Зян Зэминь амьд уу?

БНХАУ-ын дарга асан Зян Зэминийг нас барсан гэх мэдээ сүүлийн хоногуудад Хятадын интернэтийн орон зайг бужигнуулж байна. Зян Хятадын коммунист намын 90 жилийн ойн нүсэр баярт оролцоогүй нь энэ яриаг улам идэвхжүүлэв.

Мөн албан ёсны эх сурвалжууд ямар нэг тайлбар хийхгүй, чимээгүй байгаа,  “Зян Зэминь” нэрээр хайлт хийхийг Хятадын хязгаарлаж байгаа нь тус улсын экс-удирдагч хоногоо тоолсон эсвэл нас барсан байж магадгүй гэх сэжгийг улам нэмэгдүүлж байна.

Хамгийн анх Зян Зэминийн биеийн байдал маш хүнд байгаа тухай гадаадад ажилладаг Boxun гэх хятад сайт мэдээлсэн. Уг сайт өнгөрсөн хоёрдугаар сард Хятадад “мэлрэг цэцгийн хувьсгал” хийхийг уриалж байсан юм. Долдугаар сарын 3-ны орой уг сайт Бээжингийн  № 301 цэргийн эмнэлгийн дэргэд Засгийн газрын машины цуваа зогсч байсныг мэдээлсэн байна. Уг цэргийн эмнэлэгт Хятадын удирдлага эмчлүүлдэг. Хоёр хоногийн дараа уг сайт сахарын шижин болон Паркинсоны өвчинд нэрвэгдсэн байж магадгүй БНХАУ-ын экс-дарга сарын өмнө зүрхний шигдээсийн улмаас  нэлээд хүнд байдалд орон Бээжингийн эмнэлэгт хиймэл амьсгалын аппаратад холбогдсон гэж мэдээлжээ.

Өдгөө 84 настай Зян Зэминийн биеийн байдал таруухан байгаа гэсэн мэдээллийг Хятадын коммунист намын долдугаар сарын 1-нд болсон 90 жилийн ойн арга хэмжээн дээр үзэгдээгүй нь улам баталгаажуулж байна. Эрх баригчид энэ эмзэг сэдвийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Цаашлаад лхагва гаригаас эхлэн Sina Weibo (Хятадын Twitter) томоохон микроблогт “Зян Зэминь”, “инфаркт миокарда”, “тархины үхэл” гэсэн үгс болон экс даргын нэр нь хятадаас буудаг “мөрөн” гэсэн иероглифыг бичихэд нь хориг тавьсан нь улам их хүндрэл учруулав. Гэсэн ч үргэлж хүндрэл амсаж ирсэн хятад блогчид хоригийг тойрох замаа олсон байв. Сүлжээнд нь хоосон өлгүүрийн (хятад ярианд үхлийг хэлдэг) ба бүсэлхий хүртэл татсан (дарга Зян өмдөө бүсэлхий хүртэл татаж өмсдөг) өмдний  зургийг хориотой үгний оронд тавих болсон байв.

Пүрэв гаригт энэ дуулианыг Бээжинд хянуулдаггүй Гонконгийн хэвлэл үргэлжлүүлэв. The Standart сонин эх сурвалждаа үндэслэн Хятадын экс-лидерийг хорт хавдартай гэж бичжээ. Oriental Daily сонин нөхөр Зян зүрхний дутагдлаар нас барсан гэж бичсэн байв. Экс-даргыг Гонконгийн Asia Television телевиз “оршууллаа”.  Тэд Зянь дарга лхагва гаригийн орой нас барсан гэж мэдээлсэн юм. Гэхдээ пүрэв гаригт Asia Television телевиз батлагдаагүй мэдээ өгсөндөө Зян Зэминийн гэр бүл болон үзэгчдээс уучлалт гуйв.

Нөхөр Зянийн биеийн эрүүл мэндийн асуудлын талаар цуу яриа өмнө нь гарч байсан. Өнгөрсөн жилийн сүүлчээр тэрээр, Гадаад хэргийн сайд агсан Хуан Хуагийн оршуулгад ирээгүй мөн тавдугаар сард ерөнхий сайдын орлогч асан Чэнь Мухуаг нутаглуулахад оролцоогүй зэргээс үүдэн түүний бие тааруу байна гэсэн “салхин мэдээлэл” тархисан. Энэ ”салхи” хий утаагүй байгаагүй бололтой. Наад зах нь Ардын улс төрийн зөвлөлд Гонконгийг төлөөлж байгаа Леу Монь-хун. “Хятадын төрийн төвшний удирдлага Зянь Зэминь таалал төгссөн тухай мэдээ”-г үгүйсгээгүй байна хэмээн орон нутгийн сонинд бичиж байсан юм.

Засгийн дээд эрхэнд гарсан Зянь Зэминийн замнал 1989 онд эхэлсэн билээ. Тяньаньмэнийн талбайд оюутны хөдөлгөөнийг дарсны дараа эсэргүүцэгчдийн улс төрийн эрх чөлөөг шаардсан шаардлагыг дэмжсэн ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыян албан тушаалаасаа буугдан гэрийн хорионд ороход Хятадын лидер Дэн Сяопин түүний оронд Шанхайн намын хорооны дарга Зяныг гаргаж ирсэн. Тэр үед түүнийг түр зуурын зөвшилцлийн хүн гэж байв. Гэсэн ч тэрээр  байдлыг хурдан гартаа авч 1993 онд БНХАУ-ын дарга болжээ. Түүний гол амжилт нь “гурван төлөөлөл” гэсэн онолыг хэрэгжүүлж, ажилчин, тариачин нартай сэхээтнүүдийг ижил төвшинд байлгаж, ХКН-д хувийн бизнесменүүдийг оруулах замыг нээсэн юм.

Зянь Зэминь урлагийн нарийн мэдрэмжтэй үг хаялцах мастер хүн. Тэрээр төгөлдөр хуур болон хоёр утаст үндэсний хөгжмөөр сайн тоглодог, ном, шүлэг бичдэг. Бас сайхан дуулдаг. Монголд айлчлахдаа “Халуун элгэн нутаг” дууг дуулж байлаа. Мөн тэрээр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны 1996 оны чуулгын оройн зоог дээр Элвис Преслийн  “Love Me Tender” дууг дуулж олныг хөгжөөж байв. 2001 онд Лучано Павароттийн хамт “O Sole Mio” дууг дуулсны дараа агуу тенор Зянь Зэминийг дуурийн агуу од болохоор дуулах авъяастай гэж хэлж байлаа. Түүнийг нь Пласидо Доминго дэмжин “Дэлхий агуу тенороо алдаад харин агуу улстөрчийг оллоо” гэж үнэлж байсан юм.

Түүний амьдралд Орос үргэлж онцгой байр суурь эзэлдэг. Өнгөрсөн зууны тавиад онд тэрээр Шанхайн их сургуулийг дүүргээд Сталины нэрэмжит автын үйлдвэрт дадлага хийж байсан гэдэг. Тэр цагаас Зян Оросын соёлыг онцгой үнэлэн А.Пушкин, Лев Толстой нарыг хүндэтгэн шүтэх болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих