Нэг дүгээр эмнэлэг нойр булчирхайн хагалгаа хийдэг боллоо

57992

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран, Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгаснаас хойш өдгөө 16 хүнд амьдрал бэлэглээд буй. Хоёр эмнэлгийн удирдлагууд хамтын ажиллагааныхаа үр дүнг сайн байгаа гэж үзээд, элэг шилжүүлэн суулгахаас гадна бусад салбарт хамтарч ажиллах талаар санал солилцжээ. Манайхан “Асан” эмнэлгийнхэнтэй хамтран ажиллаж, эмчилгээнийх нь шинэ арга, технологийг эх орондоо нутагшуулж чадсан. Цаашид элэг шилжүүлэн суулгах хагалгааг бие даан хийж чадахаар болсон гэж өөрсдийг өө дүгнэж байгаа. Тиймээс хоёр эмнэлгийн эмч нар хамтран, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийхээр тохиролцжээ. Тэд өдгөө хагалгааны дараах эмчилгээг хэрхэн нутагшуулах талаар судалж буй аж.

Нойр булчирхай нь хоол боловсруулах системийн эрхтэн ч өөр олон үйл ажиллагааг дэмждэг. Ходоод, 12 нугалаа гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрладаг уг эрхтэн уртаараа 16-18, өргөнөөрөө 2.4-2.6 см. Архи, дарс хэтрүүлэн хэрэглэх, амьдралын буруу хэвшил болон удаан хугацаагаар өлсөх, гэнэт их хэмжээгээр идэх, өөх тостой, шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг байна. Энэ нь архагшиж хүндэрвэл зургаахан сарын дотор үхэлд хүргэдэг аюултай аж. Тэгэхээр Монголд ийм хагалгаа хийдэг болчихвол эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хилийн дээс алхах хүний тоо нэлээд хэдээр цөөрөх нь.

Энэ талаар БНСУ-ын Сөүл хотын Асан эмнэлгийн Гадаад харилцааны дарга Чүэ Дэ Ёонг ярихдаа “Нэгдүгээр эмнэлэг болон манай “Асан” эмнэлгийн хоорондын харилцаа маш удаан үргэлжилсэн. Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах процесс маань амжилттай болж байна. Одоо ганцхан элэг шилжүүлэн суулгах биш нойр булчирхай болон бусад салбар луу хүрээгээ тэлж өргөсгөнө” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих