудал урган гарч ирэх нь тодорхой.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих