Хот дотор оюутны виза карт үйлчлэхгүй гэнэ үү

оюутны виза картӨвлийн эхэн сар гарч хүйтний эрч чангарсан энэ үед нийтийн тээврийн том оврын автобус хамгийн эрэлттэй байдаг. Нийслэл хотын хэмжээнд нийтийн тээврийн24 аж ахуйн нэгжийн 1100 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй аж. Тэдгээрийн980 орчим нь тээврийн хэрэгсэл өнөөдрийн байдлаар иргэдэд үйлчилдэг юм байна. Эдгээр тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй зорчигчдын талаас илүү хувь нь оюутнууд. Гэтэл хөнгөлөлттэй буюу смарт картаар үйлчлүүдэг оюутнуудыг нийтийн тээврийнхэн ад үзсээр байгаа аж. Учир нь ажил, сургууль тарах үеэр зарим нэг том оврын автобуснууд хот дотор смарт карттай оюутнуудад үйлчлэхгүй гээд суулгадаггүй байна. Хоёр хоногийн өмнө ажлаа тараад бидний хэлж заншсан МУБИС-ийн автобусны буудал дээр унаа хүлээж зогстол Налайх-МУБИС- Баруун дөрвөн зам чиглэлийн автобус ирлээ. Түүнд суутал тасалбар түгээгч нь“Хот дотор оюутны смарт карт үйлчлэхгүй шүү. Цааш нь Баянзүрхийн товчоо, Хонхор, Зоорь, Налайх орох смарт карттай оюутнуудад үйлчилнэ. Нэмэлт мөнгөө төлж суугаарай” гээд зарим оюутнуудыг суулгасангүй.

Үүнд дургүйцсэн оюутнууд бухимдалтайгаар“Яагаад ингэж байгаа юм бэ. Өдөр нь зүгээр явдаг. Гэтэл ажил, сургууль тарах үеэр ингэж ялгаж үзэх нь ямар учиртай юм” хэмээн асуухад тасалбар түгээгч хээвнэг“Энэ үеэр хүн ихтэй байхад хаа байсан Налайх хүртэл оюутнуудыг үнэгүй суулгах юм уу. Үлдсэн хүмүүс нь яах болж байна. Хар өвлийн хүйтэнд иргэдэд адилхан л хандах хэрэгтэй шүү дээ” хэмээн өөрсдийгөө өмөөрч уцаарлангуй хэлэх нь дуулдав. Үнэхээр хүнийг ялгахгүй адилхан хандаж байгаа бол хүйтэн өвөл үнэгүй зорчдог гэх шалтгаанаар смарт карттай оюутнуудыг ялгаж үзэх нь хэр зохистой юм бол. Уг нь нийтийн тээврийн хөнгөлөлт эдлэх журамд зааснаар бол оюутнууд ажлын өдөр өглөө 07:00-22:00 цаг хүртэл зорчино гэсэн байдаг. Гэтэл18:00 цаг болов уу үгүй юу ийнхүү хязгаар тогтоож эхэлжээ. Мөн бусдыг бодох нэрийдлээр өөрсдийнхөө орлого, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж буй нь хэр шударга үйлдэл вэ. Учир нь, нийслэлийн Нийтийн тээврийн газраас жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөж өгдөг атал ашиг харж ажиллаж байгаад холбогдох албаныхан анхаараасай.

 

Д.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих