Хуучин нийгмийг халсан ч хөдөлмөрийн мөлжлөг оршсоор л

1541973_316045515239395_316043061906307_31590_2215_bМанай улсад ардчилсан шинэчлэлийн үйл явц эхлэхээс өмнө оршин тогтнож байсан нийгэм, эдийн засгийн тогтолцоо ард иргэдийг зайлшгүй хөдөлмөрлөх хуульзүйн нөхцөлийг бий болгож, улмаар албадан болон заавал хийх хөдөлмөрийн тогтолцоо хэрэглэгдэж байв. Тухайн үед хөдөлмөрлөх үүргээ үл биелүүлэгсэдтэй тооцох хариуцлагыг хуульчилж оюутан, хугацаат цэргийн албан хаагчид, хоригдлуудыг байнгын хямд ажиллах хүч болгон ашиглах, орон нутагт ажиллуулахаар шууд хуваарилах, томилох, нам, залуучуудын байгууллагын илгээлт, үүрэг даалгавар өгч ажиллуулах зэргээр ажиллах хүчний зохистой байршилт, хуваарилалтын асуудлыг шийддэг байсан. Товчхондоо, энэ нь, хүний хөдөлмөрийг шулж, мөлжиж байсны илрэл. Эл зүй бус, хүний эрхийг хуулийн заалтаар хязгаарлаж, хазаарлаж байсан хөдөлмөрийн мөлжлөгийг хуучин бүхэнтэй нь халж чадсан ч эрх чөлөөт нийгэмд ч энэ байдал үгүй болсонгүй. Энэ бол албадан хөдөлмөр эрхлэлт. 1992 онд батлагдсан үндсэн хуульд “Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж үл болно” хэмээн тунхагласан ч хууль гууль болж хөдөлмөрийн мөлжлөг оршсоор л…

Ажил хийвэл ам тосдоно, албадан хөдөлмөрлүүлбэл түрийвч түнтийнэ
Албадан хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоохоор дэлхийн дийлэнх улс орон “Олон улсын хөдөлмөрийн байгууллага”-ын “Албадан ба заавал хийх хөдөлмөрийн тухай” конвенцид нэгдэн орсон байдаг. Монгол Улсын Засгийн газар ч ОУХБ-ын гурван ч конвенцид нэгдэж хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг хуульзүйн систем бүрдүүлсэн. Гэвч гээндээ ч тэр үү гоондоо ч тэр үү албан тушаал, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан албадан хөдөлмөр эрхлэлт нийгмийн бүхий л салбар нэгжид “үйлчилсээр” байна. Тэр дундаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу хорих ангиуд, цэргийн анги нэгтгэлд эл үзэгдэл элбэг тохиолдоно. Бидний өвөг дээдэс “Ажил хийвэл ам тосдоно” хэмээн өвчүү түшсэн хүүхдийг ч гар цайлгадаг “гар султай” улс. Угтаа, ажлаа хийсэн бол авах ёстойгоо хүртэнэ гэсэн утгыг илэрхийлнэ. Гэвч чөлөөт зах зээлийн нийгэмд үнэгүй юманд “нугасгүй” хүн олширсноос өнөөх өвчүү түшсэн хүнээ аяганы амсар ч зуулгалгүй ажил хөдөлмөрийнх нь үр шимийг хүртэхийг хөдөлмөрийн мөлжлөг буюу албадан хөдөлмөр эрхлэлт гэнэ. Удирдах албан тушаалтнууд уг ажилд гаргуун улс. Тэр дундаа, цэргийн өндөр албан тушаалтан, хорих ангийн албан хаагчид.
Зам засна хоригдлууд, шорон барина, хоригдлууд. Хог цэвэрлэнэ, хоригдлууд. Хоригдлуудгүй ажил ховор болсон өнөө үед хүний эрх, хөдөлмөр эрхлэлтийн эрх тэгш байдал гэсэн ойлголт үгүй болсон гэлтэй. Ургац хураана, цэргүүд. Ой хамгаална, цэргүүд. Нүүрс түгээнэ, цэргүүд. Мөн л дарга нарын тушаалаар муу бүхэнд нохойд барьдаг мод шиг дайчлагддаг нь цэргүүд. Угтаа, засран хүмүүжигч, цэрэг байна уу хуулиар олгогдсон эрхээ эдлэх нь зүйн хэрэг. Тэднийг албадан ажиллуулах тухай эрхзүйн зохицуулалт хийх салбарын хууль, тогтоомж байвч үйлчлэхээсээ үйлчлэхгүй нь их. Дээрх хүмүүс албадан хөдөлмөр эрхлэлтийн тухай ойлголт, мэдлэг муутайгаас эрхээ эдлэх, хүслээрээ хөдөлмөрлөх эсэхээ шийдэх эрхтэй гэдгээ төдийлэн мэддэггүй.

Хүн биш цэрэг

“Хэн бэ” гэхэд “Хүн биш ээ цэрэг байна” гэдэг онигоог олонтаа сонсч байсан биз. Нэгэн үе нийгэмд ийм ойлголт байсныг үгүйсгэх хүн үгүй болов уу. Муу л бол баруун хойд овоохой гэгчээр сав л хийвэл хугацаат цэргийн албан хаагчдыг хүчээр ажиллуулж, хөдөлмөрийг нь шулж мөлждөг байсан. Тухайн цэргийн албан хаагч анги нэгтгэл цаашилбал төрийн байгууллага, яам тамгын газрын үүрэгт ажилд гар бие оролцохыг өөрийн хүслээр шийдэх эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хийсэн ажлынхаа цалин хөлсийг ч хүртэх эрхтэй. Цэргийн үүрэгт ажлаас бусад хэлбэрийн ажилд хэн нэгний шахалт шаардлага, тушаалын дагуу оролцох нь албадан хөдөлмөр эрхлэлт юм. Нэг дарга нь хэдэн цэрэг дайчлан хувийн ажил албаа гүйцэтгэх тохиолдол цөөнгүй. Дэд ахлагчаас аваад дэслэгч гээд “хурган дарга” нараас хурандаа, генерал хүртэл эх орны энхтайвныг сахин хамгаалах “ажил”-тай цэргийн албан хаагчдыг дайчлан барилга байшин бариулах гэх мэтээр хувийн ашиг сонирхлын ажил үүрэг гүйцэтгүүлэх нь элбэг. 48 цагийн чөлөөгөөр шагнасныгаа хөдөлмөрийг нь үнэлж буй мэтээр сэтгэх нь элбэг.
Хотод байрладаг цэргийн ангийн удирдах албан тушаалтан дөрвөн цэрэг дагуулан жорлонгийнхоо нүхийг ухуулж улмаар дараагийн ээлжинд хороо цэргээр хоёр давхар хаусаа сар хүрэхгүй хугацаанд бариулж байсан тухай нэгэн танил маань ярьж билээ. Тэдгээр цэргүүд, даргын тушаал хууль гэсэн ойлголтоор хүний гар, хөлийн үзүүрт зарагдаж буйгаа мэддэггүй. Угтаа тэднийг хамгаалах хууль, төрийн үйлчилгээний байгууллага байдаг гэдгийг ч мэдэхгүй. Энэ тухай танхимаар олгосон ойлголт ч гэж үгүй. Тийм ч учраас хүн биш цэрэг хэмээн хөдөлмөрийг нь мөлждөг байдал гаарсаар л байна.

Хоригдол бол хорогдол

ШШГГ буюу хорих ангиудад ч албадан хөдөлмөр эрхлэлт элбэг. Тухайн хүмүүжигч хорих ангийн үүрэгт ажилд гар бие оролцсоныхоо төлөө эдлэх ялынхаа хугацаанаас хийсэн ажлынхаа төлөөсөнд хоног тооцуулан хасуулдаг. Хоногийн урамшуулал хэмээх эл ойлголт нь засран хүмүүжигчийн өөрийн хүсэлтээр хийж байгаа ажилд олгож буй засрал, хүмүүжлийн ажлын урамшуулал. Товчхондоо, хуулийн урамшуулал гэж ойлгож болно. Эл урамшуулал нь нэг сар буюу 30 хоног ажилласан тохиолдолд эдлэх ялын хугацаанаас нь гурав хоног хасдаг бөгөөд хоригдлууд ч эл урамшуулалт ажилд хамрагдах хүсэл ихтэй байдаг. Гэвч мөн л дээр дурдсанчлан ажлаа хийсэн бол хөлсөө хүртэх л ёстой. Өөрөөр хэлбэл, урамшуулал бол нэг ёсны хөнгөлөлт болохоор цалин, хөлс биш. Ажилласан хөлсөө албан ёсоор тооцуулж авах нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана. Манай хорих ангиудад ял эдэлж буй засран хүмүүжигчид хийсэн ажил, хөдөлмөрийнхөө хөлсийг авахаасаа авахгүй нь их. Хоригдол бол хоолны сав хэмээн зарим хүн хатуухан хэлдэг. Гэвч хоригдол хоолны сав байхаа болиод удаж байна. Тэднийг бүтээн байгуулалтын шинжтэй хар ажилд зарснаар багагүй хөрөнгө мөнгө хэмнэсэн хорих анги цөөнгүй. Ялаа эдэлсэн засран хүмүүжигч “нарснаас наранд” гарна гэдэг тухайн ШШГГ-ын хувьд нэг ёсны хорогдол юм. Угтаа, хоригдлуудыг төр засаг хооллож ундлаад шальсан юм үгүй. Алдаж эндэж “аав”-ын хаалга татсан нэгэн танилыгаа эргэж очихоор утсаар ярьтал уут гурил, уут будаа, мах захиж байсан нь тухайн үед гайхаш төрүүлж билээ. Хорих ангиудад хоригдлуудыг тав, арваар нэг гал болгон хувааж хоолыг өөрсдөөр нь даалгах нь их. Хэдий эргэлтээр ирж буй ар гэрийнхэндээ мах шөлний юм захиж амттай сайхан хоол хийж иддэг ч  тэднийг хооллох төсөв мөнгийг төр гаргадаг нь нэг юм хэлээд байгаа хэрэг. Хоолоо өөрсдөө олж хар ажлын боол болж буй хоригдлууд хорогдол болсоор удаж байна.
assa.mn

Гэрээний аргаар хийгдсэн хөдөлмөрийн “мөлжлөг”

Төрийн үндсэн үүргүүдийн нэг нь иргэнээ хамгаалах явдал бөгөөд тэднийгээ Төр хуулийн хамгаалалтанд байлгах учиртай. Харин хэн нэгэн тэрхүү хуулийн хязгаарлалтыг зөрчих аваас хуулийн дагуу зохих хариуцлага хүлээнэ. Тиймдээ ч Төр улс нийгмийнхээ бүхий л харилцааг урьдчилан харж, түүнийг нь хуулчилж, түүнийгээ бүх нийтээр даган мөрдүүлдэг.

Гэсэн хэдий боловч өнөөгийн манай нийгэмд ямар нэгэн байдлаар Төрөөс тогтоосон тэрхүү хуулийн үйлчлэлийг сулруулах, идэвхгүй болгох зэрэг хуулийг хэрэгжүүлэхгүй байх олон олон тохиолдол гарах болжээ. Харин энэ бүхний эцэст Монгол улсын иргэн хүн л хамгийн ихээр хохирч, хэн нэгэн эрхтэн дархтан хийгээд хөрөнгө мөнгөтний “мөлжлөгө”-д өртсөөр байна.

Жишээлбэл сүүлийн үед олны анхаарлыг татах болсон “Капитал” банкны асуудал. “Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийн дор байрны зээл өгсөн явдал нь сүүлдээ луйврын буюу гэмт хэргийн шинжтэй байж болох” талаар шуугицгааж байгаа. Гэхдээ энэ удаад энэ асуудлыг түр орхиод, тус банк “гэрээний” аргаар хэрхэн ажилчдынхаа хөдөлмөрийг мөлжиж байгаа болон Монгол улсын хуулийг зөрчиж байсан талаар.

Харин ингэхийн тулд тэдний ажилчидтайгаа байгуулсан “хөдөлмөрийн гэрээ”-ний хэд хэдэн заалтыг онцлоход л хангалттай. Хөдөлмөрийн гэрээний 2.1-т “Шинээр ажилд орсон эмэгтэй ажилтан 2-3 жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлийг нарийн тоцоолсон байх хийгээд ажлын зайлшгүй шаардлага, ажлын байрны онцлогоос шалтгаалан энэ хугацаанд нэг сараас дээш урт хугацааны чөлөө, амралт авахгүй үүрэгтэй” гээд заачихсан.

Мөн хөдөлмөрийн гэрээний 2.4-т “энэхүү гэрээний 2.1-т заасан/2-3 жил/ хугацаанаас өмнө ажилтан хүндэтгэн үзэх бус шалтгаанаар болон өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд тухайн хугацааны буюу нэг жилийн үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ажил олгогчид эргүүлэн төлнө” гэх зэргээр Монгол улсын Үндсэн хууль болоод Хөдөлмөрийн тухай хууль бусад хуулиудыг онц ноцтойгоор зөрчсөн зүйл заалтуудыг оруулж, ажилтнуудаа эрх, эрх чөлөөг хязгаарлаж орхижээ.

Үндсэндээ дээрх заалтуудтай холбоотойгоор тухайн ажилтан өвдөж зовох, хүүхэд төрүүлэх ч эрхгүй бөгөөд энэ бүний цаана ямар их дарамт шахалт, хууль бус нуугдаж болохыг үгүйсгэхгүй аж. Тиймээс гэрээнд заасан хугацаанаасаа өмнө хэн нэгэн ажлаасаа гарах болсон тохиолдолд ихээхэн хэмжээний торгууль төлөх, даварсан зохицуулалттай.

Манай улс Ардчилал, зах зээлийн замаар замнаад хорь гаран жилийг үдлээ. Тиймээс эдгээрийн нөлөөллөөр бидний сэтгэлгээнд шударгаар ажиллах аваас боломжийн амьдрах бүхий нөхцөл боломж бүрдсэн гэдэгт итгэдэг. Гэтэл өнөөгийн нийгэмд Төрийн хуулийг уландаа гишгэлсэн, ард иргэдээ эдийн засгийн замаар хөдөлмөрийг нь “мөлжих” явдал энэ мэтээр элбэгших болов.

Харин энэ бүхэн нь төдийгөөс өдий хүртэл хууль хяналтынханы нүднээс далд, чихнээс гадуур явсаар ирсэн бүр ч их хачирхалтай. undesten.mn

Хүн худалдаалах хэрэг анх бэлгийн мөлжлөг хэлбрээр илэрсэн бол одоо хөдөлмөрийн мөлжлөг болон хувирчээ

Циркийн болон урлагийнханыг гадаадад аваачиж хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, циркээр явуулна хэмээн хүүхдүүдийг олноор гадагшаа гаргаж мөнгө хөлс өгөхгүйгээр хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг. Энэ хэрэг сүүлийн жилүүдэд ч түлхүү гараад байгаа сурагтай.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад
“Ерөнхийдөө иргэдэд бизнесийн болон ямарваа нэг санал гадны байгууллагаас чөлөөтэй ирдэг.  Тухайлбал, өөр улсад очиж өндөр цалинтай ажил хийх үү, гадаадын сургуулиудад суралцах уу гэх мэтээр саналууд ирдэг. Тэгвэл иргэд  ийм төрлийн саналд анхааралтай хандах хэрэгтэй. Ер нь ямаршуу хүн, ямар туршлагатай байгууллага энэ саналыг явуулсан юм. Би ямар байгууллагад хандаад байгаа гэдгээ хянах хэрэгтэй. Хэрвээ иргэн өөрөө хүсвэл цагдаагийн байгууллагад ирээд тухайн байгууллага хувь хүнийг шалгуулах ч бүрэн эрхтэй шүү дээ. Манай иргэдийн дунд түгээмэл алдаа байдаг. Тодруулбал, Монгол Улсаас өөр оронд өндөр цалинтай л гэсэн бол ямар ч хамаагүй арга хэрэглэж байж гарахыг боддог. Хууль бусаар визийг нь бүрдүүлж, өөрсдөө гэмт хэрэгт өртөх боломжийг хангачихаад байдаг. Үүн дээр хуулийн байгууллага урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг нэлээдгүй явуулж байна. Ингэснээр ийм төрлийн хэрэгт хохирсон иргэд харьцангуй багассан. Цаашид иргэд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зайлшгүй шаардлагатай.

Хүн худалдаалах хэрэг маань анх манай улсад бүртгэгдэж байхдаа бэлгийн мөлжлөг хэлбрээр илэрдэг байсан бол одоо хөдөлмөрийн мөлжлөг хэлбэр рүү болчихлоо. Энд хохирч байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байгаа. Тэр дундаа 12-14 настай хүүхдүүдийг циркийн үзүүлбэрт оролцуулах нэрийдлээр гадаад улсад аваачиж хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байсан хэргийг бид илрүүлсэн. Улмаар тухайн хүүхдүүдийг эх оронд нь авчирж хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн цагдаагийн байгууллага дангаараа ГХЯ, төрийн бус байгууллагуудтай хамтраад гадаад орнуудад эрх нь зөрчигдсөн хууль эрхзүйн туслалцаа авах шаардлагатай болсон 18 иргэнийг Монгол Улсад аюулгүй авчирсан байгаа” гэв.                                                                                                             tsag.mn

Хүн худалдаалах хэрэг анх бэлгийн мөлжлөг хэлбрээр илэрсэн бол одоо хөдөлмөрийн мөлжлөг болон хувирчээ


URL:

Сэтгэгдэл бичих