Өвөлжөөний минь ойролцоо алт бүү гараасай

алтНээрээ шүү. Залбирах л юм энэ! Өвөлжөөний минь ойролцоо, төрж өссөн нутгийн минь дэргэд, тоонотын минь тойрог дотор, мал буяны минь бэлчээр дээр алт л битгий илрээсэй. Уудам дэлгэр орныг маань нинжагийн фронт нөмөрсөн эл цөвүүн цаг дор үнэн сэтгэлийн угаас үүнд л залбирах юм.

Монгол хүмүүнд унасан газар угаасан ус гэдэг үлэмж үнэ цэнэтэй ойлголт байдаг. Гэхдээ энэ нь хөдөө төрсөн хүнд илүү хамаатай, утга ихтэй ухагдахуун юм аа.

Манай өвөлжөө. Залаажинстийн нурууны хойт үргэлжлэл-Цармын уулсын ар умард үзүүр, наран тийшээ харсан Нүдэнгийн ихрийн минь саравчтай дулаахан бууц. Энд миний дурсамжийн хамгийн амттай бүхэн шингэж үлдсэн юм. Мяндсан шилбүүр барьж хурга ишгээ элдэн, нутгийнхаа чулуугаар гэр барьж тоглосон хүүхэд нас эндхийн минь хөрс шороо, цэцэгт нуга, чулууных нь эгэл ширхэг бүхэнд шингэмэл буй. Гар хөлийн үзүүрт нь гүйж ижий аавдаан тус хийж чадах болсон малчны хүүхдэд хээр чулуу өрж тоглох цаг зав бараг гардаггүй. Тиймээс өвөлжөөнөөс саахалт хэрийн зайтай ишиг хургаа тогтоочхоод л, тэд маань үргэсэн бүжин шиг дэрхийгээд ганцмөсөн буцаад хотруугаа дэгдчихгүй бол чулуун гэрээ босгож тоглоом дэлхдэг ховор нандин дурсамжтай хөдөөгийн хүүхэд билээ, бид.

… Алтанд улайрсан цөвүүн цаг үнэ цэнэтэй, ховор нандин бүхэнд минь заналхийлж байна. Уут уутаар мөнгө байвч эргүүлж авч болдоггүй эрдэнэ бүхнийг минь булаасаар л. Хангай говь, хээр цөл, баруун зүүн хил, хамгаалалттай, хамгаалалтгүй, дархалсан хийгээд онголж шүншиглэсэн орон газар бүхэн, уулын нуга бэл, сайр жалга, ганга гуу, аараг толгод, энгэр бэл хаа л бол хаа алт л гарч байвал нинжа нар ялгадсанд шимтсэн ялаа батгана мэт шаваад ирдэг. Хэдэн арав, зуугаараа, есөн жорын газраас хэн ч дуудсан юм гэмээр овоорчихно. Шөнө өдөр, цаг хормын дотор буй бүгдийг нь цөлмөөд арилж өгнө. Унаа машин, тэрэг чаргаараа нутгийн минь хөрс шороог нунтаг тоосонд хувиргаад, сонгож авсан газраа мөлжсөн толгойн яс шиг, ухархайг нь авсан хувхай нүд мэт болгоод зайлж оддог. Энд хүн мал идээшиж, ахуй амьдрал оршин байсны тэмдэггүй болтол төнхөж малтан, амьдралгүй эзгүй гаргийн гадаргуу, ис шороон тэнгис уй гуниг дагуулж үлддэг. Өнчин ботго, өрөөл ганц болжмор ч тийм газар үл тогтоно.

Сүүлийн үед өвөлжөөний минь ойролцоо, тоонотын минь тойрог дотор алт л битгий илрээсэй гэж сэтгэл өвдөн, бодол болон шаналах минь улам нэмэгдсээр. Өвөлжөө минь бүтэн байвал өр сэтгэл минь бүтэн, бүлээн байнам. Өрж цуглуулсан чулуун тоглоом минь бүрнээрээ энх амар оршиж байвал би бас тайвширна аа. Өөрийн минь өвөлжөө л бүтэн байвал өрөөл бусдынх хамаагүй гэж хувиа борлуулж буй юм биш. Ер нь монгол айлын өвөлжөө бүхэн, өвгөд дээдсийн минь өвлүүлсэн буурь бууц бүхэн элэг дүүрээ нь бүтэн байвал монгол эх орон минь бултаараа бүтэн, баялаг бүхэн нь баянаараа байх болно оо доо.

Хурга ишиг хариулангаа өрж босгож, хорвоотой танилцсан, цэцэгт цэнхэр дэлхийтэйгээн харилцаж ярилцсан түүхээн эхэлж байсан чулуун гэрээ эргэлгүй олон жил өнгөрч шүү. Бүтэн л байдаг байгаасай гэж сэтгэлдээ төсөөлөн залбирнам. Өвөлжөөний минь ойрхон алт битгий л гараасай гэсэн бодол өдөр өнжихгүй ээрнэм. Тийм байвал хажууд уул мэт ханхайх өвгөдийн минь сэтгэл ханагар, элэг нь бүтэн байнам. Хальж одсон дээдсийн минь сүнс сүлд ч басхүү амгалангийн хутгаар биднийг ивгээнэм.

Хэрэв зээ, аз дутахын дайрлага дайрч, алт гээч нь гарч илрэн хомхой шунахайчдын түрэмхийлэл нэрвэж гэмээнэ өвөлжөө минь сүйднэ. Хурга ишигний минь бэлчээр хугас хагас болно. Өрж үлдээсэн энхжингийн өргөө хүүхэд ахуйн чулуун гэр минь хагарч бутарна. Ижий минь зүднэ. Нойр нь арилж шанална. Сэтгэл нь насан турш энэлсээр байх болно. Хонь мал маань майлж уйлан, нүх гуунд нь унан тусан сүйд болно… Аа яа яа. Ингээд больё доо. Бодохоос аймаар. Бичнэ ч гэхнээ нь зүрх шимширч, хуруу гар үл эвлэнэм.

Амар амгалангийн  диваажин болсон уугуул хөдөөд минь өдгөө бас ч гэж жаргал байна уу гэвэл бий. Сэтгэл үл зовнихын жаргалан! Үүнийг дээдсийн номд жаргал жаргалын дээд нь гэж тодорхойлдог юм. Малчин түмэн маань өвөлжөөнийхөө бэлчээр дор ямархан эрдэнэ баялаг нуугдан байгааг үл мэдэн, мэдэхгүйн амгаланд эзлэгдэнхэн, мэдсэн ч мэдээгүй юм шиг нууцлахын далд нэгэн амгаланд шүтэн амьдарсаар л байна даа.

Алтыг нь ухаж хонхойлсон газрыг шороогоор дүүргээд, энд тэндээс хэдэн сөрвөгөр мод бут авчран суулгачихаад /үнэндээ бол оршуулаад гэмээр юм уу/ үүнийгээ “Нөхөн сэргээлт” гэх гоё үгээр илбэдэн, нүгэлт үйлээ зөвтгөхийг оролдоно. Гэвч тамын нүхийг булж дарж чадах ч үйлийн үрийг хэн ч, хэзээ ч хариулж буцааж үл дийлнэ.

Монгол хүн мэндэлсэн газраа насан турш хайрлаж харамлаж, халуун хэвэл дор нь чухам юу нуугдан байгааг үл мэднэ. Мэдэвч үл мэдэх мэт хэн хүнд хамаагүй эс хэлнэ. Лус савдаг хилигнэнэ гэж далдын, ёс суртахууныхаа гайхам хуулиар эх газар шороогоо өмгөөлнө. Үл мэдэгдэх баялагтай байхын бахархал, үл мэдэн, сэтгэлээрээ өег баян байхын жаргалыг л чухам жаргал гэж эдэлдэг дээ. Хойч үе маань нөхөн сэргээлт хийсэн, хэвлий гүнд нь нуугдан асан эрдэнэ бүхнийг нь тэртээ дээр хөндийлж ухсан хоосон газарт хууртан сэтгэлээр бус, нүдээрээ л “баян” суух юм гэж үү. Монгол түмэн буянт малынхаа ашиг шимээр амьдраад эрин зууныг элээсэн. Одоо л яасан ч малын буян нь амьдрахад нь “хүрэхээ байсан” цөвүүн цаг ирж гэнэ. Тэгээд уул ус, онгон дархан байгалиа, тэр ч байтугай эцэг өвгөдийнхөө булш бунхныг хүртэл эрээлэлгүй сэндийчиж, орхилгүй онгичиж, алт хэмээх аюулын шар “мангас”-т ухаан мэдрэлгүй алуулж талуулж дуусч байна.

Өвөлжөө минь бүтнээрээн байг. Өвөг дээдсийн сүнс сүлд амгалан оршиг. Ухах тусам улмаа ундраад байх алт-оюуны уулаа улам бүр гүнзгийлэн малтъя. Ганц ухаад барчих шар гайхалд хамаг байдгаан хөнөөн, өөрөөн өөрсдөөрөө тохуурхахаа зогсооё.

 

Б.ЭЛБЭГЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих