Тагнуулчаа хамгаалдаггүй Тагнуулын байгууллага

тег-Тагнуулчдын тухай таагүй мэдээллүүд-

Аливаа  улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад тагнуулчид, тагнуулын байгууллагынхан чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Чухам иймээс тагнуулч гэдэг төрийн хүнийг улсын хамгаалалтад авч, тэр хүн эх орныхоо төлөө  амь насаа үл хайрлах  тангарагтай ажилладаг. Бид улс орон  бүрийн үе үеийн тагнуулчдын тухай ном зохиол, киноноос тэдгээр хүмүүс ямар ээдрээт амьдрал туулж, ямар эрсдэл үүрч явдгийг уншиж, үзэж байсан билээ. Харин өдгөө манай улс тагнуулчдаа хэрхэн хамгаалж, Тагнуулын байгууллага нь хэрхэн яаж ажиллаж, ажиллуулж байгаа нь  анхаарал татаж байна. ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарын гэх хэргийн түүхээс манай тагнуулын байгууллагынхны өнөө цагийн төрх тодрон  гарч мэдэхээр болжээ. Хоёр жил орчим үргэлжилж  буй түүнд холбогдох  хавтаст хэргүүд  эргээд төрийн томчуудын авилгын хэргийн  сүлжээ, хуулийн байгууллага хоорондын  үйл ойлгоцлын бодит байдлыг ил гаргаж мэдэхээр байна.Сөрөх тагнуулын газрын дарга асан, тагнуулчийн өнгөрсөн тавдугаар сард хорих ангиас бичсэн захиа олон нийтэд хүрсэн нь хүмүүсийн анхаарлыг  татаж  байлаа. Хурандаа Д.Цогтбаатар тухайн үед хэвлэл мэдээллээр  цацсан, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад хаягласан  “Хууль бус үйл  ажиллагааг таслан  зогсоох” гэж  хаягласан  захиандаа “2012 оны 12 сард Д.Цогтбаатар надад хандсан иргэн, авлигын гэмт хэргийн шинжтэй 19 өргөдөл, компаний видео танилцуулга бүхий флэш дискийн хамт өгсөн нь а) АТГ-ын харьяалах асуудал ; б) дурьдсан зүйлийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай байсан тул би Б.Хурцад (түүнтэй урьдчилан зөвшилцсөний дагуу дээрхи 2 үндэслэлийг хэлж) өгсөн.
Миний энэ үйлдэл нь НҮБ-ын авлигын эсрэг конвенци, МУ-ын Авлигын эсрэг хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудыг удирдлага болгон үүргээ биелүүлж АТГ-ын албан тушаалтанд мэдэгдсэн хууль ёсны үйл ажиллагаа атал Б.Хурц нь миний анхааруулж хэлсний дагуу ямар ч арга хэмжээ (5 сар) аваагүйгээр үл барам намайг төрийн нууц материалыг Б.Хурцад задруулсан гэх зохиомол хэрэг (ЭХ-ийн 87.1 дэх зуйл ) үүсгэн шалгах ажлыг УЕП-ын дэргэдэх МБА-ны дарга И.Пүрэвцогттой хамтран явуулсан. Уг материал (өргөдөл) нь шинжээчийн 2013 оны 6 сарын 03-ны өдрийн дүгнэлтээр ‘Төрийн нууцад хамаарахгүй″ гэсэн боловч одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэргийг шалгах явцад МБА-ны дарга И.Пүрэвцогт нь дуудаж заналхийлэх, мөрдөн байцаагч Тулга нь ТЕГ-т ирж ажилтнуудтай уулзах үедээ ТЕГ-ын нууц мэдээллийн сангийн компьютерийн дэлгэцнээс “маш нууц” мэдээг гар утасны аппаратаар нууцаар авч байгаад баригдсан. ТЕГ-ын нууц эх сурвалжийг задруулсан гэх мэт хууль бус үйл ажиллагаа олноор гарч, зөвхөн Д.Цогтбаатар намайг яллах талыг баримталж ЭБШХ-ийг явуулах төдийгүй мөрдөн байцаагч Тулгыг Б.Хурц АТГ-т дуудаж уулзан; … чи Д.Цогтбаатарыг заавал. яаж ийж байгаад эрүүгийн хариуцлагад татуулна шүү… гэж нөлөөлсөн явдал ч гарч байв” гэх мэтээр  бичжээ.

Харин  энэ бүхний дараа түүний  өмгөөлөгч Г.Баянбилэг “Өдрийн сонин”-д өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Д.Цогтбаатарыг буруутгах, ямар нэг аргаар түүнд ял оногдуулж, ТЕГ-т ажиллахгүй болгоход чиглэсэн үйл ажиллагаанд гадаадын  тагнуулын байгууллага  оролцож байгаа маш ноцтой байдал илэрсэн. Мөн төрийн нууц задруулсан гэж иргэний өргөдлийг төрийн нууц болгох гэж  шалгах явцдаа ТЕГ-ын маш  олон нууцыг бусдад задруулсан нь ил болоод байгаа. Бид  энэ талаар ҮАБЗ, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, ТЕГ зэрэг байгууллагуудад хандана. Авлигын талаарх өргөдөлд төрин  өндөр албан тушаалтнуудын нэр дурдагсан  байж  болно. Ингэснээр төрийн нууцад хамааруулдаг үндэслэл ямарч  хуульд байхгүй” хэмээжээ. Мөн өмгөөлөгчийн ярьснаас үзвэл, Сөрөх тагнуулын газрын дарга асанг яллахад гол гэрч  нь өвөрмонгол хүн байсан гэнэ. Мөнөөх өвөрмонгол нь чухам ямархуу санаа зорилготой Монголд орж ирсэн хүн бэ гэдгийг ухвал олон юм гарч ирэх биз ээ. Энэ  бол тагнуулын  байгууллагатай, бусад хууль, шүүхийн байгууллагтай  холбоотой эргэлзээ дагуулахаар баримт мөн. Д.Цогтбаатар гэдэг хүн хуулийн ямар эрх ашгийн золиос болчихов оо гэдэг асуулт ч эндээс гарна. Манай тагнуулын байгууллага л лав өөрийн улсын тагнуулчаа хамгаалсангүй.

Тагнуулын байгууллагатай холбоотой өөр хэд хэдэн үйл явдал өнгөрсөн өдрүүдэд өрнөснийг уншигчид  санаж буй байх. Эхнийх нь улстөрийн хуурамч гэрээ гэгчийг  үйлдсэн хүний тухай юм.  “АН болон МАХН хоёрын хуурамч нууц гэрээг МАН-ын хэвлэл мэдээллийн албанаас хийсэн болохыг Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Буяндалай дөнгөж сая мэдээллээ. Ардчилсан нам болон МАХН-ын нууц гэрээг ил болголоо гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Тагнуулын ерөнхий газраас уг нууц гэрээ гэх зүйлийг шалгахад МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон бусад ажилтнууд нь оролцсон болохыг тогтоогджээ” хэмээсэн мэдээг Gogo.mn цахим хуудас мэдээлжээ. Гэтэл энэ үйл явдлаас хойш хуурамч мессежний тухай бас нэг хэрэг дэгдсэн. УИХ-ын гишүүдийн гар утаснаас “1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Хятад банкаар барьцаалуулж, 3. Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд Та саналаа өгнө үү” гэсэн мессежийг иргэдэд илгээсэн байсан юм. Харин энэ мессежийг  УИХ-ын гишүүн явуулсан гэдгийг тогтоосон гэх боловч Тагнуулынхан хэн бэ гэдгийг нь зарлаагүй. Өөрөөр хэлбэл хуурамч гэрээ байгуулсан хүнийг олон нийтэд зарлачихаад хуурамч  мессеж илгээсэн УИХ-ын гишүүнийг зарлахгүй байгаа нь манай тагнуулынхан үндэстний эрх ашгийн төлөө  ажиллаж  байна уу, үгүй юу гэдэгт ард иргэдийг эргэлзэхэд хүргэж байж мэднэ. Тагнуулынхны тухай таагүй, эргэлзээтэй иймэрхүү мэдээллүүд байна. Анхаарал татсан бас нэг зүйл байгаа нь өөрийн улсынхаа иргэдийн тагнаж, чагнах бол заавал шүүхээс зөвшөөрөл авдаг болох хууль  эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй  гэж зарим хуульчид  үздэг юм билээ. Гэтэл үүнийг ажил хэрэг болгохгүй байгаагаас  хуулийн байгууллагынхан улс төрийн болон бусад зорилгоор хэн нэгнийг хэрэгтэн болгож торны цаана суулгахад амархан  байгааг онцолж  буй  юм. Энэ мэтчилэн манай тагнуулын байгууллагынхан үндэсний  аюулгүй байдал, ард иргэдийнхээ  амгалан тайван амьдралын төлөө ажилладаг гэдгээ бататгаж байхгүй бол тэдэнтэй холбоотой таагүй мэдээллүүд хэтэрхий  олон гарч байна. Тагнуулын байгууллагын сайн муу ажиллаж байгааг хэн шалгаж, хэн шүүх вэ?

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих