Америкчууд энгийн номхон иргэдийг устгасаар байх уу

Афганистаны Пакистантай хиллэдэг бүсэд орших Хост хэмээх мужид өчигдөр шөнө олон улсын эвслийн цэргийн хүчнийхэн тусгай ажиллагаа явуулжээ. Тус бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Хаккани хэмээх Талибын нэгэн жигүүр болсон зэвсэгт тэмцэгчдийн эсрэг энэхүү ажиллагаа чиглэгдсэн бөгөөд Афганистаны арми болон олон улсын эвслийн цэргийн хүчнийнхэн хамтран тэдэнтэй бэсрэг тулалдаан хийгээд авчээ.

Энэ үеэр НАТО-гийн нисдэг тэрэгнүүд агаараас цохилт өгсөн бөгөөд харамсалтай нь уг ажиллагаа дууссаны дараа хэргийн газар үзлэг хийхэд гэмгүй номхон олон иргэд амь үрэгдсэн нь тогтоогджээ.Зэвсэгт бүлэглэлийнхнээс дөрвөн л хүний цогцсыг олсон ба 13 энгийн номхон иргэд тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгдсэнийг тогтоожээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү тусгай ажиллагаа нь Осама бин Ладенг устгах үед түүнээс олдсон нууц бичиг баримтуудыг шинжлэн судалсны үр дүнд хийсэн эхний ажиллагаа гэнэ. Талибын нэгэн жигүүр болох Хаккани хэмээх зэвсэгт бүлэглэлийн нөлөө бүхий хүмүүсийг устгах зорилготой хийгдсэн энэ ажиллагааг Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай НАТО-гийн ээлжит бүтэлгүй ажиллагаа хэмээн нэрлэсэн байна.

Мөн голлон оролцсон АНУ-ын тусгай хүчнийхнийг энгийн номхон иргэдийн амь насыг хөнөөсөөр байгаад хариуцлагаа хүлээж, нэн даруй иймэрхүү хядлагыг зогсоох, мөн яаралтай тайлбар өгөхийг Цагаан ордон болон адмирал Майкл Малленээс шаардлаа.

Иймэрхүү цэргийн үйл ажиллагаа Афганистанд удаа дараа явагдаж тухай бүрийд нь энгийн номхон иргэд амиа алдсаар байгаа. BBC-гийн Кабул дахь сурвалжлагч Квентин Соммервил “НАТО болон америкийн цэргүүд баттай эх сурвалжаар хөдлөлгүй, сэжиг бүхий, зэвсэгт дайчид байгаа байж магадгүй хэмээн бодит бус мэдээллээс шалтгаалан иймэрхүү цэргийн ажиллагааг хийсээр байна. Харамсалтай нь тэнд энгийн иргэд ихээрээ оршин суудаг байсан ч хамаагүй агаарын цохилтыг нүд цавчихгүй хийж байна” хэмээн харуусан мэдээлжээ.

Он гарсаар энгийн иргэдийн аминд ихээр хүрсэн тусгай ажиллагаанууд ойр ойрхон явагдсаар байгаа бөгөөд орчин үеийн партизаны дайнд бэлтгэгдсэн америкийн армийн мэргэжилтнүүд хүртэл Афганистанаас залхаж байгаа талаар олон улсын ажиглагчид өгүүлж байна. Үнэхээр Афганистаны байдал Иракаас ч дор байгаа. Бодит бус мэдээлэл, таамаглалын үр дүнд хийсэн бүтэлгүй цэргийн ажиллагаануудын хариуцлагыг хүлээх эзэн алга. Афганистаны хаа сайгүй хийж буй талибуудтай  эсрэг тулаанд энгийн иргэд л ихээр үрэгдсээр. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай тухай бүр уурсаж цухалдсан, аргаа барсан мэдэгдлүүд хийж НАТО-гоос хариуцлагаа хүлээж гэм буруутныг шийтгэх талаар шаардлага тавих боловч нөгөөдүүл нь хүлцэл өчих төдийгөөр л өнгөрдөг болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама долдугаар сараас Афганистанаас цэргээ татахаар амлаад байсан. Одоогийн байдлаар АНУ-ын 100 мянга гаруй цэргийн албан хаагч Афганистанд буй. Долоон сар хэдийнэ болж Хамид Карзай Обамагаас цэргээ гаргах тал дээр амлалтаа анхаарна уу гэж хүссэн боловч Пентагон хариуд нь цэргээ татаж эхэлнэ оронд нь дээд зэргээр бэлтгэгдсэн тусгай хүчнийхнийг бусад бүс нутгуудаас Афган руу төвлөрүүлэн татаж солилцоо маягаар цэргээ багасгана хэмээн мэдэгдээд амыг ньтаглаж орхисон билээ. Саяхан Пентагоны тэргүүн Роберт Гейтс Америк болон түүний холбоотнууд Афганы кампанит ажилд эргэлт гаргах цаг нь ойртсон, Талибан хөдөлгөөний эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь тэднийг олон жил хянаж байсан нутгаас нь шахлаа хэмээн мэдэгдэж байсан. Мөн эвслийн хүчин чөлөөлөгдсөн нутгийнхаа хяналтыг алдахгүй бол 2011 оны сүүлч гэхэд дайн төгсгөл шатандаа орно хэмээн Гейтс хэлжээ.

Харин ажиглагчид энэ байдлаар бол 2011 оны сүүлч гэхэд Афганы дайн дуусахгүй, зогсолтгүй урссаар байгаа энгийн номхон иргэдийн цус афганчуудыг гадаадынхныг ялангуяа америкчуудыг улам бүр үзэн ядуулж эцэст нь хоёр дахь Вьетнам болж америкчууд энэ дайнд ялагдал хүлээнэ, Хамид Карзайн засгийн газар ч унана хэмээн хатуухан шинжиж байна. Саяхан судлаачид сүүлийн арван жилд америкчуудын өөр улсын нутаг дэвсгэрт явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд нийтдээ 225,000 хүн амь үрэгдээд буйг мэдээлсэн юм.

2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш АНУ-аас Ирак, Пакистан, Афганистаны нутаг дэвсгэрт явуулсан цэргийн ажиллагаанд тоо баримт түшиглэн нарийн шинжилгээ хийсний эцэст энэ тоо гарчээ. Харин 245,000 амь үрэгдсэн хүмүүсийн дотор дийлэнх нь буюу 172,000 энгийн номхон иргэд байгаа нь судлаачид, сэтгүүлчдийн сэтгэлийг эмзэглүүлсэн юм. Судалгааны үр дүнг олон улсын хүний эрхийн байгууллагуудад явуулсан ч тэд олигтой мэдээлэл хийсэнгүй. Тэдгээр амь үрэгдсэн 172.000 иргэдийн 125.000 нь иракийн иргэд, 25.000 нь афганчууд, сонирхолтой нь АНУ-ын холбоотон Пакистаны иргэд афганчуудаас их буюу 65.000 хэмээн энэ судалгаанд дурдагджээ. Гэтэл дайтагч талууд буюу АНУ-ын армиас 6000, түүний холбоотнуудын цэргээс 1200, иракийн цэргээс 9900, Пакистаны армиас 3500, афганистаны засгийн газрын армиас 8800 цэрэг амиа алдсан бол зэвсэгт дайчдаас 50.000 гаруй нь үрэгджээ.

Дайныг шүүмжилдэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тоо баримт дээр түшиглэн Америкчуудын хийж буй дайн нь энгийн номхон иргэдийн эсрэг бүүр хатуухан хэлбэл лал шүтлэгтний эсрэг хийж буй загалмайтны дайн болж хувираад байгааг бичсээр байна. Харин сүүлийн 20 жилд Америкчуудын дэгдээсэн дайнд 168 сэтгүүлч, 200 гаруй хүмүүнлэгийн ажилтнууд амиа алджээ.

О.Нар


URL:

Сэтгэгдэл бичих