Хэнэггүй Монголчууд ДОХ-ыг ч тоохоо байж

3b91163d-d273-4860-8779-72fda49127c0ХДХВ/ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөрт

Өнөөдөр ДОХ-ын өвчний эсрэг тэмцэх дэлхийн өдөр. Хүн төрөлхтөн ДОХ-той нүүр тулаад 40-өөд жил болж байгаа ч түүнийг бүрмөсөн устгах аргыг олж нээж чадаагүй л байна.

Энэ өвчнийг устгаж, өвчилсөн хүний дархлааг эргээн сэргээх эмийг бүтээсэн хүнд Нобелийн шагналаас эхлээд олон шагнал амалсан ч одоо хүртэл бүтээж чадаагүй л байна.

Жил бүрийн энэ л өдөр нөгөө ДОХ гээчийн тухай дэлхий нийтээрээ ярих боловч бусад үед тийм өвчин байдаг тухай ярих битгий хэл мартчихдаг гэлтэй. Энэ өдөр хаа сайгүй ДОХ-ын эсрэг хурал цуглаанаас эхлээд бэлгэвч тараах гэх мэт үйл ажиллагаа явуулах ч бусад үед олонд хүрсэн үйл ажиллагаа явуулах нь ховор.

Манай Монгол улсад ДОХ-ын халдвартай хүний тоог 100 гартал нь тоолж байсан.

Тэнэмэл Камерун эрээс анх өвчин авсан биеэ үнэлэгч бүсгүйгээс хойш 100 гаруй хүнийг авахад эрхбиш айж ширвээтдэг л байсан. Тэгвэл эдүгээ ДОХ-той хүн шинээр илрэхэд эмнэлгийн хэдэн эмч, ДОХ-той тэмцэгчдээс өөр тоох хүн алга. Ийм хэнэггүй байдал уг өвчнийг хэтэрхий их тархан гамшгийн хэмжээнд хүргэх вий дээ.

Хэд хоногийн өмнө Монгол улсад 179 хүн албан ёсоор энэ өвчний халдвар тээгч гэж бүртгэгдсэнээс 23 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэж мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн хувьд өвчлөлийн хүнд шатандаа орчихсон үедээ оношлуулан эмчилгээ хийлгэж, зарим нь эмчилгээ авч чадалгүй нас барсан гэсэн.

Эдгээр 179 хүний ард наад зах нь 774 хүн ДОХ-ын халдвартай байж магадгүй гэсэн судалгааг ХӨСҮТ-ийн эмч нар гаргасан. Гэвч тэр хүмүүс хаана явна гэдэг тодорхойгүй байгаа тухай ч мэдээлсэн. Тэднийг өвчнөө мэдэлгүй бусдад тарааж байх вий гэдэг үүднээс яаралтай тандалт, судалгаа явуулах, вирусын халдвар тээсэн хүмүүсийн хавьтагч нарыг олж тогтоох ажлыг хийсээр байгаа гэнэ.

Ийнхүү ДОХын халдварын тухай асуудлыг ярих хооронд халдвартай хүний тоо нэмэгдсээр байгаа нь аймшигтай. Ингээд ДОХ болон ХДХВ-ийн талаарх багц мэдээлэл хүргэе.

ДОХ ба ХДХВ гэж юу вэ

ДОХ нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгаагүй болгож, үхэлд хүргэдэг аймшигт тахал. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзани, Гаитид илэрч бүртгэгджээ.

1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлаа хомсдлын вирус буюу ХДХВ-ыг нээжээ. Энэ вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах чадвар болон дамжих замыг нарийн тодорхойлоод байгаа.

Хэрхэн халдварладаг вэ

-ДОХ-ын халдвар авах хэд хэдэн зам бий. Үүнд:

-Хамгаалалтгүй (бэлгэвч хэрэглэхгүй) бэлгийн харьцаанд орох (70-80 хувь),

-Зүү тариур болон тарианы бусад багаж хэрэгслийг дахин хэрэглэх (5- 10 хувь)

-Ариутгаагүй багаж хэрэгсэл ашиглан шивээс болон цоолбор хийлгэх, Сахлын хутга болон шүдний сойзоо сольж хэрэглэх (цусны үлдэгдэлтэй), Халдвартай цус шилжүүлэн юүлэх (5-10 хувь),

-ХДХВ-ийн халдвартай эхээс вирус хүүхдэд халдах, Жирэмсэн байх үед болон төрөлтийн явцад хөхөөр хооллох үед (5-10 хувь), ХДХВ нь цус, үрийн шингэн, үтрээний хэсэг болон эхийн сүүгээр дамжин халддаг.

Yүнд бие организмын өөр төрлийн шингэнээр халдвар дамжих аюул байхгүй (шүлс, хөлс, нулимс, шээс г.м).

ХДХВ-ээс ДОХ хүртэл

ХДХВ нь зөвхөн хүний биед л амьдрах чадвартай бөгөөд өөр орчинд удалгүй устдаг. ХДХВ нь зөвхөн рибонуклейны хүчил хэлбэрийн удамшлын мэдээллийг агуулсан байдаг. Үүнээс болоод ХДХВ нь бие даан үржих чадваргүй. Иймд ХДХВ үржихэд өөр ямар нэг эсийн ДНХ шаардлагатай байдаг.

ХДХВ нь эсэд нэвтрээд өөрийн удамшлын мэдээллийг суулгадаг. Yүний дараа ДНХ-г агуулсан эс нь вирусны үйлдвэр мэт ажиллаж эхэлдэг. Эцсийн эцэст тэр эс нь шавхагдаж барагдаад мөхдөг. Ингэж ХДХВ нь өөрийн үржилд бидний дархлааны системийн тодорхой эсүүдийг ашигладаг. Чухам энэ нь ХДХВ- ийн ямар аюултай болохыг харуулж байгаа юм.

Тэр нь албан хүчээр өөрийн үржилд хүний дархлааны системийг ашиглаж, гэмтээдэг байна. Ихэнх хүмүүс ХДХВ болон ДОХ хоёрыг адилхан зүйл мэт боддог ч тийм биш ажээ.

Хүн ХДХВ–ийн халдвар авсан үед вирус нь бие махбодыг хамгаалдаг дархлааны системийг гэмтээж эхэлдэг. ХДХВ–тэй хүн олон жилийн турш халдвар авсан гэдгээ ч мэдэхгүй байж болно. Энэ хугацаанд вирус нь дархлааны системийг үргэлжлүүлэн гэмтээснээр хүн ямар ч энгийн өвчин амархан тусдаг болж, тэр нь эдгэрэхгүй улам хүндэрдэг.

ДОХ –ын онош нь ХДХВ–аар халдварласнаас хойш хэдэн жилийн дараа, эсвэл хэд хэдэн хүнд өвчин туссаны дараа л тавигддаг. ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүйг илтгэх шинж нь: амны гэмтэл, биеийн халуун шалтгаангүйгээр өсөх, шөнөөр хөлс асгарах, гэдэс гүйлгэх, турах, амьсгалын хурц халдвар байнга тусах, үсэрхийлсэн цэврүүтэс болон бусад. Тэгэхээр ХДХВ ба ДОХ нь адил зүйл биш болох нь тодорхой байна.

ХДХВ бол дархлааны системийг дарангуйлагч вирус, харин ДОХ бол вирустай хүний буурсан дархлааны үндсэн дээр үүссэн цогц өвчин ажээ.

ХДХВ болон ДОХ-ыг оношлох

Халдвар авсны дараа цусанд ХДХВ-ийн эсрэг биет үүсэхээс өмнөх үеийг “цонх үе” гэнэ. Тиймээс халдвар авснаас хойш 25 хоногоос 3 сарын дараа тусгай цусны шинжилгээний тусламжтайгаар вирусын эсрэг биетийг илрүүлдэг.

ХДХВ-ийн цусны шинжилгээг аль ч эмнэлэгт хийж болно.ХДХВ-ийн эсрэг биетийг цусанд олж тогтоосон тохиолдолд шинжилгээний дүн эерэг (+) гэж гардаг. Нөгөөтэйгүүр, энэ нь хараахан эцсийн хариу биш бөгөөд учир нь авсан хариугаа баттай эсэхийг өөр нэгэн тестээр заавал дахин шалгадаг.

Зөвхөн давтан шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд л эмч тухайн хүнд ХДХВ-ийн халдвар илэрснийг мэдэгддэг. Ингэхдээ шинжилгээний хариуг эмч тухайн хүнд биечлэн мэдэгддэг бөгөөд энэ мэдээллийг чандлан нууцалдаг.

ХДХВ-ийн халдвар болон шинжилгээний хариуны талаар дархлааны эмч, эсвэл бэлгийн замын өвчин судлаачтай зөвлөлдөж болно. Тэрээр шаардлагатай эмчилгээг зааж өгөх болно. Эмчилгээ ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд нь вирусыг устгадаггүй зөвхөн ХДХВ-ийн үржих үйл явцыг саатуулж, идэвхийг бууруулдаг.

ХДХВ-ийн идэвхийг бууруулснаар дархлааны эс сэргэж ирдэг. Нэг дор гурваас дөрвөн эмийн бэлдмэлийг хэрэглэхийг өндөржүүлсэн идэвхтэй, ретровирусны эсрэг эмчилгээ гэж нэрлэдэг. Яагаад гэвэл ийм эмчилгээний үр дүнд цусан дахь вирусын агууламжыг тодорхой түвшинд хүртэл бууруулж чаддаг.

Энэ нь хүн вируснаас бүрэн ангижирсан гэсэн үг биш юм, учир нь ХДХВ нь цусанд төдийгүй, тунгалагийн булчирхай, түүнчлэн хүний бусад эрхтэнд ч бас байх боломжтой байдаг. ХДХВ илэрсэн үед зарим нэгэн халдварт өвчнийг өөр аргаар эмчлэх хэрэгтэй болдог.

Түүнчлэн ХДХВ-г тээгч нь дархлааныхаа байдал болон биеийн бусад үзүүлэлтүүдээ анхааран хянаж байх нь маш чухал юм. Ингэснээрээ цаг тухайд нь вирусны эсрэг эмчилгээ хийж, ДОХ бий болох үйл явцыг зогсоох боломжийг олгодог. Мөн ХДХВ-ээр халдварласан хүн удаан амьдарч болно.

Урьдчилан сэргийлэлт

ХДХВ ба ДОХ нь хүмүүст айдас болон тайван бус байдлыг төрүүлдэг боловч энэ нь ихэнхдээ хэтрүүлэг байдаг ажээ. Хүмүүс ХДХВ-г энгийн ахуйн хавьтлаар халдана гэж айдаг. Yнэн хэрэг дээрээ эдгээр айдас нь үндэслэлгүй зүйл ажээ.

Бэлгийн замын өвчин, буруу хурьцал /гомосекс мэтийн/, хар тамхи хэрэглэх/мансуурснаас юу хийж байгаагаа хянах чадвараа алддаг/ гэх мэтээс сэргийлж, татгалзаж чадвал эрсдэл бага.
Г.Самбаа

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих