Газар өмчлөлийн бүртгэл ирэх нэгдүгээр сард эхэлнэ

 газарИргэдэд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын хоёрдугаар ээлжийн байршлуудыг зарласан билээ.  Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын  газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

 -Хоёрдугаар ээлжийн байршлын цахим бүртгэл хэзээ эхлэх гэж байна. Иргэдийн дунд багагүй хүлээлт байх шиг байна?

-Ирэх нэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөөд байна. Бүртгэлийн ажил өмнөх ээлжийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан түүнтэй адил болно. Бүртгэл 14 хоногийн туршид явагдсаны дараа шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулах ажиллагаа цахим түүврийн аргаар буюу хүний оролцоогүйгээр явагддаг тул шударгаар болж байгаа гэдгийг дахин хэлмээр байна.

-Энэ удаа нийт хэдэн иргэнд газар өмчлүүлэх вэ?

- Одоогоор өмнөх байршлуудад 12000 гаруй иргэн газар өмчлөх эрхээ баталгаажуулаад байна. Энэ удаа таван дүүргийн таван байршилд газар өмчлүүлнэ. Мөн өмнөх байршлуудаас сонгогдсон иргэд нь эрхээ баталгаажуулаагүйн улмаас үлдсэн гурван байршлын тодорхой тооны газрууд багтаж байгаа юм. Түүнтэй нийлээд  15 мянга гаруй иргэнд газар өмчлүүлнэ.

-Өмнөх бүртгэл дээр цахим систем гацах зэрэг хүндрэл гарч байсан. Энэ удаа яах бол?

- Өмнөх бүртгэлийн үед бүртгэх ажиллагаа эхлэнгүүт давхардсан тоогоор дөрвөн сая гаруй хандалт хийсэн байдаг. Серверийн хүчин чадал хүрэхгүйн улмаас эхний хоёр өдөр гацах тохиолдол гарч байсан. Бид тухайн үед нь уртасгасан цагаар ажиллан серверийг өргөтгөж байлаа. Шинэ байршилд бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан серверээ дахин өргөтгөснөөр нэгэн зэрэг хоёр сая шахуу хүн хандах хүчин чадалтай болсон. Тиймээс бүртгэлийн явцад систем гацах тохиолдол гарахгүй.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих